Гэрэл зургийн шилдгүүдийг тодрууллаа

2011 оны шилдэг гэрэл зургуудыг шалгаруулах “Press Photo” үзэсгэлэн өнөөдөр боллоо. Уг арга хэмжээг фото мэдээллийн www.inet.mn цахим сайт, “Mongolian photo news” сэтгүүл хамтран санаачлан зохион байгуулж байгаа аж. Үзэсгэлэнд шилдэг гэсэн 100 гаруй гэрэл зургийг дэлгэсэн байлаа. Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Press photo” үзэсгэлэнд нийтдээ 80 орчим гэрэл зурагчдын 250 гаруй бүтээл ирсэн байна. Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлаг, спортын ертөнцөд өнгөрөгч онд ямар онцлох үйл явдлууд болсон талаар Та энэхүү үзэсгэлэнгээс харж болохоор байна. Нийгмийн гэрэл гэгээтэй хэсгээс эхлээд хар бараан хүртэлх олон өнгө, олон сэтгэхүй, олон өөр өнцөг, өөрийн өөрийн гэсэн дүр төрхөөрөө дээрх үзэсгэлэн сонирхогчдын анхаарлыг татаж байлаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах “Press Photo” уралдаан, үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч фото мэдээллийн www.inet.mn цахим хуудасны гэрэл зурагчин Б.Бямба-Очир уралдааны талаар “Өнгөрсөн жил манайх шилдэг гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж байсан. Харин энэ удаа үйл ажиллагаагаа өргөтгөж, шилдэг гэрэл зурагчдыг шалгаруулж байна” гэв.

“Press Photo” уралдааныг MCS групп ивээн тэтгэсэн бөгөөд тус уралдаанд “Гамма” агентлагийн зурагчин Б.Ренцэндорж “Таван толгойн түүрэн” нэртэй зургаараа Гран При шагналын эзэн болжээ. Тэргүүн байрын эзнийг “Canon EOS 5D mark II” мэргэжлийн аппарат, үнэ бүхий зүйлээр шагнасан байна. Мөн тус уралдааны Байгаль хүрээлэн буй орчин төрөлд “Эко-Ази” дээд сургуулийн захирал Ц.Адъяасүрэн “Газар усны тэмцэл” нэртэй бүтээлээрээ, Улс төр, үйл явдлын төрөлд “Өдрийн шуудан” сонины зурагчин Б.Ганбат “Хурц эргэж ирсэн нь, Спортын гэрэл зургийн төрөлд Н.Төрбат “Алтан гоол”, Соёл урлагийн бүтээлийн төрөлд “Өнөөдөр” сонины зурагчин Г.Эрдэнэтуяа “999 морин хуурын эгшиг”, Нийгмийн төрөлд Ж.Мөнх-Эрдэнэ “Хүсэл хясал” зэрэг бүтээлээрээ тус тус шилдгээр шалгарч ивээн тэтгэгч байгууллагын шагналыг авав.

Гэрэл сүүдрийн урлагийг хөгжүүлэх их үйлсэд хичээнгүйлэн зүтгэж яваа фото мэдээллийн www.inet.mn сайтын хамт олонд “Mongolian Economy” сэтгүүлийн редакциас ажлын амжилт хүсье.