Газрын тосны хямрал бүх таваарын хямрал болж эхэллээ
АНУ, Израиль хамтран Иран улс руу халдан довтолсноос нэг сарын дараа газрын тосны нийлүүлэлтийн дутагдал нь бараг бүхий л зүйлийн хомсдол болон хувирч эхэллээ.
Ойрхи Дорнодын эл хямрал нь Ормузын хоолойгоор дамждаг түүхий газрын тос, байгалийн хийн тээвэрлэлтийг хязгаарласнаар дэлхий даяар нийлүүлэлтийн тавны нэг нь “үгүй болов”. Энэхүү тасалдал нь зөвхөн шатахууны үнийг огцом өсгөөд зогсохгүй гутал, хувцас, гялгар уут зэрэг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шаардлагатай нефть-химийн түүхий эдийн нийлүүлэлтийг ч хумиж байна. Үр дүнд нь хуванцар, резин, полистер зэрэг түүхий эдийн үнэ өссөнөөр олон төрлийн барааны үнэд нөлөөлж эхэллээ. Дэлхийн нийт үйлдвэрлэлийн талаас илүү хувь төвлөрсөн, газрын тос болон бусад таваарын импортоос ихээхэн хамааралтай Ази тивд энэхүү нөлөө хамгийн тод ажиглагдаж байна.
Иргэд нь гялгар уутыг их хэмжээгээр худалдаж авах болсны дараа БНСУ-ын Засгийн газар дахин ашиглаж болох зүйлсийн хэрэглээг эрс бууруулахыг арга хэмжээ зохион байгуулагчдад уриалжээ. Тайваньд хуванцрын нөөцгүй болсон үйлдвэрлэгчдэд зориулсан тусгай дугаар ажиллуулж эхэлсэн бол вакуум савлагааны уут олдохгүй байгаа учраас үнээ нэмж магадгүй хэмээн цагаан будааны тариаланчид анхааруулсан байна. Харин Японд бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүд гемодиализ эмчилгээнд ашигладаг хуванцар гуурс хомсдсоноос шалтгаалан эмчилгээ хийлгэж чадахгүй болох вий гэсэн айдаст автаад байна. Нефтийн дайвар бүтээгдэхүүний хомсдол нь эмнэлгийн бээлийний нийлүүлэлтэд заналхийлж байгааг Малайзийн бээлий үйлдвэрлэгчид анхааруулжээ.
“Энэ нөлөө маш хурдтайгаар шар айраг, гоймон, чипс, тоглоом, гоо сайхны бүтээгдэхүүн гээд бүх салбарт тархаж байна” хэмээн Dezan Shira & Associates зөвлөх компанийн бизнесийн шинжилгээ хариуцсан захирал Дэн Мартин онцолсон. Учир нь хуванцар таг, хайрцаг, хүнсний уут, сав баглаа боодол олдоц муутай болж байна. Мөн нефтийн гаралтай бүтээгдэхүүнүүд нь гутал, тавилгын цавуу, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тосолгоо, будаг болон цэвэрлэгээний уусгагч бодис үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байдаг.
“Газрын тос болон тээвэрлэлтийн доголдлын нөлөө нь нефть-химийн бүтээгдэхүүн, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд маш хурдан тархдаг” гэж тэр нэмж хэлэв.
Түүхий эд, үйлдвэрлэлийн салбарын энэ түйвээлт нь дэлхийн инфляцад улам их дарамт үүсгэж, эдийн засгийн өсөлтийг сааруулж байна. Эрчим хүч, түүхий эдийн зардал нэмэгдсэнээр үйлдвэрлэгчдийн ашигт ажиллагаа буурч, хэрэглэгчдэд очих үнийн дарамт нэмэгдэхэд хүргэжээ. Шатахууны үнийн өсөлт нь аялал, логистикийн зардлыг огцом савлуулж байгаа бол Ойрхи Дорнодоос нийлүүлэгддэг бордоо, гелий зэрэг материалын хомсдол нь хүнс, цахилгаан барааны үнийг цаашид өсгөх эрсдэлтэй.
“Олон орны эдийн засаг цохилтыг шингээх боломж хязгаарлагдмал үед ийм олон талт нөлөөлөл тохиож байна. Дайн дэлхийн эдийн засагт янз бүрээр нөлөөлж болох ч эцсийн үр дүн нь өндөр үнэ, удааширсан өсөлт рүү хөтөлж байна” хэмээн Олон Улсын Валютын сангийн тайланд тэмдэглэжээ.
Улс орнууд дайны нөлөөг сааруулахын тулд түүхэнд байгаагүй их хэмжээгээр газрын тосны нөөцөө ашиглаж эхлэв. Гэвч нийлүүлэлтийн хямралын гол шалтгаан нь нефтийн дайвар бүтээгдэхүүн буюу синтетик материалын үндсэн түүхий эд болох нафтын хомсдол юм. Уг түүхий эдийн нөөц харьцангуй бага бөгөөд түүнийг орлох өөр түүхий эд бараг байхгүй.

Үнийн өсөлтийн гинжин нөлөө
Азийн зарим нефть-химийн компаниуд (түүхий эдийн талаас илүүг Ойрхи Дорнодоос авдаг) түүхий эдийн хомсдолоос шалтгаалж үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах, эсвэл онцгой байдал зарлахад хүрээд байна. Оросын зарим нефтийн бүтээгдэхүүнд тавьсан хоригоо АНУ түр сулруулсныг ашиглан БНСУ Ойрхи Дорнодын дайнаас хойш анх удаа ОХУ-аас нафта импортолжээ. Мөн дотоодын нийлүүлэлтээ хамгаалах үүднээс нафта экспортлохыг хориглосон байна.
Үйлдвэрлэгчид түүхий эдийн нөөц бүрдүүлэхийн төлөө өрсөлдөх тусам хуванцар болон түүнийг агуулсан бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Таваарын зах зээлийн мэдээлэл түгээдэг ICIS платформын мэдээлснээр Азид хуванцар давирхайн үнэ хоёрдугаар сарын сүүлээс хойш 59 хүртэл хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрчээ.
Тайландын сав баглаа боодлын нэг томоохон компани ресторан, хоолны газруудад өргөн хэрэглэгддэг гялгар уутны үнээ 10 хувиар нэмсэн байна. Харин Энэтхэгт савласан усны үнэ өсөж, хуванцар савны тагны үнэ дайнаас хойш дөрөв дахин нэмэгдсэн. БНСУ-ын хамгийн том бэлэн гоймон үйлдвэрлэгч Nongshim компанийн сав баглаа боодлын нийлүүлэгчид нь ердөө нэг сарын нөөцтэй үлдээд байгаа аж. Түүнчлэн АНУ-ын фермерүүд бордоонд илүү их үнэ төлж эхэлсэн бол Энэтхэгийн бэлгэвч үйлдвэрлэгч компаниуд сав баглаа боодол, силикон тос, аммиакийн хомсдолд орж байгаа тухайгаа мэдээлсэн байна.
Эх сурвалж: The Economist
