Гурилын үнэ кг тутамдаа 50 төгрөгөөр нэмэгджээ

“Алтан тариа” ХХК-ийн буудайн нөөц дуусаж, үйлдвэрлэл зогссонтой холбоотойгоор гурил борлуулагчид гурилын үнийг кг тутамд нь 50 төгрөгөөр нэмжээ. Өнөөдрийн байдлаар “Барс”, “Меркури”, “Бөмбөгөр” зэрэг томоохон худалдааны төвүүд гурилаа нэмэгдсэн үнээр худалдаалж байна. Гурил, цагаан будаа борлуулагчдаас гурилын үнэ ямар учраас нэмэгдсэнийг тодруулахад “Алтан тариан гурилын нийлүүлэлт зогссонтой холбоотойгоор өссөн. Гурил хэвийн хэмжээнд нийлүүлэгдээд ирвэл үнэ буурах байх. Цагаан будаа, гоймон зэргийн үнэд өөрчлөлт ороогүй” гэж байв.

Дашрамд дурдахад, “Алтан тариа” ХХК-ийн гурилын үйлдвэрлэл ирэх долоо хоногт эхлэх аж. Энэ нь ойролцоогоор 10 хоногийн дараа гурилын нийлүүлэлт хэвийн хэмжээнд орно гэсэн үг аж.