Гар даллаад хэн ч зогсохгүй

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ удаагийн мэдээлээр нийслэлчүүд нэг сарын дараа таксины үнэ эхний км-т 1500 төгрөг дараагийн км-ээс 1000 төгрөгөөр тооцохоор болж байгаа талаар мэдээлсэн юм. Үүний гол шалтгаан нь такси компаниуд эдийн засгийн чадавхиа алдаж тэр хэрээр үйлчилгээ муудаж байгаатай холбоотай ажээ. Үнээ нэмснээр такси компаниудыг стандартын шаардлага хангасан үйлчилгээг үзүүлэх, хувийн такси үйлчилгээнээс ялгарах тэмдэг тэмдэглэгээтэй байхыг шаардаж байгаа бөгөөд ингэснээр хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг “шахах” гэнэ. ШӨХТГ-ын газрын мэрэгжилтнүүдийн үзэж байгаагаар хувиараа таксинд явдаг иргэд татвар төлдөггүй. Хэрвээ иргэд таксинд явах сонирхолтой бол тодорхой дүрэм, журмын дагуу ямар нэг такси үйлчилгээ үзүүлдэг компанид бүртгүүлэн ажиллах боломжтой гэнэ. ШӨХТГ-ын дарга О.Магнай “Энэ шийдвэр иргэдэд таалагдахгүй нь мэдээж. Гэвч 2-3 жилийн дараа талархан хүлээн авах болно. Хувийн такси үйлчилгээнээс болж энэ онд гэхэд таван хүн амиа алдсан. Мөн хичнээн хүн хохирч үлдэж байгааг хэлэх боломжгүй. Өнөөдрийн авч буй арга хэмжээ бол такси үйлчилгээ сайжруулах томоохон алхам болно. Монголоос өөр дэлхийн хаана ч хүссэн газраасаа гар даллаад такси барьдаг газар байхгүй. Тиймээс энэ нь нэг талаар соёл нөгөө талаар хариуцлагын асуудал” гэв.

Тиймээс иргэд сарын дараа гэхэд таксины зогсоолоос эсвэл дуудлагаар л такси үйлчилгээ авах боломжтой болох ажээ. Уг шийдвэртэй холбоотой “Гудамж” төслийн хүрээнд энэ жил 12 такси зогсоол барих төлөвлөгөө гарсан бөгөөд есөн зогсоол нь энэ жилд ашиглалтад орохоор төлөвлөгджээ.