Гурван улсын чуулган болно

Өвөрмонголын өөртөө засах орны Худалдааг дэмжих хороо, Эрээн хотын Засгийн газар, МҮХАҮТ хамтран дөрөв дэх жилдээ зохиож буй “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагаа- 2012” чуулга, уулзалт ирэх сарын 10-12-нд Эрээн хотноо болох гэж байна. Гурван улсын бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, тулгамдаж буй асуудлаа ярилцаж шийдвэрлэх талбар болдог тус уулзалтад оролцогч талуудын төрийн байгууллагынхан болон бизнес эрхлэгчид оролцох аж. Урьдчилсан байдлаар уул уурхай, барилга, эрчим хүч зэрэг голлох салбарын 40 орчим компани оролцохоор бүртгүүлж буй бол уулзалтын үеэр гадна талбайд нь 60 орчим аж ахуйн нэгж өөрсдийн бараа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах юм байна. Чуулганы үеэр хэлэлцэх гол асуудал нь хил орчмын худалдааг сайжруулах, эдийн засгийн коридорын үйл ажиллагааг өргөжүүлж, тулгамдаж буй асуудлыг нь шийдэх юм байна. Эдийн засгийн коридор гэдэг нь гурван улсын тогтоосноор, Тэньжин-Хөх хот- Эрээн- Замын Үүд- Улаанбаатар- Дархан- Сэлэнгэ- Хиагт- Улаан-Үд- Эрхүүгийн хил орчмыг багтаан нэрлэдэг аж. Тэгэхээр эдгээр бүс нутгийн хоорондын дэд бүтцийг сайжруулах, худалдааг өргөжүүлэхэд дээрх чуулганы зорилго оршиж буй юм. Түүнчлэн хөдөө аж ахуй, ой, эрчим хүч, тоног төхөөрөмж, барилга, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, уул уурхай зэрэг салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж нээлттэй байгаа аж. Хэрэв та тус уулзалтад оролцохыг хүсвэл энэ сарын 25-ныг хүртэл МҮХАҮТ-ын вэб сайтад хандан онлайнаар бүртгүүлэхийн зэрэгцээ тус газрын мэргэжилтэн Д.Адъяасүрэн, Ц.Оюунханд нартай холбогдох боломжтой юм байна.