Грекийн эдийн засаг 2014 онд өснө

Олон улсын зээлдэгч “Тройка” нь Грек улсын эдийн засаг 2014 онд өсч эхлэх хандлагатай бөгөөд өрөө дарах боломжтой болно гэж мэдэгдлээ.

Европын комисс, Европын төвбанк, Олон улсын валютын сан гэсэн гурван том байгууллагыг нэгтгэсэн “Тройка” тус улсад санхүүгийн тусламж дахин үзүүлэх болно гэжээ.

Тусламж үзүүлэх асуудлыг “Тройка” хянан шалгаж үзсэний үндсэн дээр шийдвэрлэх бөгөөд тус улсын өрийг дарах боломжтой гэж үзэж байгаа аж. Өрийн хэмжээ одоогийн байдлаар ДНБ-ий 160 хувьтай дүйцэх бөгөөд ОУВС-гийн хэлж буйгаар тогтвортой болгохын тулд 120 хувь болгох шаардлагатай юм байна.

2010 оноос хойш тус улсад нийт 270 тэрбум еврогийн тусламж үзүүлээд байна. Тус улсын зүгээс банкны салбараа хүчирхэгжүүлэхэд хүчин чармайлтаа тавьж байгаа бөгөөд ингэснээр иргэддээ зээл олгож эхлэх боломжтой болох аж. Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх ажил ерөнхийдөө дуусгавар болжээ.

50 тэрбум еврогийн тусламжийн ихэнхийг нь хамгийн том дөрвөн банкийг санхүүжүүлэхэд төлөвлөсөн байна. Хэрвээ энэ алхам амжилттай хэрэгжвэл тусламжийг цаашид үргэлжлүүлэх талаар авч үзэх болно гэж “Тройка” өөрийн байр сууриа илэрхийлэв.