Грекийн шинэ ерөнхий сайд сонгогдлоо

Грек улс евро бүс цаашлаад Европын Холбоонд үлдэх эсэхийг ярьж байгаа энэ эгзэгтэй мөчид шинээр сонгогдсон Европын Төвбанкны дэд ерөнхийлөгч, хуучин ерөнхий сайдын зөвлөх Лукас Пападемос ирэх оны хоёрдугаар сард болох сонгууль хүртэл Засгийн газрыг толгойлох болсон тухай BBC мэдээллээ. Шинэхэн ерөнхий сайд өөрийн ажлын гол зорилгоо “Грекийг Евро бүсээс гаргахгүй байлгахад чиглүүлнэ” хэмээн танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ “Бидний хийсэн сонголт бүр Грекийн ард түмний хувьд шийдвэрлэх сонголтууд байх болно. Грек улс салаа замын үзүүр дээр байсан. Харин одоо бид эв нэгдлийн замыг сонгосон” гэжээ.

Сонгуулийн үр дүнг танилцуулсаны дараа Лукас Пападимос “Бидний өмнө хүлээж буй зам амаргүй байх болно. Тэгэхдээ эв нэгдэл, нэг сэтгэл байгаа үед энэхүү асуудлыг шийдэж чадна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн сэтгүүлчдэд хэллээ. Тэрбээр өөрийн үүрэгт ажлаа Европын Холбооноос өнгөрсөн сард баталсан тусламжийн сангийн 130 тэрбум еврогийн асуудлыг батлах, түүнтэй холбогдсон бодлогыг боловсруулахаар ажлаа эхэлнэ хэмээн мэдэгдэв.