Гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно

ҮХААЯ, Монголбанк хамтран “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хоёр сарын өмнөөс хэрэгжүүлсэн. Мөн махны үнийг тогтворжуулах хөтөлбөрийг өнгөрсөн сард эхэлсэн бол өнөөдрөөс гурилын үнийг тогтворжуулах аж. Ингэхдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй, агуулахдаа улаан буудайн нөөцтэй, үйлдвэрийн бүтээгдэхүүн нь чанартай, олон нийтэд танигдсан гурилын үйлдвэрт жилд дөрвөн хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг гурван жилийн хугацаатайгаар олгохоор болжээ. Монголбанкнаас энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 61 тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгохоор болсон байна.

Улсын хэмжээнд гурилын 73 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас 46 аж ахуйн нэгж зээл авах хүсэлтээ ирүүлж, 35 нь шалгарчээ. Зээл авахыг хүссэн аж ахуйн нэгж ҮХААЯ-ны “Гурилын үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн ажлын хэсэгт хандаж, гурилын үнийг тогтвортой байлгах санамж бичигт гарын үсэг зурж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгөх ёстой аж. Үүний дараа тус ажлын хэсэг компанийн материалтай танилцаж, Монголбанкинд хүргэх юм байна. Банкуудын тавьж буй гол шалгуур нь санхүүгийн хувьд тогтвортой, үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын өмнөх туршлага зэргийг харгалзан үзэх аж.

ҮХАА-н дэд сайд Ц.Туваан “Бид жилдээ 500 орчим тэрбум төгрөгийг инфляцийн төлөөст өгдөг. Тэгвэл ирэх жил нийт гурилын 70 орчим хувийг бүрдүүлдэг нэгдүгээр зэргийн гурилын бөөний үнийг 550 төгрөг, жижиглэнгийн үнийг 650 төгрөгт барих болно. Энэ нь инфляцийг хазаарлах нэг хөшүүрэг” гэв. Түүнчлэн энэ нь тариаланчдаа дэмжих бодлого гэдгийг тэрбээр онцолсон. Нэг ёсондоо агуулахад үргүй хадгалж буй улаанбуудайгаа барьцаалж зээл авах боломж юм. Улаанбуудайн нөөцөө бүрдүүлэх ажлыг ҮХААЯ, МХЕГ, ШӨХТГ хамтран зохион байгуулж байгаа аж. “Орбит комплекс” компанийн зөвлөх Ц.Хүрэлбаатар “Зах зээлд бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж буй ч гурилын үйлдвэрийн салбар бүтээгдэхүүнийхээ үнийг олон жил тогтвортой барьж чадсан ард түмэнд буянтай салбар. Манайх жилд 3-4 тэрбум төгрөгийн улаанбуудай хэрэглэдэг. Үүнийхээ 70 хувьтай тэнцэх 2.5 тэрбум төгрөгийн зээл хүсэж байгаа. Ингэснээр бид санхүүгийн хувьд баталгаатай болж, иргэдэд илүү шуурхай үйлчлэх юм” гэв. Бага хүүтэй зээл өгч буйд аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл тун баяртай байгаагаа хурлын үеэр хэлж байсан.