Гурил үйлдвэрлэгчдэд баярлалаа

Сүүлийн үед ам.долларын ханш хаданд гарч, бензинийн үнэ цойлж буйтай холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, такси, унааны мөнгө нэмэгдэж байна гэсэн яриа гэрлийн хурдаар тархаж, олон нийт бухимдаж, хардах болсон. Тэгвэл ХХААХҮЯ-наас гурил үйлдвэрлэгч, импортлогч компаниудын удирдлагуудыг цуглуулан, гурилын үнийн талаар мэдээлэл хийлээ. Он гарснаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн дунд гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өссөн тухай яриа гарч, буруу ташаагаар мэдээлэх болсон.

Тиймээс ХХААХҮЯ-ны холбогдох хүмүүс гурил үйлдвэрлэгчид, импортлогчид, компанийн удирдлагуудтай уулзаж, тэдний санал бодлыг сонссон нь цаг үеэ олсон шуурхай арга хэмжээ болсон гэж үзэж болох юм. Энэ үеэр ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч. Энх-Амгалан “Гурилын үнэд ямар ч өөрчлөлт оруулаагүй буюу хуучин үнээрээ зарагдаж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье. Дээр нь манай яамнаас ажлын хэсэг гарч Улаанбаатар хотын томоохон хүнсний захуудаар судалгаа хийж үзэхэд гурилын үнэ нэмэгдээгүй өмнөх үнээрээ зарагдаж байсан.

Өнгөрсөн намар хураасан 350 мянган тонн улаан буудай улсын нөөц, аж ахуйн нэгжүүдэд байж байгаа. Монгол Улс үүгээрээ бүтэн жилийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ гурилын дотоодын үйлдвэрлэлийн хангалт, нийлүүлэлтийг хэвийн хэмжээнд барих боломжтой юм. Түүнчлэн ОХУ-ын рублийн ханш харьцангуй тогтвортой байгаа учраас манайд гурилын үнэ өсөх үндэслэл одоогоор байхгүй гэдгийг хэлье” гэлээ. Уулзалтад ирсэн гурил үйлдвэрлэгчдийн үгийг хүргэе.

Ц. Мягмаржав /”Улаанбаатар гурил” ХХК гүйцэтгэх захирал/:
-Шатахуун болон валютын ханш өссөнтэй холбоотойгоор манай компанийн бүтээгдэхүүний үнэд ямар ч өөрчлөлт ороогүй. Өнгөрсөн намрын мөрдөж байсан үнээрээ л зарж байгаа. Цаашдаа үнэ өсөх тал дээр эдийн засгийн нарийн судалгаа хийж байж л шийднэ. Хэрэв суурь үнэ өсөөд эхлэх юм бол бид үнээ нэмэхээс аргагүй. Тэгэхээр шатахуун, ам.долларын ханшийг харж байгаа гэсэн үг.

Г.Даваасүрэн /”Өег” ХХК ерөнхий захирал захирал/:
-Манай компани Оросоос “Цисна” гурил импортолж зах зээлд нийлүүлдэг. Одоогийн байдлаар нийлүүлэлт хэвийн, үнэ тогтвортой байна. Үнэд ямар ч өөрчлөлт ороогүй. Сар шинэ дөхөхөөр гурилын эрэлт ихэсдэг. Гэхдээ бид бүтээгдэхүүндээ харин ч сар шинийн тодорхой хэмжээний урамшуулал зарлах бодлого барина.

Ж. Чинзориг /”Милл Хаус” ХХК гүйцэтгэх захирал/:
-Бензин, ам.долларын ханш өссөнтэй холбоотойгоор бид одоохондоо гурилын үнэдээ өөрчлөлт оруулаагүй байгаа. Нэгдүгээр гурил нэг кг нь 520 төгрөгөөр үйлдвэрээсээ гарч байгаа. Бүх салбаруудаар энэ үнээрээ л зарагдаж байгаа хэмээн хэллээ.
Бензиний үнийг далимдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор хөөрөгдөж байгаа үйлдвэрлэгч, наймаачид, бизнесийнхэнд гурил үйлдвэрлэгчид шиг асуудалд ул суурьтай бодитой хандахыг уриалмаар байна. Хамгийн гол нь “Юмны үнэ өсчихлөө, би ч гэсэн барааныхаа үнийг өсгөдөг хэрэг” гэж ура хашгирах биш, өнөөдрийн нийгмийнхээ нөхцөл байдал, иргэдийн аж амьдралыг харгалзаж байвал яасан юм бэ гэдгийг үнийн хөөстэй нийгэмд өнөөдөр гурил үйлдвэрлэгчид бусдадаа үлгэр дууриал үзүүлж чадлаа. Монголын эдийн засаг, санхүү, бизнесийн “Mongolian Economy” сэтгүүлийн редакцийн зүгээс гурил үйлдвэрлэгчдэд “талархлаа” гэж хэлмээр байна.

Уул уурхайн их ашиг, үсрэнгүй хөгжил ярьсан өнөөдрийн манай нийгэмд зөвхөн үйлдвэрлэгчид төдийгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн, улс төрчид, эдийн засагчид, наймаачид бүгдээрээ ийм эрүүл, бодит бодол сэтгэхүйгээр хандмаар байгаа юм. Хууль тогтоогч, бодлого тодорхойлогчид, олон улсын байгууллагууд, бүх Элчин сайдын яамд, эдийн засгийн чиглэлийн их, дээд сургуулийн багш, оюутнууд, бизнесийн томоохон байгууллагынхан захиалан уншдаг манай сэтгүүл гол бодлогоо энэ чиглэлд хандуулж ажиллахыг эрхэмлэдэг учраас үнийн дайн зарласан бараан өдрүүдэд үнэхээр сэтгэл сэргээм эерэг мэдээлэл дуулгасан ХХААХҮЯ, гурил үйлдвэрлэгчдэд иргэд, уншигчдынхаа өмнөөс баярлаж буйгаа дахин дахин хэлмээр байна. Ялангуяа эдийн засгийн эмзэг сэдэв гэж үзэж болох үнийн асуудалд хүн бүрийн сэтгэхүйд ийм нухацтай хандаж, өөрөөр харж сурах сэтгэлийг суулгаж өгөх шаардлага тулгарч буй юм.

Мөн ХХААХҮЯ-ны Ч.Энх-Амгалан дарга энэ сарын 15-наас нөөцийн махыг өмнөх жилийн жишиг үнээр зах зээлд нийлүүлэх болсон тухай таатай мэдээг хэвлэлийнхэнд албан ёсоор дуулгасан.
Гурилын үнийн тухайд өнөөдрийн байдлаар худалдааны төвүүдээр I гурилын бөөний үнэ дунджаар 500- 520 төгрөгөөр, жижиглэнгээр 700 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа тухай нийслэлийн томоохон хүнсний захуудаар сүүлийн өдрүүдэд ханшийн судалгаа хийж явсан дээрх яамны мэргэжилтнүүд тэмдэглэсэн байсан. Гурил үйлдвэрлэгчдийн ярианаас үзэхэд 2008 онд манайд эдийн засгийн хямрал “айлчлахад” нэг кг гурилыг 850-900 төгрөгөөр борлуулж байсан. Өнөөдрийн гурилын үнийг тухайн үеийн ханштай харьцуулахад даруй 20 хувиар хямд байгаа гэж онцолж байсан юм. Өнгөрсөн оны сүүлчийн улиралд гурилын үнэ буурсан. Тэгэхээр үнэ харьцангуй тогтвортой байгаа гэж хэлж болох нь.