Гүний уурхайн “гүн ухаан”

Том нэрс зүүлгэж, тоймгүй олон тэгээр үргэлжлэх тодорхой тооны зээлийг Монгол Улс асар богино хугацаанд өрийн дансандаа нэмж бичүүлсэн. Ингээд олсон хамгаараа иргэдээ “халамжилж”, хотоо цэцэгжүүлэхийн хажуугаар “888” хэмээн төсөл нэртэй цаас цуглуулсан бүхнийг эрхлүүлээд дуусахад эдийн засаг бас л дагаад “дуусав”.

Хоёр чихнээсээ хагацах дээрээ тултлаа хоосорсон монголчууд өрийн дарамтад орж дампуурах тухай бодож суутал Ойрхи Дорнодын баянбүрд гэгдэг тэртээх Дубай хотоос таатай мэдээ дуулдах нь тэр. Гэрээ биш төлөвлөөгөө, нууц байгаагүй ил тод мэдээлсэн гэх мэтээр өдгөө маргасаар байгаа ч олон улсын хөрөнгө оруулалтын тавцанд навс унаад байсан Монголын нэр хүндийг хэдэн алхам өөд ахиулав. “Discovery Channel”, “National Geographic” тэргүүтэй олон улсын томоохон сувгууд Монголын тухай нэвтрүүлгүүдээ ээлж дараалан цацаж эхэлсэн нь манай орон бусдын анхаарлыг ахин татаж эхэлсний хамгийн энгийн жишээ.

Амь тавихад ойр ирээд байсан Монголын эдийн засаг “Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-р сэхэл авсан гэж болох. Орж ирэх “ногоон”-ы сургаар зарцуулалт хийх жагсаалт ч гараад амжсан. Гэвч “Оюутны 70” гэх мэтээр бас л үрээд дуусах вий.

Монголын эдийн засгийн өсөлтөд хүчилтөрөгч болохуйц бүтээн байгуулалт Оюутолгой нэрээр олны танил болоод өдгөө зургаан жилийг үджээ. Хүний насаар бол бага ангийн “сурагч” болох нь. Гэтэл монголчууд энэхүү хүүхдээ сургана, сургахгүй хэмээн талцаж, чангаасаар байгаа нь шалдаа буусаар буй Монголын нэр хүндийг эргээд шаварт хутгаж мэдэх юм. Ийм учраас улстөржих бус асуудлын гүн юу болохыг сийрүүлэхийг оролдлоо.

Төлөвлөгөөнд юу тусгав
Тус орд газартай холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ анх 2009 онд хүчин төгөлдөржсөнөөс хойш ил уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа чамлахааргүй их өгөөжийг Монгол Улсад өгсөн гэдэг. Гэвч Оюутолгойн уурхайн баялгийн 80 хувь нь буюу “алтан авдар” нь газрын гүнд оршиж буй. Гүний уурхайн бүтээн байгуулалт, цаашлаад үйл ажиллагааг эхлүүлснээр манай улсын эдийн засаг хэрхэн сэргэх талаар дотоод, гадаадын эдийн засаг, судалгааны байгууллагууд дүгнэлт, анализ гаргасаар байгаа.
Түүнчлэн “Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд “Гүний уурхайн техник, эдийн засгийн үндэслэлд /ТЭЗҮ/ дурьдсанаар Оюутолгой төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны ТЭЗҮ-д тооцсон тооцоололтой нийцэж байгаа ба үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэж байна” гэжээ. Түүнчлэн гүний уурхайн үе шатны бүтээн байгуулалт, үйл ажиллагааны зардал, Монгол Улсын Засгийн газарт төлөх төлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт зарцуулагдах зардлын тооцоо, бүтээн байгуулалтын ажлын болон зардлын төлөвлөгөөг тоймлон гаргажээ.
Төлөвлөгөө юу авчрах вэ
Гүний уурхайн бүтээн байгуулалт зөвхөн мөнгөний хүүдий биш. Амьдралын шинэ стандарт, шинэ туршлагыг Монголд нэвтрүүлэх шинэлэг өөрчлөлт хэмээн төсөл хэрэгжүүлэгч талаас хэлж буй. Тус уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнөөс эшлэн дурьдвал ““Оюу Толгой” ХХК Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, тэр дундаа Өмнөговь аймагт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгож, тэдний нийлүүлж буй бараа, үйлчилгээг болон Монгол Улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материал, сэлбэг хэрэгсэл зэргийг цаг хугацаа, тоо хэмжээ, чанарын хувьд өрсөлдөхүйц байх нөхцөлтэйгөөр тэргүүн ээлжинд худалдаж авна” гэжээ. Үүнээс үзэхэд, Оюутолгойн төслийг дагаад үндэсний ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжих, улмаар ажлын байр шинээр бий болох гээд олон давуу тал ундрахаар байгааг онцлох нь чухал. Гэвч эдгээр боломж, бололцоо зохих шаардлагуудыг хангасан нөхцөлд хөрсөнд буух боломжтой аж. Тодруулбал, “Оюу Толгой” ХХК гүний уурхайн үе шат (гүний уурхайн ТЭЗҮ-д заасны дагуу Хойд Хюго ордыг ашиглах гүний уурхайн нэгдүгээр давхрын бүтээн байгуулалтын ажил, далд уурхайгаас олборлох хүдрийг боловсруулах зорилгоор баяжуулах үйлдвэр болон холбогдох дэд бүтцэд хийх өөрчлөлтийг ойлгоно)-ыг санхүүжүүлэх гуравдагч этгээдийн төслийн санхүүжилтийг авах шаардлагуудыг хангахын зэрэгцээ оролцогч талуудын ТУЗ тус бүрээр батлуулсан байхаар заажээ.
Биеллээ олох ээлжээ “хүлээж” буй мега төслүүдийн нэг Оюутолгой дээрх мэтээр өгөөжөө хүртээх учиртай. Гэвч ордын 34 хувийг эзэмшиж буйн хувьд Засгийн газар өөрийн зүгээс хийх ёстойгоо хийх нь бизнест оролцох тэргүүний зарчим. Тэгвэл үүний илрэл гэж болох эхний алхам бол гацаах биш урагшлуулах. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханы хэлснээр Оюутолгойн орд дэлхийд өрсөлдөхүйц томоохон уурхай болоход гүний уурхайн бүтээн байгуулалт тун чухал үүрэгтэй төдийгүй өнөөгийн үнэ цэнээр тооцвол гүний уурхайн бүтээн байгуулалтаас 50 орчим тэрбум ам.долларын өгөөж хүртэх боломжтой аж. Бизнесийн ийм зарчмаар явах учиртай энэ төслийг “эрүүлээр” үргэлжлүүлбэл Монгол Улсад шинэ хөрөнгө оруулалт татах, эдийн засаг сайжрах гээд эерэг нөлөө их гэдгийг тэрбээр хэлсэн юм. Тэгвэл “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболдын үзэж буйгаар гүний уурхайн үйл ажиллагаа эхлэхтэй уялдан гаднын дэвшилт технологи Монголд нэвтрэх боломж бүрдэх аж. Түүний онцолсноор монголчууд хоёр хөршөөсөө хоол горьдож суух биш дэлхийн бусад томоохон гүрэнтэй бизнес түншлэл бий болгох гарц үүснэ.
Монголын эдийн засгийг сэхээн амьдруулах төлөвлөгөө гарсан нь сайн. Хэрэгжвэл бүр ч сайн. Гэвч цаасанд буулгаснаа амьдрал дээр хэрэгжүүлэхэд хэдэн хүний гарын үсэг хангалтгүй. Тоглоомын дүрмээ маш тодорхой болгох нь эхний алхам. Энэхүү шаардлагыг ч хангасан, нэг мөр ойлголцсон гэдгийг “Эрдэнэс Оюутолгой” болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хэлсэн. Удаах алхам долоо орчим жил үргэлжлэх бүтээн байгуулалтын ажил. Үүнд уурхайн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан уул уурхайн “диваажинг” бий болгох асуудал багтаж буй. Гүний уурхайн бүтээн байгуулалтын чухал хэсэг болох туннел барихдаа нэг сумаар хоёр туулай буудах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ нь туннел ухахын зэрэгцээ тодорхой хэмжээний олборлолт хийнэ гэсэн үг. Хэдийгээр төлөвлөсөн хугацаанаас хавьгүй олон жил шаардлагатай байж болох ч ирэх долоон жилийн дотор гүйцээх зорилго тээн жигд олборлолтыг эхлүүлэхээр “Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд тусгажээ.
Мөнгө хөөсөн хүн мөнгө хөөсөөр үхдэг гэдэг үг бий. Иймд Оюутолгойн гүний уурхайг зоосны нүхээр харах нь учир дутагдалтай. Эл ордыг тойрсон асуудалд мөнгө гэсэн нэг талыг хэт барьж, мэдээлж, тайлбарлаж буй нь тус ордыг мөнгөний гахай мэтээр ойлгоход хүргэж байгаа юм.
Гэвч эл орд зөвхөн байгалийн баялгийн уурхай биш дэлхийн стандартад стандарт тогтоох бүтээн байгуулалтын асар том “соёл” гэдгийг ойлгох цаг нэгэнт болжээ.


"Mongolian Economy" сэтгүүл 2015 оны 06 сар, №092 дугаараас