Гутланд уяатай төсөв

Жижигхэн шавар байшинд аав, ээж дэрсхэн хоёр хүү, охин тавуул амьдарна. Гутлын шар цавуу, нүүрсний үнэр холилдон толгой өвтгөх авч өөхөн тосны хурц үнэр, ээжийн халуун боорцгийг саванд шидлэх дуу, хар цайны буцлам ааг бүгд цаанаа л нэг сэтгэлд дулаан. Зай л гарвал хоолны ширээ гэрийн эзэн, гутал хоёрт “үйлчилж”, шороо тоосондоо хучигдсан ажлын талбар болон хувирна. Амьтай байсансан бол энэ ширээ “Хэзээ тэр яриад байдаг ажлын тусдаа өрөөтэй болж намайг гутлын цавуу, шороо тоос, алх, хадааснаас салгаж амраах юм бол доо” гэж гомдол мэдүүлэх нь лавтай.

Аав нь дунд хүүгийн хамт өнөөдөр таван гутал хийх ёстой. Ээж нь гутлын буянаар олж буй хэдэн бор төгрөгөө чамлалгүй хэрхэн хоол хүнсэндээ хүргэх вэ гэдэгт тоо бодно. Том хүү нь барилга дээр ажиллаж эцэг, эхдээ тус болохыг хичээж яваа. Харин отгон охин нь дэвтэр үзэг, дэлгүүрийн лангуу хоёртой нөхөрлөж, турьхан биендээ ахадсан туршлагатай худалдагч бас тэргүүний онц сурлагатан. Монгол гэрээр зүйрлэн яривал энэ айл таван тулгуур баганатай юм.

Гуталчин бас барилгачин

Гутал хийнэ гэдэг их учиртай. Хэвэнд оруулах нь тун амаргүй. Хүүхдийн гуталд размераас шалтгаалан 20-30 дециметр /дм/ монгол арьс орно. Нэг дм арьсыг 180-200 төгрөгөөр худалдаж авахаас гадна дотор ул, утас, улалгаа, хадаас, уллагааны гадна резин, цавуу, наалт зэрэг материал шаардагддаг. Өглөө эртээ гутлаа исгэнэ, оёно, наана, хэвэнд хийнэ, цахилгаан үрүүлд барьж өөг нь авна... энэ мэтчилэн ажил хөвөрсөөр нэг мэдэхэд цагийн зүү 21.00-ыг зааж, таван “хөөрхөн” гутал төрдөг. Аавынх нь “Эзэн нь мөнх эд нь хэврэг байгаарай” хэмээх ерөөл гутлуудад шингэж, бяцхан эздээ хүлээнэ.

Хүүхдийн гутал ойролцоогоор зургаан мянган төгрөгт багтаж гардаг бөгөөд Ганхуягийнх тус бүрийн үйлдвэрээс гарсан үнэ дээр 2000 төгрөг нэмж бөөний үнээр худалддаг байна. Үүний сацуу танилуудын хүсэлтээр сардаа арав гаруй том хүний гутал хийх нь ч бий. Басхүү завсраар нь улны резин наах, өсгий янзлах зэрэг гарын үзүүрээр хийх гутал засварын ажил мундахгүй. Том хүний гутал илүү ашигтай ч хүүхдийн гутал, захиалга сайтай бас хийхэд харьцангүй хялбар байдаг аж. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх тусам эднийх гутлынхаа үнийг нэмэх болдог ч худалдан авагчдын зүгээс дургүйцэл илэрхийлэх нь ойлгомжтой учраас үнээ нэмж зүрхлэхгүй байгаа аж. Өвлийн улиралд гутлын борлуулалт харьцангуй сайжирдаг байна. “Зүгээр суувал хоосон хононо шүү дээ. Ажил хийвэл ам тосдоно гэдгээр дулаан цагт зуны шаахай, ботинк хийх, айлын пийшин, байшин барих гэх мэт ямар ч байсан ажилгүй налайж суух үе олддоггүй юм” хэмээн өрхийн тэргүүн, гутал үйлдвэрлэгч Ч. Ганхуяг гуай инээмсэглэл тодруулан хэлж байсан. Үйлдвэрлэлийн ослоор баруун гарынхаа гурван хурууг алдсан тул өнөөдөр түүний “цахилгаан гагнуурчин” хэмээх мэргэжил үнэлэмж өндөртэй ч тэрбээр ажлын чадамжгүйд тооцогддог байна. Гэвч 10 гаруй жил айлын пийшин болон байшин барьж, бас гутлаа урласаар явна.

Олох бас үрэх гэж зовдог

Эхний хэдэн жилд барааны зах дээр өрхийн үйлдвэрлэлийн гутлаа борлуулахаар зогсдог байсан Л. Отгонжаргал буюу Ганхуягийн эхнэр өнөөдөр хөдөө, орон нутагт бүр Тувад хүртэл бараа зөөн борлуулдаг наймаачдад гутлаа бөөндчихдөг болжээ. Тиймээс ч тэрбээр Яармагийн зургадугаар хорооны Нүхтийн нэгдүгээр гудамжны зургаан тоотод байрлах гэрийнхээ ойролцоо барааны лангуу ажиллуулах цаг завтай сууна. Ганхуягийнх анх 300 мянган төгрөгийн банкны зээлээр үйлдвэрлэлээ эхэлж байсан бол одоо хоёр сая хүртэл төгрөгийн зээлээр бизнесээ явуулж байна. Чамлахааргүй орлоготой юм байна даа гэж бодвол бас ч тиймгүй. Өрхийн төсвийн орлогыг 100 хувь бүрдүүлдэг гутлын материалд нь орлогын ихэнх нь зарцуулагддаг. Эхнэрийнх нь тооцоолсноор гэр бүлийн сарын орлого 500 мянган төгрөг. Энэ өрхийн сангийн сайд өнөөдөр өрхийн төсвөө чамгүй сайн бодчихдог нэгэн бололтой.

Банкны найдвартай харилцагч байхын тулд сар бүр зээлийн эргэн төлөлт хэлбэрээр 150 мянган төгрөгийг яг цагт нь тушаана. Ингэхээр мөнөөх хоол хүнс, нүүрс түлээ, гэрэл цахилгаан гэх мэт ар араасаа хөврөх хэрэглээний зардалд ердөө л 350 мянган төгрөг үлдэнэ. Өөрөөр хэлбэл, том багагүй эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа ч сарын хэрэглээнд зарцуулах 350 мянган төгрөг гэдэг бол гэр бүлийн гишүүдээс нэг нь л ажил эрхэлж байгаа хэмжээний орлоготой гэсэн үг. Яаж ч хэмнээд 250,000 төгрөгийг сарын хүнсэндээ өлхөн зарцуулдаг тухай Л.Отгонжаргал ярьж байна.

Таван ам бүлийн хүртэж буй эх орны хишиг 105 мянган төгрөг тэдний хагас сарын хүнсийг даадаг. Гэрийн эзэгтэй төсвөө зөв захиран зарцуулахаас гадна өмнөх сард хэтрүүлсэн зарлагаа энэ сард нөхөх ёстой. Тэгэхийн тулд өдөрт хоёр талх идэж бийлэгжүү загнадаг байсан бол хэсэг хугацаанд нэгийг иднэ гэсэн үг л дээ. Өрхийн төсөвт ахиу жин дардаг хэрэглээ нь мах, гурил. Хүний хань, хүүхдийн ээж болсоор 20 жилийн нүүрийг үзсэн Отгонжаргал яаж ийгээд асуудлыг шийдэх арга чарга сүвэгчилнэ. Тухайлбал, нэг кг мах авах үнээр таван кг дотор эрхтэн бас хонины толгой авч болдог аж. За тэгээд мөнгөө хэмнэж, ухаанаа гарган байж авсан харьцангуй хямд үнэтэй “махаараа” таван цулын шөл хийж, гэр бүлийнхээ хөдөлмөрч гишүүдийн ядаргааг засна. Ажилсаг эзэгтэйн хямд төсөр хоолны жор дуусаагүй. Хонины толгойг төмс, ногоогоор амталж, сайхан зоог бэлтгэдэг байна. Дотор эрхтний өөхнөөс гамбир, боорцог хайрах тос гаргаад авчихна.
Хэмнэнэ гэдэг ухаан, гамнана гэдэг хүмүүжил

Энэ гэр бүлийн өрхийн төсөвт хүн болгон өөрийн хувь нэмрээ оруулдаг. Том хүү Энхтүвшин тоглож наадахыг урьтал болголгүй зуны амралтаараа “Барс” захад хүнсний бүтээгдэхүүн вагоноос буулгаж, өөрийнхөө болон дүү нарынхаа хичээлийн хэрэглэлийг бэлтгэжээ. Батлан хамгаалахын их сургуулийн оюутан хүү нь одоо ч хичээлийнхээ зав чөлөөгөөр ажил хийдэг. Тэргүүний сурагчийн байр суурин дээрээ бат зогсдог тавдугаар ангийн бага охин нь гэр орны ажилд туслалцахаас гадна ээжийнхээ ажиллуулдаг барааны лангууг түүний эзгүйд чамгүй сайн авч явдаг нэгэн. Эцгийгээ дууриасан гарын ур дүй сайтай дунд хүү Ганбаяр нь аавынхаа сайн туслагч нь. ”Аав аа би хийе, би чадна аа л гээд байна шүү дээ” хэмээн эцэг, эх хоёр нь хүүгийнхээ талаар сайрхан ярьсан. Ганбаяр ирэх жилээс гутлын үйлдвэрлэлийг ном ёсоор нь заалгах болсондоо тун ч их баярлаж байгаа. Аав нь хаана байна хүү тэнд л гүйж явна. Ганхуяг гуай дунд хүүгээ зундаа айлын байшин засах, ханан пийшин өрөх гэх мэт ажилд байнга авч явж тоосго зөөж, шавар зууруулахаас өгсүүлээд гар хөлийн үзүүрт зарна. Аав, хүү хоёр хийсэн ажлынхаа үнэ хөлсийг өндөр хэлэхээсээ нэрлэхдэг гэх үү дээ. Нэрэлхэх гэх нь ч хаашаа юм үнийн хөөстэй нийгэмд жинхэнэ хөдөлмөрөөрөө амьдрах гэж зүтгэх ямар хэцүүг Ганхуяг яс махаараа мэддэг учраас ханын пийшин өрүүлж, байшингаа янзлуулсан хүмүүст үнэрхэж чадахгүй дунджаар 70 мянган төгрөгийн ажлын хөлс л авдаг байна.
Ээж, аавынхаа хөдөлмөрийг хайрладаг хүүхдүүд нь түрүү жилийн өвлийн хувцас гутлаа гамтай хэрэглэсэн тул энэ жил өвлийн хувцас гэж ээжийгээ зовоохгүй. Ээж нь хятад хувцаснаас илүү Герман, Японы комиссын барааны дэлгүүрээс чанартай чийг татдаггүй гутал хувцас авч өгдөг байна. Том хүү Энхтүвшин нь цэргийн сургуулийн оюутан тул жилд нэг удаа дүрэмт хувцасны 150 гаруй мянган төгрөг сургуульдаа тушаагаад л мөр бүтэн алхдаг.

“Болно доо болно”


Шинэ жил, Цагаан сар, Улсын баяр гээд ер нь ямар л тэмдэглэлт ой тохионо хэн хүнгүй яаж ийж байгаад өр зээл тавиад ч болтугай сайхан тэмдэглэн өнгөрөөхийг хичээдэг. Ганхуягийнх шинэ жилийг 50-60 мянган төгрөгөөр сүржин биш ч бас даржин бус тэмдэглэдэг. Энэ жил гэхдээ инфляцийн өсөлт өндөр байгаа тул шинэ жилийн баярт дээрхээс илүү мөнгө зарцуулж магадгүй юм.
Гурван сайхан хүүхдийн эцэг эх болсон энэ хоёр хүн ирэх жилийн намар хүүхдүүдээ сургуульд орохоос нь өмнө компьютертэй болгоно хэмээн төлөвлөжээ. Хэрвээ ингэж чадвал хүүхдүүд нь интернэтийн газруудад мөнгөө үрэхгүй даалгавраа гэртээ цаг тухайд нь хийх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Тавдугаар ангийн охин Отгончимэгт хүртэл бие даалт хийхэд нь компьютер хэрэг болдог байна. Харин гэр бүлийн эзэд үүнээс өмнө хүүхдүүдээ эрүүл, ая тухтай орчинд амьдруулахын тулд тусдаа ажлын байртай болох чин хүсэл эрмэлзлэлийг тээн амьдарч байна. Отгонжаргалын хувьд гэр бүлийн орлого нь хоёр дахин өсөж сая төгрөгт хүрвэл хангалттай биш ч дутагдах гачигдахын зовлонгүй амьдрах боломжтой гэнэ. Гэрийн эзэгтэйн хэлдгээр тэд “Болно доо болно” гээд л амьдарч байна. Ирээдүйд илүү гоёмсог гутал хийх тоног төхөөрөмж бүхий жижиг, дунд үйлдвэртэй болж хоолны ширээгээ “амраах нь” эдний бас нэг мөрөөдөл. Ганхуягийнх шиг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх гэж бор зүрхээрээ зүтгэж буй хэдэн мянган гэр бүлд улсаас атга тус, чимх дэмжлэг л хэрэгтэй болов уу.