“Гоо зүйн хэмжээнд тааламжтай” эрчим хүчийг хөгжүүлье
Эрчим хүчний салбарынхан өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр чуулав. Монгол Улсын хамгийн алдагдалтай ажилладаг, өөрчлөлт шинэчлэлт багахан хийгдсэн энэ салбарынхан алдаа оноо, гарц гаргалгаа, цаашдын хөгжлийнхөө талаар хэлэлцлээ. Эрчим хүчний салбар жилд 120 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, цахилгаан станциуд нь хаалгаа барихад хүрээд байгаа нь нууц биш. Гол шалтгаан нь нэгдсэн төлөвлөлт байхгүй, үнэ тарифаа бодит өртөгөөр нэмээгүйтэй холбоотой гэдгийг салбарынхан хэлж байна. Тиймээс олон нийтэд эрчим хүчнийхээ ойлголтыг зөв өгч үнэ тарифыг нэмэх нь хамгийн эхний арга зам гэдгийг тэд онцлов. Түүнчлэн 2001 онд УИХ-аас баталсан Эрчим хүчний тухай хуульд шинэчлэлт хийхийн сацуу, шинжлэх ухааны үндэслэлтэй нэгдсэн судалгаа хийж, аргачлалаа тодорхой болгох хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж байв.
Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн дэд захирал Л.Жамбаа “Хамгийн бага өртгөөр эрчим хүчээ ашиглая, 10 жилийн хугацаанд эрчим хүчний үнэ тарифыг аажмаар өсгөх зэрэг амлалтыг Засгийн газар өгөх боломжтой. Төр дэд бүтцийн бэлэн байдалтай байснаар хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Өнөөдөр ямар зорилго тавих гээд буйгаа тодорхойлох хэрэгтэй. Эрчим хүчний гурван хууль, журам бий. Эдгээр нь хангалттай биш. Шинэ эрчим хүчний тухай хууль гаргах хэрэгтэй. Эрчим хүчний тухай хуулиар эрчим хүчний нөөцтэй холбоотой бүх асуудлыг зохицуулах байтал өөр өөр салбар хариуцдаг учраас замхардаг. Тиймээс бүх зүйлээ нэгтгэх хэрэгтэй байна” гэсэн бол Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газрын дарга Н.Батдорж “Ганцхан үнэ тариф гэхгүйгээр төрийн өмчит компаниудын менежментийг багаар нь солих нь зөв сонголт. Оролцогчдын уялдаа холбоо хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй. Шинэчлэл хийхгүй бол дараагийн хэдэн жилдээ жигдрэхгүй гацах шинжтэй” хэмээв. Энэ мэтчилэн эрчим хүчний салбарт тулгараад байгаа олон сорилт, бэрхшээлийн талаар мэргэжилтнүүд санаа оноогоо хуваалцсан юм.
Тус чуулга уулзалт “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2023” нэртэй. Хэдийгээр Монголын эрчим хүчний салбар уруудаж, тодорхой шийдэл, хөгжил харагдахгүй байгаа ч гэрэл гэгээтэй зүйл бас байна. Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй, боломж дүүрэн учир гаднынхан ихээр сонирхох болж. Тиймээс тус чуулганыг зохион байгуулж олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг салбарынхандаа таниулах, энэ төрлийн эрчим хүчинд хөрөнгө татах боломжийг хайжээ.
Эрчим хүчний гурван хууль, журам бий. Эдгээр нь хангалттай биш. Шинэ эрчим хүчний тухай хууль гаргах хэрэгтэй
Монголын эрчим хүчний салбарын 18 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлдэг. Хэдий бага хувийг эзэлдэг ч олон боломж байгаа нь харагдана. Дэлхий ертөнц нүүрсээр ажилладаг цахилгаан дулааныг халж, байгальд ээлтэй цэвэр технологийн төлөө тэмүүлэх болсон. Үүнийг дагаад сэргээгдэх эрчим хүчний олон ч шинэ технологи гарсаар байгаа юм. Энэ нь “Гоо зүйн хэмжээнд тааламжтай” хэмээн хэлэгдэх болжээ. Тиймээс улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд дэлхийд амлалт өгч үүнийхээ төлөө маш эрчимтэйгээр ажиллаж байна. Үүнд ч манай улс нэгдэж, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулна гээд амлалт өгчихсөн. Олон улсын шинэ эрчим хүчний чуулган чухам үүнд чиглэв. Сэргээгдэх эрчим хүчний олон төсөл Монголд хэрэгжихээр болж зарим нь ажлаа эхэлсэн бол зарим нь судалгааны шатанд явж байгаа юм байна.
Азийн хөгжлийн банк л гэхэд Сэргээгдэх эрчим хүчний халаалтыг дэмжих төслийг хөдөө орон нутагт хэрэгжүүлж эхэлжээ. Хөрсний дулааны насос, нарны дулааны коллектор зэрэг технологи ашиглаж, тэр нь ч амжилттай хэрэгжиж байгаа юм байна. Түүнчлэн Хархорин сумын төвд газрын гүний дулааны насос ашиглах дэд төсөл хэрэгжүүлэхээр санхүүжилтээ хүлээж буй бөгөөд Азийн хөгжлийн банк цэвэр халаалтын төрөл бүрийн технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно гэдгийг мэргэжилтэн нь дуулгав. Мөн GGGI байгууллага 50 сая ам.долларыг эрчим хүчний хэмнэлтийн төсөлд, 35 сая ам.долларыг орон байрны дулаалгад зарцуулжээ.
GGGI байгууллага 50 сая ам.долларыг эрчим хүчний хэмнэлтийн төсөлд, 35 сая ам.долларыг орон байрны дулаалгад зарцуулжээ
Сэргээгдэх эрчим хүчний салбарт ногоон устөрөгчийн үйлдвэрлэл, нарны эрчим хүчний төслүүд, шинэ цөмийн эрчим хүчний хөгжил зэрэг олон сонирхолтой төсөл, хөтөлбөрийн тухай танилцуулав. “Эликсир энержи” компанийн зохицуулагч дарга Нейл Йонг “Ногоон устөрөгчийн үйлдвэрлэлд нэн чухал хоёр хүчин зүйл бол нөөцийн чанар болон зах зээлд ойр байдал юм. GobiH2 бол энэ хоёр шаардлагыг хангасан дэлхийн хэмжээний төсөл юм. Уг төслийг “Элексир энержи” болон Японы “Тоёота” группийн гишүүн компани хамтран хэрэгжүүлж буй бөгөөд цаашдаа томоохон хөрөнгө оруулалт татах боломжтой” гэв. Харин “Energy international” компанийн захирал Б.Бадрал “Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор carbon credit-ийн зах зээлийг Монголд байгуулах хэрэгтэй байна. Энэ бол хөрөнгө оруулалт татах маш том боломж. Монгол Улс энэ чиглэлийн платформ үүсгэж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй” хэмээн ярьсан юм.
Түүнчлэн хурлын үеэр 80 мегаваттын хүчин чадалтай нарны дээврийн эрчим хүчийг хоёр жил амжилттай ашигласан туршлагаасаа оролцогчид хуваалцав. Энэ мэт өөдрөг, дэвшилтэд ажил сэргээгдэх эрчим хүчний салбарт гэрэл гэгээ авчирч байгаа ч бас л хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчин тэдний сэтгэлийг зовоосоор. Чуулга уулзалтад оролцогчид “Халаалтын цэвэр шийдэл, ногоон төслүүдийг Монголд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь санхүүжилтээ шийдэх хэрэгтэй болно. Улс төр болон валютын эрсдэл байгаа учраас хөрөнгө оруулагчид орж ирэхгүй үргээд байгаа тал бий. Техник технологи бол хөгжсөн, хөрөнгө оруулалт алга” хэмээн салбарт тулгамдсан асуудлын талаар ярьж байлаа.
2023 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн хэмжээнд 358 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шинэ сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулжээ. Энэ нь хүлээгдэж байсан үр дүнгээс 30 хувь илүү гэсэн үг. Тэгэхээр дэлхийн цэвэр эрчим хүчний салбарт маш их хөрөнгө эргэлдэж, хөрөнгө оруулалтын том боломж байна. Харин Монгол Улс энэхүү боломжоо ашиглаж, чадахгүй байгаа нь бас л асуудал дагуулсаар байна.