Г.Рагчаасүрэн: “Чингис” бондын төлбөр бусад салбарынхны хувьд ахадсан өр

ДНБ-ий өсөлтөөс илүүтэй Үндэсний нийт бүтээгдэхүүн /ҮНБ/-ий өсөлт чухал-

ИБУИНВУ-ын Велфастын Хатан хааны их сургуулийн багш, дэд профессор, эдийн засагч Г. Рагчаасүрэнтэй ярилцлаа.

-Эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Засгийн газар “Чингис” бондын хөрөнгийг босгосон нь Монгол Улсын эдийн засгийн хувьд азтай үйл явдал болжээ. Хэрвээ бондын хөрөнгө босгоогүй бол бүтээн байгуулалтын шинж чанартай томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихгүй байлаа. Нүүрсний экспорт буурч, зэс болон нүүрсийн үнэ унаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь эдийн засгийг хямралд хүргэх хангалттай шалтгаан болох байлаа. Гэсэн хэдий ч 2008 оных шиг эдийн засгийн хямрал өнөөдөр бий болоогүй байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ өнгөрсөн оны мөн үетэйгээ харьцуулахад 12 хувийн өсөлттэй байна. Өөрөөр хэлбэл, экспортын орлого, гаднын хөрөнгө оруулалтын бууралтыг төрийн хөрөнгө оруулалтаар буюу Чингис бондын хөрөнгөөр бий болгож байгаа бүтээн байгуулалтын төслүүд нөхөж байгаа нь эдийн засгийг хямралаас хамгаалж байна.

Манай экспорт, гадаадын хөрөнгө оруулалт үлэмж багассан боловч импортын хэмжээ буурахгүй байгаа нь ДНБ өсөж байгаатай холбоотой. Ингэснээрээ ам.долларын хомсдол үүсч улмаар ханш нь өсөж байна. Түүнээс эдийн засаг хямарч, нөхцөл байдал хүндрээгүй байна. Ажилгүйдэл өсөөгүй, инфляци харьцангуй тогтвортой байна. Гэхдээ энэ нь зөвхөн богино хугацаанд бий болж байгаа нөхцөл байдал гэдгийг мартаж болохгүй. Энэ байдал удаан үргэлжилвэл, Засгийн газар дахиад хэр хэмжээний хөрөнгийг ямар хүүтэй босгох вэ гэдэг асуудал эдийн засгийг үргэлжилж болзошгүй хямралаас аврах уу, үгүй юү гэдэг шийдвэрт чухал нөлөө үзүүлэх болно.

-Инфляци цаашид тогтвортой байж чадах болов уу?

-Ханшийн өөрчлөлтөөс үүдэн импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж улмаар инфляци өсөх дарамт болж байгаа. Үүний эсрэг үнэ тогтворжуулах хөтөлбөр болон зах зээлийн өрсөлдөөн ажиллаж байгаа. Эдийн засгийн хөрөлтийн үед зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэж улмаар үнийн түвшний өсөлт удаашрах учиртай. Үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад инфляци энэ ондоо харьцангуй тогтвортой, 10 хувиас хэтрэхгүй байх болов уу.

-“Чингис” бонд валютын ханшид хэрхэн нөлөөлж байна вэ?

-Экспортын орлого болон гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь гадаад валютын нийлүүлэлт буурах гол шалтгаан болсон. Гэтэл Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар орж ирсэнээрээ валютын ханш тогтвортой үлдэх, ядаж удаан өсөх боломж тодорхой хэмжээгээр үүссэн. Эдийн засаг өсөж байгаа тохиолдолд импорт түүнийг дагаад ам.долларын эрэлт нэмэгдсэн гэж бодож байна. Гаднаас орж ирэх валютын урсгал нэмэгдэх шинжгүй байгаа тохиолдолд, Төв банк валютын ханшийг тогтвортой барих боломж болоод сонирхол бага байгаа. Ингэснээр, валютын ханшийг зах зээл өөрөө тогтоох болов уу. Ханшийг нөөцөөрөө барих гэж хэт оролдвол зах зээлийн хүлээлтэд нөлөө үзүүлж зах зээл дээр ханш хэт хурдтай өсөх том эрсдэл бий.

-Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал нааштай эргэлээ гэхэд үр дүн нь шууд гарах уу?

-Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт зөв тийшээ хандлаа гэхэд валютын захын хүлээлтэд эерэгээр нөлөөлнө. Ханшийн зах зээл дээр тоглогчдод ирээдүйд ам.долларын нийлүүлэлт нэмэгдэх юм байна гэсэн хүлээлт бий болсноор үүссэн байж болзошгүй ханшийн хөөрөгдөл намжих болов уу. Нөгөө талаас “Рио Тинто” компани Оюутолгойн далд уурхайд хөрөнгө оруулалт хийлээ гэж үзэхэд нэлээд нь импортын худалдан авалт хийнэ. Өөрөөр хэлбэл, далд уурхайд шаардлагатай тоног төхөөрөмж болж орж ирнэ гэсэн үг. Далд уурхайн бүтээн байгуулалт эрчимжих үеэс валютын дотогшоо чиглэсэн урсгал нэмэгдэх болно. Түүнээс наана ханшны хүлээлтэд нөлөөлөхөөс өөр бодитой үр дүн гарахгүй. Манайхаас ажиллах хүч авч, ханган нийлүүлэлт, туслан гүйцэтгэгч үүргийн дагуу оролцох үед л ам.долларын нийлүүлэлт өснө. Үүнд зориулж хэр хэмжээний ам.долларын зардал гаргах нь валютын ханшид нөлөөлөх нөлөөллийг тодорхойлно.

-Уул уурхайн салбар уналтад орох тусам “Чингис” бондын төлбөр айдас төрүүлж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-1.5 тэрбум ам.доллар манай улсын ДНБ-ий 15 хувьтай тэнцэх хэмжээний зээл. Уул уурхайн салбараа эдийн засгийн тэргүүлэх салбар гэж онцолж, түүнээс бараг л 100 хувь хамааралтай байгаа өнөө үед уул уурхайн салбараа аль ч түвшинд дэмжиж ажиллах хэрэгтэй. Тэр тусмаа эдийн засгийн өсөлт саарч, нөхцөл байдал хүндрэх гээд байгаа үед уул уурхайд хатуурхах нь цагаа олсон бодлого биш. Үүнээс гадна “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларыг уул уурхайгаас олсон орлогоосоо төлнө гээд авсан болохоор тус салбараа эдийн засгийн зөв эргэлтэд оруулах учиртай. Тэгээд ч дахиад манайх үлдэгдэл 3.5 тэрбум ам.долларын бондоо гаргалаа гэхэд Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ий хэмжээнээс илүү өндөр болсон, улсын зээлжих зэрэглэл буурсан, улс төрийн орчин савлагаатай байвал гадаад зах зээл дээр босгох бондын хүү улам өндөр байх болно. Өөрөөр хэлбэл, өндөр өртөгтэй бонд босгох болно. Нөхцөл байдал одоогийнх шиг хүнд байвал ирээдүйд бондын өр иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ачаа болж бууна.

Уул уурхайд тулгуурлаж зээл авсан бол баталгаа болгосон салбараа төрөөс зохистой байдлаар дэмжиж, сая үр шимийг нь нийтээрээ хүртэнэ. Түүнээс “Чингис” бондын төлбөр бусад салбарынхны хувьд ахадсан өр. Уул уурхай манай эдийн засгийн суурь болоод байна. Эдийн засагт хэр хэмжээний капитал бий болж байгаагаас урт хугацааны эдийн засгийн өсөлт хамаарч байдаг. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрхзүйн орчинг төрөөс хангаж өгөх хэрэгтэй. Энд нэг зүйлийг санах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх үед ДНБ-ий өсөлт гэхээсээ илүү Үндэсний нийт бүтээгдэхүүн /ҮНБ/-ий өсөлтийг анхаарах нь Монгол үндэстний орлого хэрхэн өсөж байгааг бодитой тодорхойлно. Өөрөөр хэлбэл, ДНБ болон манай хил дотор үйлдвэрлэгдсэн эцсийн бүтээгдэхүүний хэмжээ бөгөөд үүний зарим нь гадаад хөрөнгө оруулагчдын орлого болоод эдийн засгаас гарч байгаа. Иймд, хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэлцэлүүд нь үндэстний эрх ашигт нөлөөлж байдаг.

-Монголд ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй байна вэ?

-Монголд урт хугацаанд тогтвортой нэмүү өртөг бий болгож чадах салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй. Зам засвар болон орон сууцны барилгад оруулж буй хөрөнгө оруулалт нь урт хугацааны, үйлдвэрлэлийн зориулалттай хөрөнгө оруулалт биш. Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь эдийн засгийн мөчлөгийн уналтын үед илүү түлхүү ашиглаглагддаг бодлогын нэг хэрэгсэл. Дээр азтай гэж өгүүлсэн 1.5 тэрбум ам.доллар маань энэ хэлбэрээр ашиглагдаж үүсэх байсан хямралыг сөрсөн алхам болж байна. Өөрөөр хэлбэл, хямралаас зайлсхийж, эдийн засгаа тогтворжуулж байгаа бодлого юм.

-Ханшийн зах зээлийн гол тоглогч нь хэн бэ?

-Валютын зах зээл бол том зах зээл. Энэ зах зээл оршин тогтнохын үндэс нь валютыг ашиглан худалдан авалт хийж байгаа өрх, үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч, Засгийн газар болон гадаадын хэрэглэгчдийн үйл хөдлөл юм. “Найман шарга”-ын ченж болоод арилжааны банкууд энэ зах зээл дээр санхүүгийн зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа тоглогчид. Валютын ханшийг харьцангуй тогтвортой байлгах зорилгоор Монголбанк бас ажиллаж байгаа. Эдгээр нь валютын зах зээлийн гол тоглогчид юм. Зах зээлийн зуучлах үйлчилгээ үзүүлж, зах зээлийнхээ зарчмаар яваа тэдгээр тоглогчид алдах үедээ алдаж, олох үедээ оноод явж байгаа байх.

-Монголбанкны өмнө ямар эрсдэл тулгарч байна вэ?

-Монголбанк валютын ханшийг тогтвортой байхыг эрмэлзвэл нөөцөө шавхах эрсдэл бий. Байгаа нөөцийн хэмжээнд, Төвбанк ам.долларын ханшийг барьж чадахгүй юм байна гэсэн хүлээлт зах зээл дээр үүсэх юм бол валютын ханш улам хурдтай өсөх боломжтой. Төвбанкны нөөц болон хийж буй үйлдэл зах зээл дээрх хүлээлтийг чиглүүлж байдаг. Өнөө үед Монголбанк валютын ханшийг чөлөөтэй орхих хэрэгтэй. Зах зээл өөрийгөө тэнцвэржүүлэх чадамжтай. Их хэмжээний валютын дотогш урсгал хүлээгдэж байгаа тохиолдолд харин бусад зорилгын үүднээс ханшид нөлөөлж болно.