Гэртээ харих зам дардан байх ёстой
Хилийн чанад дахь монголчууд бусад улс орноос хөрөнгө оруулалт, туршлага, ноу-хау, мэдлэг татаж эх орныхоо хөгжилт тодорхой хувь нэмэр оруулагчид билээ. Тэд тулгамдсан асуудлууддаа гарц шийдэл хайж зөвлөлдөх зорилгоор “ГЭРТЭЭ ХАРИХ ЗАМ-ЭХ ОРОНДОО ХӨРӨНГӨ ОРУУЛЪЯ” бизнес хөрөнгө оруулагчдын зөвлөгөөнийг Хилийн чанд дахь монголчуудын дөрөвдүгээр чуулганы хүрээнд зохион байгуулсан. Тус зөвлөгөөний талаар ХЧДМЗ НҮТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганзоригоос тодрууллаа.
“Гэртээ харих зам” бизнес уулзалтын гол зорилго юу байв?
-МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор МХАҮТ, ХЧДМЗ НҮТББ, бизнес эрхлэгч залуус хамтран “Гэртээ харих зам Эх орондоо хөрөнгө оруулъя” бизнес уулзалт зөвлөгөөнийг хийлээ. Эх орноосоо, нийгмээсээ тодорхой хугацаанд хол амьдарч байгаад ирсэн иргэдийн хувьд бодож төлөвлөсөн бизнесээ эхлэхийн тулд эхлээд хаана хандахаа ойлгодоггүй. Тухайн бизнесийг хийхэд Монголд зах зээл байна уу, үгүй юу гэх мэт мэдэхгүй зүйлстэй их тулгардаг. Энэ хүмүүст туслаадг Солонгосын Койка, Японы Жайка байгууллагын жишгээр гарааны бизнесийг хөгжүүлдэг, шаардлагатай судалгаа мэдээллээр хангадаг байгууллага манай улсад хэрэгтэй байна.
Үүнээс гадна тэрбумаас доош хэмжээтэй хөрөнгө оруулалт татаж байгаа бичил бизнес эрхлэгчдэд томоохон хөрөнгө орчуулагчдад тавьдагтай адилхан шалгуур нөхцөл тавьж болохгүй. Найздаа, ах дүүдээ буцалтгүй дэмжлэг үзүүлж байгаа хүнийг заавал компанийнх нь хувь эзэмшигч болохыг шаарддаг гэх мэт эрхзүйн зохицуулалт хийх шаардлагатай олон асуудал бий. Манай улс дээрх асуудлуудад анхаарал хандуулж уян хатан нөхцөл санал болговол жижиг хэмжээний хөрөнгө оруулалтуудыг татах маш их боломж байна.
-Гадаадаас хөрөнгө оруулалт татаж байгаа талаарх сүүлийн үеийн судалгаа, жишээ байна уу? Жилд хэр хэмжээний валютыг гадаадаас эх орондоо ирж байгаа бизнес эрхлэгчид төвлөрүүлж байна вэ?
-Хилийн чанд дахь монголчууд жилдээ 500 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт татдаг гэсэн судалгаа бий. Мөн 370 бизнес эрхлэгчдийн дунд асуулга явуулахад эх орондоо бизнес хийж, ажлын байр бий болгоход тулгардаг бэрхшээлүүд сүүлийн жилүүдэд 30 орчим хувиар багассан гэсэн нааштай хариу өгсөн. Мөн дээрх бизнес эрхлэгчдийн 50 хувьд хөнгөлөлттэй зээл, санхүүгийн бусад дэмжлэг шаардлагатай байгааг хэлсэн.Миний хувьд гоо сайхны брэнд үүсгэн байгуулж, үйлдвэрлэл эрхэлж, 10 хүнийг цалинжуулж байна. Гэтэл би гарааны бизнес эрхлэгч гэдэг утгаараа хаана бүртгэлд орж байгаагаа мэдэхгүй. Бичил бизнес эрхлэгчдэд өгдөг ямар ч зээл тусламж надад олдоогүй. Төр болон хувийн хэвшлийг холбосон платформ зайлшгүй хэрэгтэй. Үүнээс гадна хилийн чанадаас хөрөнгө оруулалт, ноу-Хау нэвтрүүлж амжилттай бизнес эрхэлж, баялаг бүтээж буй иргэдээ таниулах, алдаршуулах ажил зохион байгуулж хилийн чанадад байгаа бусад иргэдээ эх орондоо ирэх сэдэл бий болгох шаардлага бас байна.
Солонгосын Койка, Японы Жайка байгууллагын жишгээр гарааны бизнесийг хөгжүүлдэг, шаардлагатай судалгаа мэдээллээр хангадаг байгууллага манай улсад хэрэгтэй байна.
-Та эх орондоо ирэх хүсэл сонирхол бий болгох хэрэгтэй гэлээ. Тэгвэл энэ хүсэл сонирхол байхгүй байгаа гол шалтгааныг юу гэж харж байна вэ?
Төр хувийн хэвшлийн түншлэл байхгүй. Төрийн зохицуулалт алдаа завхрал ихтэй гэсэн нийтлэг ойлголт хилийн чанад дахь монголчуудад байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийг одоо л ярьж эхэлж байна. Энэ бол сайшаалтай хэрэг. Төрийн зарим үүргийг төрийн бус байгууллагуудад шилжүүлэн бичиг цаасны асуудлыг аль болох хялбаршуулах шаардлагатай. Шинэ бизнес эхэлж байгаа хүн доод тал нь зургаан байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.
Энэ бол төрийн байгууллагууд хоорондоо нягт холбоогүй байгаагийн илрэл. Үүнээс гадна иргэд мэдээллээр хангалттай хангагдахгүй асуудал ажиглагддаг. Зарим төрийн байгууллага, яаманд нэг цонхны үйлчилгээ, цахим үйлчилгээнүүд байдаг ч тэдгээрийг үр дүнтэй ашиглаж байгаа хүн цөөн. Манай улс цахим үндэстэн болж байгаа нь сайшаалтай боловч заавал Монгол үүрэн холбооны утасны дугаар бүртгүүлэх болдог гэх мэт системийн жижиг асуудлуудаас шалтгаалж хилийн гадна байгаа монголчуудаа орхигдуулж байна. Энэ мэт жижиг боловч ач холбогдолтой асуудлууд цөөнгүй.
-Уулзалтаас гарсан зөвлөмжид ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай ямар асуудлууд тусгагдав?
-Дөрвөн үндсэн хэсэг бүхий зөвлөмж гарсан. Үүнд “Ногоон гарц” буюу бусад орны эдийн засгийн үр өгөөжтэй бизнес боломжуудыг эх орондоо нэвтрүүлэхэд эрхзүйн дэмжлэг үзүүлэх, бизнес эрхлэгчид танил тал хайх биш өөрсдөө эрэл хайгуул хийж судалгаа мэдээлэл цуглуулах боломжийг олгох дэмжлэг үзүүлэх төв бий болгох, “борлуулалтын цонх” буюу бүтээгдэхүүн үйлчилгээг гадаад дотоодод сурталчлах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах зэрэг асуудлыг зөвлөмждөө тусгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүллээ.