Голын усны бохирдлыг химийн бус аргаар тодорхойлно

Уул, уурхай эрчимтэй хөгжихийн хэрээр голын ай сав бохирдож улмаар иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх явдал газар авч буй өнөө үед БОАЖЯ, НЭМХ, ДЭМБ, Калифорний Берклей Их сургуультай хамтран “Усны цогц шинжилгээ” хоёр өдрийн сургалт зохион байгуулж байна. Өнөөдөр “Био индикатор болон амьдрах орчны шинжилгээгээр гол усны бохирдол доройтлыг хэрхэн тодорхойлох” талаар Калифорнийн Берклей их сургуулийн профессор Винсент Ренш манай улсын усны мэргэжилтнүүдэд хичээл зааж байна. Түүний хичээлийн онцлог нь голын усны эхийг хамгаалах нь чухал төдийгүй усны чанарыг тухайн бүсэд амьдарч буй ан амьтан, ургамалаар мэдэх аргачлал юм. Сургалтын үеэр профессор Винсент Рештэй цөөн хором ярилцлаа.

-Та манай улсын усны чанарын хяналтыг хэрхэн харж байна вэ?

-Би Африк, Зүүн өмнөд Азийн голуудад судалгаа хийх явцдаа хэд хэдэн улсын усны чанарын хяналттай танилцсан. Монгол орны хувьд мэргэжлийн боловсон хүчин нь харьцангуй сайн бэлтгэгдсэн. Харин хууль эрх зүйн орчин, түүнийг хэрэгжүүлэх механизм, арга аргачлал нь жаахан сул юм байна.

-Усны чанарын судалгаан дээр манайд дутагдаж буй зүйл юу байна вэ?

-Гол усны эхийг хамгаалах нь урсгал дагуух ан, амьтдыг хамгаалах, усны доройтол, ширгэлтийг зогсоох, түүнчлэн нутгийн ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах тал дээр нэлээд хойрго байна. Голын эхэнд байгальд дасан зохицсон ихэвчлэн навч, замагаар хооллодог биологийн төрөл зүйлүүд байдаг. Голын эхэн хэсэгт юу болно, бусад хэсэгт ч мөн тэр зүйл нөлөөх болно. Тэгхээр голын эх болон эргэ орчим бол түүний энергийн эх үүсвэр нь юм. Эндээс л жирийн малчин, иргэд химийн нарийн шинжилгээгүйгээр нутгийн усны бохирдлыг ямар түвшинд байгааг дээж авч судалж, тогтоох хэрэгтэй.

Харин иргэд гол, нуурын усаа хэр бохирдолтой буйг нь яаж мэдэх талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн Г.Эрдэнэбаясгалангаас тодруулахад “Бид энэ сарын 18, 19-нд Сэлэнгэ, Орхон аймгаар Винсент Реш багштай явж, голын усны бохирдолыг тодорхойлох аргатай танилцаж ирлээ. Гол, мөрний эхээс зуугаад төрлийн шавж, хорхой шүүлтүүрээр шүүж авч дараа тэдгээр амьтдаа ялгаж үзнэ. Тэдгээр амьтдын хувиар нь, бохирдлын арван зэрэглэлтэй харьцуулж тодорхойлно. Мөн дээрээс нь тэдгээр усны олон нэр төрлийн амьтдын амьдрах орчны арван зэрэглэлтэй харьцуулж тооцно. Дараа нь гарсан дүнгээ лаборатороор шинжлүүлэх боломжтой. Бидний эхний дээжийн дүн ирэх найман сард гарна. Хамгийн чухал нв усны бохирдол зэргийг ямар ч химийн бодисгүйгээр шинжилж, судлах боломжийг энэхүү сургалт бидэнд нээж өглөө”гэлээ.

Дашрамд дурдахад цэнгэг усны Биомониторингийн буюу усны бохирдлыг тооцоолох аргыг 100-аад жилийн өмнө Германы эрдэмтэд нээсэн бөгөөд хүн төрөлхтний амьдралын явцад баяжигдсаар өдгөө манай улсад ирсэн аж.