Грек улс мөхлийн ирмэгт ирлээ

Олон улсын “Standard & Poor’s” агентлаг зургадугаар сарын 14-нд Грекийн зээлжих зэрэглэлийг “ССС” түвшинд очтол бууруулснаа мэдэгдсэн нь дэлхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн дунд шуугиан дэгдээв. Учир нь, ийм муу зэрэглэлтэй орон хаа ч үгүй билээ. Ер нь Грекийн асуудал Европын төдийгүй дэлхийн эдийн засгийн “шүдний өвчин” болоод удаж байгааг бид мэднэ. Тус улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ээсээ давсны зэрэгцээ төсвийн алдагдал нь талийсан бөгөөд санхүүгийн асуудал нь улам лавширч байх зуур улс төрийн тогтворгүй байдал ч түгшээж эхлээд байгаа юм.

Ердөө жил гаруйн өмнө “Standard & Poor’s” Грекийн зээлжих зэрэглэлийг “ВВВ+” буюу дажгүй өндөр түвшинд үнэлж байсныг сануулах юун. Гэтэл энэ хугацаанд тус улсын эдийн засгийн хувьд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлаа харьцангуй бууруулснаас өөр ямар ч өөрчлөлт гараагүй атал хамгийн муу зэрэглэлээр сюрприз барьсан нь юуных вэ? Зээлийн чансаа тогтоогч агентлагууд хямралыг урьдчилан таамаглаж чадаагүй, улс орнуудын чадварыг хэт дээгүүр үнэлсэн байсан зэргээр шүүмжлэгчдээс жавтий хүртсэнийхээ хариу үйлдлийг ийнхүү гаргаж байгаа ажээ.
Ямартай ч S&P агентлагийн шинжээчид Грекийн авсан зээлээ эргүүлэн төлөх чадварыг Пакистан, Эквадороос ч доогуур үнэлчихээд байна. Эдүгээ Грек улс хүнд байгааг тус агентлагийн мэргэжилтнүүд хэлсэн хэлээгүй дэлхий тэр аяараа мэдэж байгаа учир “оройтсон борооны хойноос цув нөмөрлөө” хэмээн олон хүн үзэж байгаа билээ. Ер нь тус улс цаашид оршин тогтнох уу, үгүй юу гэдэг асуулт олны анхаарлыг татаж байгаа юм.

Өнөөдөр Грекийн Засгийн газрын өрийн бичиг дэлхийд хамгийн өндөр үнэтэйд орж байгаа нь хөрөнгө оруулагчид энэхүү санхүүгийн хэрэгслийг илүү эрсдэлтэй хэмээн үзэж байгаагийнх биз ээ. Хэрвээ тус улс дампуурах юм бол энэ нь евро бүсийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Дэлхийн нөөцийн валютын нэг еврогийн байр суурь болоод Грекийн араас орох магадлал тун ч өндөртэй Португал, Испани болон Италийн нөхцөл байдалд ч хүнд цохилт үзүүлэхээр байгаа ажгуу.

Тиймээс Грекийн асуудлыг шийдэж өгөхгүй бол горьгүй гэдгийг Европын эрх баригчид эртнээс ухамсарлаж, Европын холбоо Олон улсын валютын сантай хамтран 110 тэрбум еврогийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр баталж, санхүүгийн тусламж үзүүлэх болсон ч грекчүүдийг хямралаас татаад гаргаад ирж чадсангүй. Тус улсын байдал бодож байснаас хамаагүй ээдрээтэй гэдэг нь нэгэнт тодорхой болсон бөгөөд илүү далайцтай арга хэмжээ шаардлагатай байгаа аж.

Европын эрх баригчид Грекийг дампууруулчихыг хүсэхгүй, яаж ийгээд аргалах арга зам эрэлхийлж байгаа ч тэдний хүссэнээр болдоггүй нь түвэгтэй. Мөнгө гаргах эсэхийг Европын холбооны удирдагчид мэддэг юм биш, харин Европын тодорхой орнууд шийддэг бөлгөө. Гэвч тэд грекчүүдэд туслах гэж нэг их яарахгүй байгааг сануулах хэрэгтэй болов уу. “The Financial Times”-ын тооцоолсноор 2014 оны сүүлч гэхэд Грек улсад 172 тэрбум евро хэрэгтэй болох юм билээ. Үүний 57 тэрбумыг Европын холбоо болон ОУВС-гийн нээлттэй зээлийн шугамаар, 30 тэрбумыг төрийн өмчийг хувьчлах хөтөлбөрийн дагуу олчихлоо гэхэд цаана нь 85 тэрбум евро сох дутаад байгаа юм.

Грекийн Ерөнхий сайд Йоргос Папандреу шинэ Засгийн газар байгуулж, “улайссан” төсвөө хэвийн байдалд оруулах төлөвлөгөөгөө ахин дахин боловсруулж байх зуур төсвөө танах төрийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал, цуглаан ахиад л Афиныг амраасангүй. Олон улсын валютын сан, Европын холбооноос зээл авсынхаа хариуд Грекийн эрх баригчид бүсээ чангалах шаардлагатай болсон билээ.

Төсвийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд тус улсын Засгийн газар төрийн албан хаагчдынхаа цалинг хасаж, татварын хэмжээг нэмсний зэрэгцээ тэтгэврийн насыг дээшлүүлсэн. Үүнийхээ ачаар Грекийн эрх баригчид төсвийн алдагдлаа мэдэгдэхүйц багасгаж чадсан ч үйлдвэрчний эвлэлүүд, хувийн хэвшлийнхэндээ дарамтлуулсаар жил тойрч байгаа билээ.
Төрийн албан хаагчид нь ажил хаяж, жагсаал цуглаан зохион байгуулах нь Афины хувьд бараг л хэвийн үзэгдэл болоод буй. Харин сөрөг хүчнийхэн нь Ерөнхий сайдаа албан тушаалаас нь огцруулж, Олон улсын валютын сангийн нөхцөлийг өөрчлөх шаардлага тавьж байгаа нь шинэ Засгийн газрын рейтингийг шалдаа буулгаад байгаа аж. Ийнхүү их өр улс төрийн тогтворгүй байдлыг даллаж эхэлжээ.

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Николя Саркози нарын уулзалтын нэгэн чухал сэдэв Грекийн санхүүгийн хямрал болсныг “Reuters” мэдээлсэн. Афинчуудын хувь заяаг гагцхүү Европын бусад орны ард түмэн шийдэхдээ тулаад байна хэмээн ажиглагчид үзэж байна.