“Гэр бүлийн бизнес ойлголцоход амар байдаг”

Манай сэтгүүлийн “New idea & business” булангийнхаа энэ удаагийн зочдоор “Батбайгаль” компанийн захирал С.Байгальмаа, “Энхжин сувинер” компанийн захирал Э.Урьхан нарыг урилаа. Бизнесийн завгүй хөдөлмөрийн хажуугаар үр хүүхдээ төрүүлж, өсгөх, гэрийн эзэгтэйн их ажлаа амжуулах, гоо сайхандаа анхаарах гээд эмэгтэй хүний хувьд бизнес эрхлэнэ гэдэг амаргүй. Энэ бүхнийг амжуулж, шалгуур өндөртэй бизнесийн талбарт амжилттай яваа дээрх хоёр бүсгүй нь МҮХАҮТ-аас хоёр жилд нэг удаа шалгаруулдаг “Lady entrepreneur-2009”-ын Оны онцлох хатагтайгаар шалгарч байжээ. Бялууны үйлдвэрлэл, гар урлалын салбарт өөрийн гэсэн мөрөө гаргаж яваа энэ хоёр эмэгтэй өсч томрох, өргөжин тэлэх өрнүүн тэмүүлэлтэй бизнесмэн хүүхнүүд. Тэдний яриа олон сонирхолтой сэдвийг хөндөж чадсан.

-Та хоёр бизнесээ анх хэрхэн эхэлж байсан бэ?


С.Байгальмаа:
-Ерээд онд зах зээлийн ороо бусгаа үе. Тухайн үед наадам болсон санагддаг юм аа. Гэтэл наадмын дараа бүх дэлгүүрийн лангуу хоосорчихсон байсан. Миний хувьд гэртээ бялуу хийж, зарим дэлгүүрт тавьдаг байсан л даа. Энэ ажлаа л бизнес болгоё, харин яаж эхлэх вэ гэдэг талаар бодож, ярилцдаг байсан. Би тэгэхэд төрчихсөн, хүүхэд маань нэг ой гарантай байсан. “Яг одоо л эхэлмээр байна. Оройтлоо шүү, хурдан эхэлье” гээд нөхрөө байн байн шахна аа. Эрэгтэй хүн болохоор цаг хугацааг хардаг байсан ч биз, ямар ч гэсэн над шиг нэг их адгаад байдаггүй байсан юм. Тэгээд ч манай хүн тэр үед өөр ажил эрхэлдэг байв. Бид хоёр нэг ахдаа энэ талаараа хэлдэг байсан. Тэр ах маань одоо манай зөвлөх хийдэг л дээ. Тэгсэн нэг өдөр ах “Та нар яг хийж чадах уу?” гэж асууж байна. “Чадна чадна” гэсэн. Тэгсэн ах маань 600 ам.долларын зээл олж өгөөд, “За одоо хэрэгтэй тоног төхөөрөмжөө аваад, бэлдээд тавьчих” гэсэн.
Тухайн үед дөнгөж зах зээлд орж байсан болохоор газраа хаана түрээслэхээ ч мэдэхгүй. Манай найзын нэг хоосон байшин байхаар нь зуурагч, шарх шүүгээгээ аваачиж тавиад ажлаа эхэлж байсан. Тухайн үед Улаанбаатарт бялууны ганц, хоёрхон газар байсан санагддаг юм. Нэг л санаанд багтаад, бялууны зах зээлийг өргөжүүлж чадна гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн. Бид нэг их удалгүй Германы Элчин сайдын яамны хажуу талын салбараа нээсэн. Анхны хэрэглэгч рүүгээ ойртсон алхам тэр байсан. Одоогоос 14 жилийн өмнө манайд дэлгүүрийн бизнес төдийлэн сайн хөгжөөгүй байсан болохоор бүтээгдэхүүнээ лангуугаар тараана. “Далай ээж”, “Меркури”, “Дөрвөн –Уул” зэрэг хүнсний захын хувь хүмүүст өгдөг байсан.

Э.Урьхан:
-Ер нь бол бизнесийн түүх замнал ерөнхийдөө адилхан юм байна /инээв/. Би зураач мэргэжилтэй. Оюутан байхаасаа л сонин, сэтгүүлийн газарт “халтуур” хийдэг байсан. Өнөөдрийнх шиг компьютер энэ тэр байгаагүй. Манай аав бас зураач хүн л дээ. Аавтайгаа хоёулаа байгалийн хатаамал хийж ханын чимэглэл болгоод бас л Байгальмаа эгч шиг гадуур лангуунуудаар өгнө. “Их дэлгүүр”-ийн тавдугаар давхрын бэлэг дурсгалын тасагт бараагаа өгдөг байлаа. Яваандаа олон төрлийн бүтээгдэхүүн хийгээд ирэхээр өөрийн гэсэн лангуутай болох шаардлага гарсан. Тэгээд “Цэцэг” төвд анх лангуу түрээсэлсэн. Тухайн үед бол хэцүү л байсан. Хамаг орлогоо лангууныхаа түрээсэнд өгчихөөд 1500 төгрөг атгаад үлдэж байсан үе ч бий. Гэхдээ би шантраагүй. Хажуугаар нь сургуульдаа сураад л, юмаа ч хийгээд бүгдийг амжуулаад явсан. Лангууныхаа ард гар урлалынхаа бүтээлийг хийгээд л сууж байдаг байлаа шүү дээ. Сүүлдээ “Цэцэг” төвөөс гараад “Мөнгөн завъяа”-д өөрийн гэсэн лангуутай болсон. Жилийн өмнөөс л өөрийн төвийг байгуулсан. Манай төв хэрэглэгчдэд гар урлал хийгээд бэлэг дурсгалын цогц үйлчилгээг хүргэдэг. Мөн манайх арьсан эдлэлийн үйлдвэрлэл явуулдаг.

-Танай компанийн нэр сонирхол татсан. Эзнийг нь Энхжин гэдэг юм байх гэж таамаглаж байлаа шүү дээ.

-Манай том охиныг Энхжин гэдэг. Одоо 13 настай.

-Эмэгтэй хүмүүсийн хувьд бизнес эрхлэнэ гэдэг амаргүй. Та хоёрын хувьд ажил амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ. Гэр бүлийн бизнесийн онцлог юу байдаг бол?

С.Байгальмаа:
-Гэр бүлийн бизнесийн онцлог бол хамтраад, хүсэл зорилго нэгтэй, нэг зүгт харж чаддаг болохоор “Чи тэрийгээ тэгээрэй, би үүнийг ингэе” гэх байдлаар ажлаа арай хялбар ойлголцоход амар байдаг юм болов уу. Хэрвээ манай бизнесийн хувьд нөхөр маань өөр ажил хийдэг бол надад маш хүнд байх юм шиг санагддаг. Хүнсний үйлдвэрлэл маш эгзэгтэй, хариуцлагатай. Дээр нь аж ахуй гэж том зүйл бий. Борлуулалтын тэрэгнүүд, машин, тоног төхөөрөмжүүд, ус, цахилгаанаас өгсүүлээд үйлдвэрт маш их асуудал гарна. Бид хоёр нөхрийнхөө ахын гэр бүлтэй дөрвүүлээ хамтарч эл бизнесээ эрхэлдэг. Ажлаа хуваагаад авчихад гэр бүлийн бизнес амар байдаг.
Эмэгтэй хүний хувьд бизнес эрхлэнэ гэдэг мэдээж сайн хань нөхөр, ах дүү, хамт олны хүчинд явдаг гэж боддог. Бид баярт зориулсан хүнс хийдэг болохоор гэр бүлээ баярлуулахаасаа илүүтэй хэрэглэгчдээ бялуугаар тасалчихгүй юмсан гэдэг үүднээс баярын үеэр хагас цэргийн зохион байгуулалтад ордог. Тийм тийм материал аваад, тэгж тэгж ажиллана, тийм тийм хүмүүс хариуцлагатай жижүүрт гарна гээд бүх ажлаа хувааж авна. Юуг ч дутуу хийж болохгүй. Хамгийн наад зах нь бялууны хайрцагны боодол хүртэл чухал. Хэрвээ бялуугаа боодолгүй өгчих юм бол хэрэглэгч маань савчиж явж байгаад унагаачих тохиолдол байдаг. Тэрийг хүртэл маш нарийн бодож төлөвлөж хийдэг.
Гэр бүлээ баярлуулж эхэндээ амждаггүй байсан сүүлийн үед амжуулаад байгаа. Хүн бүхэн ажлаа хувааж аваад, баяр гэдгийг өөрсдөө мэдрэхтэйгээ болж байгаа шүү. Тэгэхгүй бол хүүхдүүд хүртэл зүрх сэтгэл нь аав, ээжийнхээ бизнес рүү чиглэчихдэг шиг байгаа. Аав ээж ажилтай юм чинь бид нар баярлах ч яах вэ гэсэн бодолтой болчихдог юм шиг санагддаг. Тэр бүхнийг зохицуулж сурч байна аа.

Э.Урьхан:

-Байгальмаа эгч бид хоёрын бизнес баярын үеэр адилхан хүн баярлуулж, ачаалалтай ажилладаг юм байна. Манай хувьд зундаа борлуулалт харьцангуй сайжирдаг. Аялал жуулчлалын улирал эхлэхээр жуулчид олноороо үйлчлүүлдэг. Өвөл ч гэсэн муугүй ээ. Монголчууд сүүлийн үед баярыг өргөн тэмдэглэж, нэгэндээ бэлэг өгөх дуртай болсон.
Мэдээж гэр бүлийн бизнес эрхлээд өдий зэрэгтэй явж байгаа маань гэр бүлийн хүний нөмөр нөөлгийн ач тус. Санасан бодсоноо хийж хэрэгжүүлэхэд хань маань ойлгож, тусалж дэмжихгүй бол хэцүү шүү дээ. Залуу хүмүүсийн хувьд үр хүүхдээ гаргаж, өсгөх, ажил амьдралаа авч явах гээд хүндрэлтэй л дээ. Шаргуй хичээсний дүнд өөрсдөө ч гэсэн биеэ эрүүл авч явахаа мэддэг. Тийм болохоор үр хүүхдээ ч төрүүлж, өсгөнө, ажлаа ч хийнэ. Ээж аав, ах дүү нар бас туслана. Улсын ажил биш болохоор төрөх орон дээр гарчихсан мөртлөө утсаар ярьж, “ Тэгсэн үү, ингэсэн үү” гээд ажлаа амжуулна шүү дээ/инээв/. Иймэрхүү бужигнаан дунд л амьдрал өнгөрч байна. Үүнээсээ эрч хүч авч амьдардаг. Ачаалал ихтэй, юм юм зохицуулаад яваа хэрнээ огт ядардаггүй. Ажил маань бүтэж, үр хүүхэд маань өсч том болж байвал зовлон бэрхшээлийг умартаад л явдаг юм байна.

-Бэлэг дурсгалын бизнесийн онцлог юу байдаг вэ?

-Бид худалдаандаа маш их шинэ зүйл санаачилдаг. Яагаад гэхээр хүнд бэлэг өгөхөд өгч байгаа хүн нь ч, авч байгаа хүн нь ч сэтгэл хангалуун байх ёстой. Манайх шинэ төвөө нээхдээ бэлэг дурсгалын цогц үйлчилгээг нэвтрүүлсэн. Манайхаас бэлэг авч байгаа хүнд дурсгалын үг үнэгүй бичиж өгч, сав баглаа боодлоор үнэгүй үйлчилдэг болохоор худалдан авагч маань сэтгэл өндөр гардаг. Одоогоор манайх шиг цогц үйлчилгээг үзүүлдэг газар бараг байхгүй. Мөн манай гар урлалын салбарт мэргэжлийн хүн цөөн. Тиймээс ерөнхийдөө суурь хүмүүжил сайтай хүүхдүүдийг сургаж авдаг.Тэдэндээ хэрэглэгчдэдээ бараагаа яаж танилцуулахыг заана, инээхийг сургана.

-Манай үйлчилгээнд инээсэн үйлчилгээ үнэхээр үгүйлэгдэж байгаа шүү.

-Манайхан хүнтэй харилцах харилцаан дээр их дутагдалтай санагддаг. Эелдэг үйлчилгээ, үйлчилгээний соёлыг Азид бол Хятад, Солонгос хоёр улс л үнэхээр сайн нэвтрүүлж байна. Бид тэднээс суралцах ёстой.

-Сүүлийн үед монголчууд баярыг өргөн тэмдэглэдэг болсон. Бялуугүй баярын ширээ гэж байхаа больсон. Жил бүрийн гуравдугаар сард бялуу үйлдвэрлэгчид хамгийн ачаалалтай ажиллахаас гадна орлого сайн байдаг байх.


С.Байгальмаа:
-Манай үйлдвэрлэл улирлын чанартай. Өвлийн улиралд олон баяр ёслол тохиодог тул борлуулалт сайн байдаг. Шинэ жил, Цагаан сар, Валентин, Март, Цэргийн баяр гээд ар араасаа хөвөрдөг. Зарим хүн яагаад ийм ойр ойрхон баяр тэмдэглээд байна гээд шүүмжлэлтэй ханддаг. Манай нөхцөлд цаг агаар хүнд болохоор тэр болгон гараад баярлаад байх боломжгүй. Тэгэхээр би хувьдаа монголчуудыг баяр ойрхон тэмдэглэхийг буруутгадаггүй. Чадаж л байвал тэмдэглэж л байг л дээ/инээв/.

-Танайх бол маш өрсөлдөөнтэй салбар шүү дээ. Сүүлийн үед өрсөлдөөнд ямар өөрчлөлт, онцлог ажиглагдаж байна вэ?

-Сүүлийн үед өрсөлдөөн маш хүчтэй болж байгаа. Эхэн үедээ бид манлайлж явж байсан бол сүүлийн үед хүмүүс халуун, шинэ нарийн боов идэх дуртай болжээ. Тэгэхдээ тэр шинэ нарийн боовоо яг үйлдвэрлэж байгаа газар дээрээс нь авч хэрэглэх сонирхолтой. Хэрэглэгчийн дэргэд нь үйлдвэрлэл явж, тэр сайхан үнэрийг нь үнэртээд, амттанаа сэтгэл хангалуун зооглох үйлчилгээний чиглэлд нарийн боовны хөгжлийн чиг хандлага яваа. Нэг үгээр хэлбэл, ширээнээс ширээнд хүрэх тэр түвшинд хүрээд байгаа.

-Танайх энэ чиглэлээр хэр ажиллаж байгаа вэ?

-Бидэнд нэгэнт эргэсэн хүрдийг зогсоох эрх байхгүй. Манайх “Батбайгаль” салбар дээрээ нарийн боовоо үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэе гэсэн төлөвлөгөө бий. Мөн бид хүмүүст ах дүү, хамаатан садан, ойр дотныхоо хүнтэй ороод тухтай үйлчлүүлэх хаус ресторан нээсэн. Эндээ цогц үйлчилгээ явуулахыг эрхэмлэдэг. Халуун бэйкэри, халуун хоол , халуун ундаа гээд өөрийнхөө юу хийж чадаж байна түүгээрээ үйлчилдэг. Манай энэхүү шинэ кафе, ресторанд зочлоход шинэлэг үйлчилгээг мэдрэх болно гэдгийг танай уншигчдад дуулгая.
Үүнээс гадна үйл ажиллагаагаа өргөжүүлэхтэй холбоотой франчайзингийн үйлчилгээний чиглэлээр ажилладаг юм бил үү гэсэн бодолтой байгаа. Хүмүүс “ Танай чиглэлийн юмыг хиймээр байна, яаж хийх үү, танайх юмаа зааж өгөөч” гээд нэлээд хандаж байгаа. Бид үүнийг бодож үзээд, франчайзингийн үйл ажиллагааг яаж нэвтрүүлдэг туршлагыг судалж байна. МҮХАҮТ-ын франчайзингийн гишүүн болсон. Хэрвээ хууль дүрэм нь гарах юм бол энэ чиглэлд ажиллана гэсэн бодолтой байгаа. Франчайзингийн үйлчилгээ гэдэг нь манай салбарыг сонирхож байгаа хүн байх юм бол бид юмаа зааж өгөөд, хөрөнгө оруулалтын тал дээр хамтарч ажиллана гэсэн үг. Ирээдүй иймэрхүү харагдаж байна.

-Монголын гар урлалын бүтээгдэхүүн чанар муутай санагддаг. Хүнд бэлэглэхээс өмнө салаад унах нь энүүхэнд. Үүнийг чанаржуулж, сайжруулах талаар юу хийх ёстой вэ?

-Үнэн үнэн. Монголын гар урлал гэхээр тээвэрлэлтийн явцад салаад уначихдаг, халуун оронд очихоороо арьс нь умайгаад татчихдаг, эсгийн бүтээгдэхүүнээс нь эвгүй үнэр гардаг ч юм уу. Үүнийг бид сайжруулахын тулд юу хийх ёстой вэ гэхээр хамгийн гол нь үйлдвэрлэлдээ анхаарах ёстой. Бид гадаад худалдааг эрхлэе гэж бодож байгаа бол бараагаа чанаржуулах л шаардлагатай. Нэг ч өө сэвгүй байх ёстой. Өнөөдөр манай гар урлал хоёр хөршдөө нэг юмаараа нэр хүндтэй байгаа л даа. Монголчууд хиймэл материалаар хийдэггүй, жинхэнэ цэвэр арьсаар хийдэг гэдгээрээ нэр хүндтэй яваа. Өөрөөр хэлбэл, бидний болхи бүдүүлэг байдал нь нэр хүндийг бий болгож байна. Жинхэнэ арьсаар хийдэг бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахад манай гар урлал гадаад зах зээлд гарах бүрэн боломжтой.
Монголын хүн ам цөөхөн тул бидний үйлдвэрлэл тооны хязгаартай. Нэг бүтээгдэхүүнийг 2000 ширхэгээс илүү хийж болдоггүй. Заавал загвараа солих хэрэгтэй болдог. Нэг хэтэвч гаргалаа гэхэд 1000-аас илүү хийж болохгүй. Арьсан хэтэвчийг хэдэн жил хэрэглэнэ шүү дээ. Чанар нь тэндээ байдаг. Дээр нь гадаад зах зээлээ маш сайн судлах хэрэгтэй. Зах зээлд чанартай бараа хүргэхийн тулд үйлдвэрлэлээ сайжруулах ёстой. Үйлдвэрлэл явуулахын тулд маш сайн бэлтгэгдсэн боловсон шаардлагатай байна. Тийм хүмүүсийг бэлтгэхийн тулд өөрсдөө дунд нь орж ажиллахаас аргагүй болдог. Сургууль байгуулахын тулд наад зах нь багш нараа өөрсдөө бэлтгэх хэрэгтэй. Манай гар урлалын зах зээлийг хөгжиж байна гэж хэлэхэд хэцүү. Уг нь бол хөгжүүлэх санаа нь байгаад байдаг. Цаг хугацаа яваад байдаг /инээв/.

С.Байгальмаа:

-Манай монголчууд өмсөх хувцсаа урдаас оруулаад ирж байна. Тэгэхээр бэлэг дурсгалын зүйлсээ л жуулчдад сайн борлуулах хэрэгтэй болов уу. Ирсэн хүн бүрт худалдаад явуулах хэрэгтэй юм шиг байна лээ. Уг нь тэр боломж нь байх шиг байгаа юм.

Э.Урьхан:
-Тэр боломж нь байгаа. Манайх дэлгүүртээ ирж буй гадаад хүмүүст “Та дараа манайхаар үйлчлүүлээрэй” гээд нэг түлхүүрийн оосор өгчих жишээтэй. Тэр хүн баярлалаа гэж гараад заавал эргэж ирдэг. Гадаадынхны сэтгэл нь тийм гоё. Манай монголчууд болохоор стресстэй, ширүүн хүмүүс юм шиг байгаа. Орж ирэхэд нь “Сайн байна уу” гээд угтахад, хариу эелдгээр мэндлэх хүн ховор. Өмнө нь бөхөлзөөд байхаар гарахынхаа үед сэтгэл нь арай өөр болдог/инээв/.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг сүүлийн жилүүдэд маш их дэмжиж байгаа. Та хоёрын хувьд жижиг, дунд бизнесийн зээлд хэр хамрагдаж байна вэ?

С.Байгальмаа:
-Мэдээж бизнес явуулахад зээлгүй бол хэцүү. Бид нар ямар өв хөрөнгө өвлөж ирсэн биш. Сүүлийн үед банкууд утасдаад “Танайх зээл авах уу, бид нар ийм ч бага хүү санал болгож байна” гэх болж. Ер нь зээлээр л үйлдвэрлэлээ босгосон.

Э.Урьхан:

-Бизнесийн ганц түлхэц нь зээл болдог. Жижиг, дунд бизнесийн зээлд байнга л хамрагддаг. Зээл авах чинь нэг талаасаа их зөв юм билээ. Хүнээс юм авчихсан болохоор заавал буцааж өгөх ёстой гэж өөрсдийгөө шахаж ажилладаг сайн талтай.

С.Байгальмаа:
-Тийм шүү, зээлтэй болохоор өөрийгөө шахаж шаардахад хэрэгтэй байдаг. Миний нэг танил хэлж байсан. Зээлээ төлөөд дуусчихсан чинь юмаа хийх сонирхолгүй болчихлоо гэж /инээв/. Бурхны номд өр бүү тавь, зээл бүү хий гэдэг юм билээ. Гэхдээ бидний хувьд зээл хэрэг болсон. Хүү нь бага л байх юм бол бид цаашаа илүү ихийг хийнэ. Хүүнд баригдах тал бий. Түүнээс биш, хийх зүйл бол маш их байна.

Э.Урьхан:

-Биднийг зээлийн хүүгээр дэмжээд өгөх юм бол гар урлалын салбарт маш ихийг хийх боломж бий. Бидэнд нэгдүгээрт, хүн хүч дутагддаг. Хоёрдугаарт, хөрөнгө мөнгө нь алга. Өөрсдийнхөө хүчээр яваад байна гэдэг бол бид яст мэлхийний хурдаар явж байна гэсэн үг. Туулайны хурдаар дэгдэе гэвэл бидэнд маш их хөрөнгө хэрэгтэй. Бизнесээ эхлээд хөлөө олчихсон хүмүүст хөнгөлөлттэй зээл өгөх юм бол бид ядаж хүмүүсийг сургаж болж байна. Одоо их, дээд сургуульд сурч байгаа хүүхдүүд амьдрал дээр гараад юу ч хийж чадахгүй байна.
Миний бас нэг мөрөөдөл байдаг. Боломж нээгдээд, миний бизнес урагштай яваад ирэх юм бол би Үндэсний гар урлал гэсэн дээд сургууль нээнэ. Яг үйлдвэрлэлийн чиглэлээр сургадаг. Тийм чадварыг эзэмшээд гарах юм бол үйлдвэрлэлийг хөгжүүлж болж байгаа. Манай мэргэжлийн сургууль төгссөн хүүхдүүд өөрсдийгөө хөгжүүлэх тал дээр сул байна. Би үүнийг хийгээд сурчих юм бол гурав, дөрвөн жилийн дараа миний насны хоол болно ш дээ гэдгийг ойлгодоггүй. Маш шантрамтгай. Жишээ нь би нэг жаахан авьяастай хүүхэд олж аваад сургалаа гэж бодъё. Нэг сар нүдүүлээд “Ямар их ажлаар шахдаг юм. Хэн ингэж ажиллаж байдаг юм. Би үүнийг чинь сураад, таны дор л ажиллаад байх юм уу” гэж цааргалдаг ч юм уу. Нэг бол би өөрийнхөө төрсөн дүүг аваад “Дэмий юм яриад бай чи. Үүнийг заавал сурах ёстой” гээд толгой руу нь чичлээд байвал болох байх. Боловсон хүчин үнэхээр үгүйлэгдэж байна. Бид хүн сургаж авах гэж 1-2 жилийг алддаг. Гэтэл бүгдийгээ зааж сургаад байж байтал нөгөө хүүхдийн маань санаа нь хувираад яваад өгдөг. Эсвэл өөрийнхөө үеийн гарын дүйтэй хүнийг сургаад явж байтал бидний ажлыг өнгөц хараад “Би өөрөө ингээд хийгээд явж болох юм байна” гээд гараад явчих жишээтэй. Тэр хүнийг хорих эрх байхгүй. “Сэтгэлээсээ танд юмаа зааж өгсөн шүү. Аваад явбал тэр л биз, чадахгүй бол эргээд ирээрэй” гээд явуулдаг.

-Бялууны үйлдвэрлэлд хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигддаг. Манайд өнөөдөр бялуу л гэхэд төрөл төрлөөрөө байдаг. Гэхдээ хэрэглэгчид аль үйлдвэрийн бялуу баталгаатай вэ гэдгээ мэдэхгүй. Баяр ёслолын үеэр арай олон жил үйлдвэрлэл явуулсан юм чинь “Батбайгаль”, “Жүр үр”-ийн бялуу нь дээр байх гэж сонголтоо хийдэг.

С.Байгальмаа:
-Том үйлдвэрүүдийн хувьд эрүүл ахуй талаасаа хяналт маш чанга ш дээ. Бид өөрсдөө ч гэсэн дотоод хяналтаа дээд зэргээр хангахад анхаардаг. Өөрийн эрүүл ахуй, ариун цэврийн лабораторитой. Ингэснээр ажилтнууд ч гэсэн хувийн ариун цэвэртээ их анхаардаг болсон. Тэгэхээр бидний хийж буй хүнс хяналтад бүрэн хамрагддаг учраас найдвартай гэж хэлж чадна. Нэг үеэ бодоход хүнсний аюулгүй байдлын хяналт хаа хаанаа цэгцрээд л байгаа.


-Манай урилгыг хүлээж авч, бидэнд цаг зав гаргасан та хоёрт баярлалаа.