Грекийн хямралын давалгаа хүчээ авч байна


Энэ долоо хоногийн даваа гаригт болж өнгөрсөн Грекийн ерөнхийлөгч Карлос Паполиас болон тус улсын тэргүүлэх гурван нам хоорондын хэлэлцээр ямар ч тодорхой шийдэлгүйгээр өндөрлөсөн байна. Нэгдсэн засгийн газар байгуулах оролдлого энэ мэт зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа нь Грекийг Евро бүсийн хаалга руу улам бүр ойртуулсаар байгаа юм. Тус улсын ерөнхийлөгч өнөөдөр буюу мягмар гаригт дахин уулзалтын тов зарлаад байна хэмээн CNN мэдээллээ

Грек улс Евро мөнгөн тэмдэгтийг чөлөөлөх тухай асуудал дэгдсэнээс үүдэн хувьцаа , таваарын үнэ энэ жил гарснаас хойш хамгийн хямд үнэ рүү орж, Евро мөнгөн тэмдэгтийн ханш илт суларч байна хэмээн Блүүмберг мэдээлжээ.
MSCI All-Country World Index буюу Дэлхийн нийт улсуудын хувьцааны индекс Нью-Йорк хотод өдрийн 16:00 цагийн байдлаар 1.6 хувиар буурсан бол Standard & Poor’s 500 үзүүлэлт 1.1 хувиар унаж 1.338.35 болжээ. Дээрхи хоёр үзүүлэлт өнгөрөгч гурван сарын хугацаанд хамгийн муу гүйцэтгэлтэй байгаа нь энэ удаах ажээ.
Харин евро мөнгөн тэмдэгтийн доллартай харьцах ханш энэ оны нэгдүгээр сараас хойш анх удаа суларч 1.29 ам.доллар луу орж ирлээ. Мөн Америкийн долоон жил, Их Британи болон Германы тус тус 10 жилийн хугацаатай бондын өгөөж түүхэнд байгаагүйгээр буураад байна.
Түүнчлэн таваарын зах зээлд грекийн хямрал мөн л айдас дагуулан чичирхийлэл өгч эхэлжээ. Нью-Йоркийн бирж дээр зэсийн фьючерс 2.6 хувиар хэлбийсэн бол алтны үнэ 1.5 хувиар доошилж, нэг унци нь 1.561 ам.доллар болж энэ жил гаргасан амжилтаа баллуурдлаа. Харин газрын тосны фьючерс үнэлгээ 1.4 хувиар унаж нэг баррель нь 94.78 ам доллар болсон байна.