Германы компанийн нийгмийн хариуцлагын туршлагатай танилцлаа

ГОУХАН-ийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрөөс зохион байгуулсан Германы компаниудын нийгмийн хариуцлагын хэрэгжилттэй танилцах аялал амжилттай өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын 12 төлөөлөл оролцсон бөгөөд “Mongolian Economy” сэтгүүлээс сурвалжлах хэсэг хамтарч ажилласан билээ.

Компанийн нийгмийн хариуцлагын туршлага судлах аян Германы Парламент Бундестаг болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гараагаа эхэлсэн нь учиртай. Компанийн нийгмийн хариуцлагын үйл явцыг улс төрийн зүгээс дэмждэгийн илэрхийлэл нь “Герман дахь КНХ” нэртэй үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө юм. Тус төлөвлөгөөг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гардан хэрэгжүүлдэг аж. Үүнд хариуцлагаа ухамсарласан аж ахуйн нэгжийг урамшуулах, Германы эдийн засгийн цөм болсон жижиг, дунд үйлдвэрлэл, түүнчлэн төрийн удирдлага болон бизнест КНХ-ыг хэрэгжүүлэх үйл явцыг сайжруулах стратегийн чиглэлүүдийг баримталж байна. Мөн Бундестагийн гишүүн хатагтай Уте Кумпф компаниудад зориулж боловсруулсан КНХ-ын шалгуур үзүүлэлтүүдийг яамд, төрийн байгууллагуудад ч мөн адил биелүүлэх үүрэгтэй гэж илтгэлдээ дурдлаа.

Тогтвортой үйл ажиллагаатай компанийн гол үзүүлэлт:

• Ажиллагсдадаа шударга хандах
• Байгалийн баялгийг арвилан хэмнэж, үр өгөөжтэй зарцуулна
• Хариуцлагатай нийлүүлэлтийн гинжин хэлхээ
• Хүний эрх болон Олон улсын хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын үндсэн нормыг дагах
• Ил тод байдал

КНХ-ын аянаар хариуцлагаа ухамсарласан томоохон компаниуд /эрчим хүчний RWE концерн, төмрийн үйлдвэр Thyssen Krupp, Daimler, Siemens, IBM/, сангууд, Штуттгарт болон Карлсруэ хотын ХАҮТ, Карлсруэ хотын Технологийн институт, Дойче банк, Германы компанийн засаглалын төв дээр очиж КНХ-ын чиглэлийн болон бусад үйл ажиллагаатай нь танилцлаа.

Германы компаниуд нийгмийн хариуцлагаа биелүүлэхдээ тогтвортой хөгжлийн суурь болох нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг хариуцлагатайгаар авч үздэг байна. Мөн КНХ-ыг хэрэгжүүлэх үйл явцад тухайн компаниас гадна иргэний нийгэм, улс төр, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөлөл өргөнөөр оролцдог туршлагатай аж. КНХ-ын аяны дэлгэрэнгүй сурвалжлагыг “Mongolian Economy” сэтгүүлээс уншина уу.