Даавуу нэхэх эхлэлийг тавилаа

Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багт ноосны анхан шатны боловсруулалт хийх, угаах, самнах үйлдвэрийн үйл ажиллагааг “Могол ноос” ХХК 1996 оноос эхлэн явуулж ирсэн. Улмаар Төв аймгийн Зуун мод суманд хонины ноосны ээрэх үйлдвэрийг 2011 онд байгуулж, өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ. Хоногт хоёр мянган тонн утас ээрэх хүчин чадалтай уг үйлдвэрийг цаашид өргөтгөн даавуу нэхэх үйлдвэр болгон хөгжүүлэх боломжтойгоороо салбартаа ихээхэн ач холбогдолтой алхам болж буйг салбарын мэргэжилтнүүд онцолж байлаа. Нээлтийн үеэр хонины ноосоор үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүн, барилгын дулаалгын материалын боломжит үйлдвэрлэлийн талаар танилцуулсан юм. Энэ талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны сайд Х.Баттулга "Монгол Улс жилд 16-18 мянган тонн хонины ноос түүхийгээр экспортлож байна. Үүнийгээ бид боловсруулсаных нь дараагаар эргүүлээд импортоор авдаг. Энэ байдлыг халахын тулд дотооддоо утас ээрч эхэлсэн. Цаашлаад давуу, хувцас үйлдвэрлэнэ" гэв.

Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь 100 хувь гадаад зах зээлээс хараат байдаг Монгол Улс жилд 50 тэрбум гаруй төгрөгийг түүхий эдийн импортод зарцуулдаг байна. Иймд зөөлөн оёдол эрхэлдэг аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг цэвэр болон хагас ноосон даавуугаар хангах зорилгоор Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос төсөл боловсруулан дотооддоо даавуу үйлдвэрлэх эхний алхам болох утас ээрэх үйлдвэрийг ийнхүү байгуулж байгаа юм. Одоогийн байдлаар угаасан байдлаар экспортолдог 6000 тонн хонины ноосны хялгасыг ялгаж, 1200 тонн ноолуурлаг ширхэгтээр 2.5 сая тууш метр даавуу бэлтгэхээс гадна дамжлагын явцад гарах 2800 орчим тонн хаягдал хялгас, бодын хөөвөр ашиглан барилгын дулаалгын материал үйлдвэрлэх аж.

“Монгол хонины ноосон даавуу” төслийн хүрээнд байгуулагдаж байгаа уг үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглахын тулд “Могол ноос” компани нийт 18 үйлдвэрээс түүхий эдээ бэлтгэх гэнэ. "Могол ноос" компанийн захирал Ц.Эрдэнэбат "Ээрэх үйлдвэрт 100 орчим нарийн мэргэжилтнүүд ажиллах бөгөөд цаашид 600 хүртэл ажлын байрыг бий болгох боломжтой" гэсэн юм.