Грект эв нэгдэл хэрэгтэй байна

Грекийн Ерөнхий сайд Георги Папандреу өчигдөр буюу пүрэв гаригийн үдэш төрийн эрх баригчдын хурал дээр олон нийтийн дунд санал асуулга явуулах болсон тухайгаа тайлагнаж, өөрийн үзэл бодлоо дэмжүүлэхийг эрмэлзсэн хэдий ч эсэргүүцэлтэй тулгарчээ. Папандреу “ хэрэв сөрөг хүчнийхний зүгээс энэ орныг аврахын тулд бусдын сунгасан гараас барих уу, үгүй юу гэдэг асуудал дээр саналаа нэгтгэж хүчээ хавсрах шийдэлд хүрвэл заавал санал асуулга явуулаад байх шаардлагагүй” хэмээв. Харин үүний хариуд сөрөг хүчний дарга Антонис Самара “бид аврах гарц руу хөтлүүлнэ. Гэхдээ чи зайгаа тавиад өгчих. Бид зургаан долоо хоногийн дотор яаралтай сонгууль явуулах болно” гэсэн байна. Мөн тэрбээр Папандреуг найдлагагүй итгэх аргагүй хүн хэмээн цоллож түүнд хандан “ бид чамаас суудлаа эвтэйхэн тавьж өгөх замаар хүмүүст эрх мэдлээ шилжүүлэн шинээр авах арга хэмжээг хэлэлцэх хүч бололцоог олгохыг л хүсээд байгаа” гэж хэлэв.Харин ерөнхий сайд тус дайралтад “энэ бол миний ажлаа хийж чадах эсэхтэй хамаатай асуудал огтхон ч биш. Би энэ суудалтай зууралдсан зүйл алга байна. Улстөржсөн алдааны төлөөсийг үүрч яваа болохоос, өөрийн тарьсан балгаа арилгахыг хүссэндээ энэ бүгдийг хийгээгүй.Эртэдсэн сонгууль явуулснаар цаг л алдаж түүний уршгаар бид хэдийнэ дампууралд орчихсон байна. Учир нь, тус хугацаанд ямар ч дорвитой шийдвэр гаргаж чадаагүй болохоор нөхцөл байдал гарахын аргагүй намаг болон хувирсан байна шүү дээ. Энэ орны сайн сайхны төлөө нэгдмэл нэг санаагаар урагш тэмүүлэх Засгийн газрыг бий болгох тал дээр ярилцацгаая” хэмээн уриалав. Тэрбээр дахин сонгогдох сонирхол алга байгаа бөгөөд зөвхөн эдийн засгийн гамшиг Грек улсыг өрийн дарамтаас богино хугацаанд суллаасай л гэж хүсэж байгаа гэдгээ тодорхой илэрхийлсэн юм.

Папандреугийн энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн олон нийтийн санал асуулга төдийлэн амжилт олохгүй байгаа хэдий ч ирэх арван хоёрдугаар сард хийх эсэх нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байсаар байна. Грекийн улс төрийн тогтворгүй байдал Европ тивд улс төр, эдийн засагт чичирхийлэл үүсгэсний улмаас” Ж 20”-ын их гүрнүүд эдийн засгийн дээд хэмжээний уулзалт хийж байгаа билээ.

Грек улс нь энэ гариг ертөнц дээр урьд өмнө нь хэзээ ч хэний ч өргөн барьж байгаагүй “том бэлэг” хүлээж авахаар болчихоод байгаа. Хэрвээ тэр бэлгээ задлахаар шийдвэл тус улсын өрийн тэн хагас буюу 100 тэрбум, хувийн хэвшлийн салбараас амласан 30 тэрбум, нийт 130 тэрбум еврогоор үнэлэгдэх ачаа нуруун дээрээс нь хөнгөлөгдөх юм. Уг гэрээгээр бол засгийн газар нь хувьчлал хийх, тэтгэвэр тэтгэмжийг багасгах гэх мэт бүсээ чангалах арга хэмжээ авах хэрэг гарах юм. Хэрэв Грек улс аманд орсон шар тосыг хэлээрээ түлхвэл Европын улс гүрнүүд нэгдсэн холбооноосоо шахан гаргахаас аргагүй болж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Гэвч хууль эрх зүйн үүднээс ийм үйлдэл хийх боломжгүй учир Грекийг саналаараа салан одохыг найдан хүлээхээс өөр аргагүй юм. Одоо юуны түрүүнд энэ улсад нэгдсэн санаа зорилго хэрэгтэй байна хэмээн дэлхийн өнцөг булан бүрийн шинжээчид үзэж байна.