Грекийн ерөнхий сайдын марафон


Хүн төрөлхтний түүхэнд тодоос тод хар толбо үлдээсэн дэлхийн тодотголтой хоёр дайны уг сурвалж болсон хөгшин Европт нүүрлээд байгаа хямралын эсрэг, евро бүс, цаашлаад Европын Холбоог аврахын тулд удирдагчид нь хамтран тэмцэж байна. Үнэхээр хагас зууны турш бүтээн босгосон зүйлийнхээ төлөө тэд тэмцэхээс өөр аргагүй.

Хэдийгээр нэгдсэн Европыг бий болгох санаа хэдэн зуун жилийн тэртээгээс үүдэлтэй ч дэлхийн хоёрдугаар дайны дараа л биелэлээ олсон. Европын холбооны хамгийн гол зорилго нь дахин дайн дэгдээхгүй, энх тайван байдлыг бий болгож, бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, нийгэм, улс төрийн тогтвортой хөгжлийг хангах юм. Хэдийгээр энэхүү зорилгодоо бүрэн дүүрэн хүрч чадаагүй ч өнөөдрийн нүүрлээд буй хямрал нь түүхэн дэх хамгийн том хямрал болоод байна. Тэгвэл энэ асуудал евро бүсийг тарааж, Европын холбоонд цав суулгах уу?

Швейцарын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр тэрбээр Францын ерөнхийлөгч Николя Саркози “Бид хэзээ ч еврог орхихгүй. Европ гэдэг үг евро хэмээх үгээр эхэлдэг тиймээс евро гэдэг нь бүхэлдээ Европ юм. Энэ тив дээр 60 жилийн турш эрх чөлөө оршин тогтносон. Үүнийг бид хэзээ ч өөрчлөхгүй” хэмээн хэлж байсан удаатай. Тэгтэл Франц, Герман хоёр улс еврог аврахын тулд Грек улсыг холбооноосоо гаргахаас өөр аргагүйд хүрч болзошгүй гэдэг дээр санал нэгдэж байна. Харин буруутнаар тодорхойлогдоод байгаа Грекийн ард түмэн энэ асуудалд сэтгэл дундуур байгаа бөгөөд Грекийн ард түмэн бүхэлдээ үрэлгэн, хариуцлагагүй мэт ярьж байна хэмээн үзэж байна.

Европын задралын асуудал дээр Кэмбрижийн их сургуулийн улс төр, олон улс судлалын профессор Жон Лофлин (John Loughlin) өөрийн саналыг ийнхүү хэллээ.

“Европын холбоо дараах гурван шалтгааны улмаас бий болсон. Үүнд, дайнаас сэргийлэх, улс төрийн нэгдмэл чанар, нэгдсэн эдийн засаг. Иймээс хэрвээ евро ашиглахаа больж евро бүс тарах аваас Европын холбоо ч тарахаас аргагүйд хүрнэ хэмээн айж байна. Одоогийн болж байгаа бүх зүйлээс харахад, энэүү процесс нь зогсох аргагүй мэт санагдаж байна. Энэ асуудалд орооцолдсон цөөнгүй улс байна. Зөвхөн Европын холбооны гэлтгүй Норвеги мэт гишүүн биш улсууд ч байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байна. Тиймээс миний бодлоор Европын холбоо бүх хүчээ шавхах байх. Гэвч гэнэтийн зүйл үргэлж л болдог шүү дээ. Юу тохиолдохыг хэн ч хэлж чадахгүй” гэжээ.

Мэдээж хэрэг энэхүү хямрал нь Грекийн өрийн асуудлаас үүдэлтэй бөгөөд Грекийн ард түмэн гурав, дөрөвхөн хоногийн өмнө Ерөнхий сайдын суудлаа өгсөн Георги Папандреуг энэ бүхэнд буруутгаж байна. Тэрбээр улс орноо удирдаж чадахгүй байна хэмээн шүүмжлэгдэж байсан бөгөөд түүний өнгөрсөн долоо хоногт санаачилсан евро бүсийн өрийн асуудлаарх бүх нийтийн санал асуулга нь албан тушаалынх нь дуусгавар болж байна. Грекийн шинэ ерөнхий сайдад доорх гурван хүн нэр дэвшээд буй CNN дамжууллаа.

2004-2006 онд Грекийн гадаад харилцааны сайдаар ажилласан 83 настай Петрос Моливиатис. Тэрбээр НҮБ болон НАТО-д олон жил ажилласан бөгөөд Парламентын гишүүн биш юм байна. Харин дараагийн нэр дэвшигч нь хуучин ерөнхий сайдын зөвлөх байсан Лукас Пападимос бөгөөд хүмүүс түүнийг тийм ч сайн ажиллаж чадахгүй хэмээн үзэж байна. Гурав дахь нэр дэвшигч бол Эванжилос Венизэлос. Одоогийн Сангийн сайд, Парламентын гишүүн. Тэгэхээр дээрх гурван нэр дэвшигчээс хэн нь дараагийн ерөнхий сайд болж, хямралын эсрэг ямар арга хэмжээ авах нь цаашлаад Европын Холбооны хувь заяатай холбоотой байж болох учир дэлхийн нийтийн анхаарлын төвд байна.