Даатгалын зах зээлийг бодлогын шинэчлэлээр дараагийн түвшинд гаргана

Mongolian Economy
2026-06-02 12:44:53
Ангилал: Эдийн засаг

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны орон тооны гишүүн, дэд дарга Н.Хүдэрчулуунтай ярилцлаа. 

Манай улсын даатгалын салбар өнөөдөр ямар түвшинд байна. Олон улстай харьцуулахад хаана явж байна гэж та дүгнэх вэ?

Монгол Улсад даатгалын салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ой  энэ онд тохиож байгаа. Сүүлийн жилүүдэд салбарын үндсэн үзүүлэлтүүд тогтвортой өсөж, нийт хөрөнгийн хэмжээ жилд дунджаар 16 хувь, даатгалын хураамж, нөхөн төлбөр 15–16 хувиар өссөн. Өнөөдөр иргэд, аж ахуйн нэгжийн 400 гаруй их наяд төгрөгөөр үнэлэгдэх эрсдэлийг хамгаалж байгаа нь салбарын нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж буйг илтгэнэ.

Гэхдээ салбарын бүтцийг авч үзвэл ердийн даатгал давамгайлж, нийт хураамжийн орлогын 99 хувийг эзэлж байгаа бол урт хугацааны буюу амьдралын даатгал ердөө нэг хувийг бүрдүүлж байна. Даатгалын гүнзгийрэлт буюу ДНБ-д эзлэх хувь 0.62 байгаа нь дэлхийн дунджаас 11–12 дахин бага, нэг хүнд ногдох даатгалын хураамжийн хэмжээ ч мөн олон улсын дунджаас 20–30 дахин доогуур түвшинд байна.

Хэдийгээр энэ тоон үзүүлэлт нь одоогийн түвшнийг илэрхийлж байгаа ч цаашид өсөх, тэлэх өргөн  боломж байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээгээр өсөх боломж, бололцоо бүрэн бий. Үүний тулд олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, дижитал шилжилтийг эрчимжүүлэх, амьдралын даатгал хөгжих, ногоон болон тогтвортой санхүүжилт тэлэх зэрэг хүчин зүйлс нь даатгалын зах зээлийг шинэ шатанд гаргах бодит суурь болно. Иймд хууль эрх зүйн зохицуулалтын шинэчлэл, зах зээлийн сахилга бат, ил тод байдал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлснээр ойрын жилүүдэд бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц түвшинд хүрэх бүрэн боломжтой.

Салбарын цаашдын хөгжлийг хангахад юунд илүү анхаарах шаардлагатай вэ?

Сүүлийн жилүүдийн энэ өсөлтийг  зөвхөн тоон бус, чанарын хувьд сайжруулж, тогтвортой, урт  хугацаанд үр өгөөжтэй хөгжилболгох нь чухал. Үүний тулд нэгдүгээрт, эрсдэлд суурилсан зохицуулалт, санхүүгийн сахилга бат, компанийн засаглалын тогтолцоог илүү боловсронгуй болгох шаардлагатай юм. Учир нь, даатгагчдын төлбөрийн чадвар, эрсдэлийн удирдлага нь зах зээлийн итгэлийн үндэс болдог.

Хоёрдугаарт, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлжилтийг нэмэгдүүлэх, ялангуяа амьдралын даатгал, жижиг, дунд бизнес, мал аж ахуй, уур амьсгалын эрсдэлтэй холбоотой бүтээгдэхүүнийг хөгжүүлэх нь салбарын тогтвортой өсөлтөд чухал.

Харин гуравдугаарт, даатгалын талаарх олон нийтийн ойлголт, санхүүгийн боловсролыг системтэйгээр дээшлүүлэх шаардлагатай байна. Иргэд даатгалыг эрсдэлийн удирдлагын үр ашигтай хэрэгсэл гэж  ойлгож, идэвхтэй ашиглах орчин бүрдэх ёстой. Үүнээс гадна дижитал шилжилт, инновац, өгөгдөлд суурилсан үнэлгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах, даатгуулагчийн эрх ашгийг  хамгаалах механизмыг бэхжүүлэх нь бодлогын гол чиглэл хэвээр байна.

Эдгээр чиглэлд тууштай анхаарч, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлснээр тоон өсөлтөөс гадна чанартай, тогтвортой хөгжилд шилжих боломжтой. Нөгөө талаар дэлхийн эдийн засаг, улс төрийн орчинд үүссэн сорилтууд нь даатгалын салбарт шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн нөхцөл байдал нь эрүүл мэнд, аялал жуулчлал, ачаа тээвэр, кибер аюулгүй байдлын даатгалуудад ихээхэн хүчтэй нөлөөллийг үзүүлсэн. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр дэлхийн даатгалын нийт хураамжийн орлого буурах, нөхөн төлбөрийн хэмжээ өсөх, улмаар салбарын бизнес загварыг шинэчлэх шаардлага бий болсон нь үүний тод жишээ юм.

Иймд цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн эрсдэл,технологийн хурдацтай шинэчлэл зэрэг хүчин зүйлсийг харгалзан цаг үеийн нөхцөлд нийцсэн, уян хатан зохицуулалтын орчныг бүрдүүлэх шаардлага дэлхийн бүх улс оронд адилхан тулгарч байна. Салбарын хөгжлийг дэмжихэд мэдээж хууль эрх зүйн орчны шинэчлэлт чухал нөлөөтэй. Иймд даатгалын хуулийг шинэчлэх шаардлага урган гарч байгаа.

Даатгалын салбарт хуулийн ямар шинэчлэлт хэрэгтэй байна вэ?

Даатгалын салбарын хөгжил нь  зах зээлийн бодит нөхцөл, эдийн засгийн өөрчлөлт, олон улсын чиг хандлагатай уялдсан орчин үеийн, уян хатан хууль эрх зүйн орчноос шууд хамаардаг. Энэ утгаараа Даатгалын тухай хуулийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, боловсронгуй болгох хэрэгцээ бий. Сүүлийн жилүүдэд даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, дижитал технологи, эрсдэлийн бүтэц эрчимтэй өөрчлөгдөж байгаа ч одоогийн эрх зүйн зохицуулалт нь эдгээр шинэ чиг хандлагыг бүрэн хамарч, уян хатнаар зохицуулахад тодорхой хязгаарлалтууд ажиглагдаж байна. Тухайлбал, урт хугацааны буюу амьдралын даатгалын онцлог, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах механизм, технологид суурилсан шинэ бүтээгдэхүүнийг дэмжих эрх зүйн орчныг илүү нарийвчлан тусгах шаардлага бий.

Ийм учраас, бид салбарын хууль эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, шинэчлэх хүрээнд бодлогын хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал, цахим шилжилт, дэвшилтэт техник технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, олон тулгуурт даатгалын тогтолцоог бий болгох буюу амьдралын даатгалыг дэмжсэн зохицуулалтын орчныг бүрдүүлэх, давхар даатгал болон даатгалын эрсдэл шилжүүлэх арга хэрэгслийг хэрэгжүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр зохицуулалтын орчныг бий болгохоор ажиллаж байна.

Даатгалын компаниуд эрсдэлийг илүү өргөн хүрээнд хаах боломжийг бүрдүүлж, үйлчилгээний нэр төрөл, чанарыг сайжруулахад анхаардаг. Манай даатгалын компаниуд энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ? 

Сүүлийн жилүүдэд даатгалын компаниуд эрсдэлийг илүү өргөн хүрээнд хуваалцах, даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргаж байна. Зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэж, компаниуд хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн, уян хатан нөхцөлтэй бүтээгдэхүүн санал болгох, үйлчилгээний шуурхай байдал, дижитал шийдлүүдийг нэвтрүүлэхэд илүү анхаарч эхэлсэн.

Үүний нэг тод жишээ нь даатгагчийн баталгаа бөгөөд энэ нь Монголын санхүүгийн зах зээлд бодитоор нэвтэрч, бизнесийн орчинд эрэлттэй санхүүгийн хэрэгсэл боллоо.

2022 онд холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор даатгалын компаниуд баталгаа гаргах эрх зүйн боломж бүрдэж, өнөөдрийн байдлаар 600 гаруй тэрбум төгрөгийн баталгаа гаргаад байна. Гэвч олон улсын жишигтэй харьцуулахад урт хугацааны болон томоохон эрсдэлийг даах чадавхыг нэмэгдүүлэх, давхар даатгалын тогтолцоог хөгжүүлэх шаардлага хэвээр байна. Зарим төрлийн эрсдэл, ялангуяа урт хугацааны, томоохон хэмжээний болон уур амьсгалтай холбоотой эрсдэлийг даатгах чадавх хязгаарлагдмал байгаа нь зах зээлийн хэмжээ, давхар даатгалын тогтолцоотой шууд холбоотой.

Иймээс цаашид даатгалын компаниудын санхүүгийн чадавх, мэргэжлийн чадамж, эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэхийн зэрэгцээ давхар даатгалын зохистой тогтолцоог хөгжүүлэх, өгөгдөлд суурилсан үнэлгээ, инновацыг дэмжих нь чухал байна. Үүний үр дүнд даатгалын үйлчилгээний нэр төрөл, чанар бодитоор сайжирч, салбарын нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмэр улам нэмэгдэнэ.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах бодлого даатгалын салбарт хэрхэн хэрэгжиж байна вэ?

Хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах нь хорооны үндсэн чиг үүргийн нэг. Хороонд ирсэн нийт өргөдөл, гомдлын багагүй хувь нь зөвхөн даатгал, тэр дундаа нөхөн төлбөртэй холбоотой байдаг. Энэ хүрээнд даатгуулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд шаардлагатай арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлж байна. Тухайлбал, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тохиолдолд даатгагч нар даатгуулагчид нөхөн төлбөр олгохдоо цагдаагийн тодорхойлолтыг заавал шаардах, шийдвэрлэх хугацааг удаашруулах даатгалын хураамж, нөхөн төлбөрийн жилийн дундаж өсөлт зэргээр жолооч, даатгуулагч нарт хүндрэл чирэгдэл учруулж, даатгуулагчдын эрх ашгийг зөрчиж буй үйлдлийг зохицуулах арга хэмжээг авч эхлээд байна.

Нөгөө талаар, даатгуулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах нь зөвхөн нөхөн төлбөр олголттой холбоотой гэж ойлгоход учир дутагдалтай.

Өөрөөр хэлбэл, даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг даатгуулагч, үйлчлүүлэгчдэд илүү хялбар, ойлгомжтой байдлаар боловсруулах, тайлбарлаж таниулах, мэргэжлийн байгууллагууд зах зээлд ёс зүйтэй, зүй зохистой ажиллах шаардлагыг тавих, мөн шаардлагагүй баримт бичиг, тодорхойлолтыг даатгуулагчаас шаардсан эсэхэд хяналт тавих, эрсдэл гарсны дараа бус гарахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээний нэг хэсэг юм.

Даатгалын салбар дахь технологийн дэвшил, инновац, дижитал шийдэл  нь үйлчилгээний хүртээмж, хурд, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой ч нөгөө талаас эрсдэлийг зөв үнэлэх, хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлагыг зайлшгүй дагуулдаг. Иймд технологид суурилсан шинэчлэлийг дэмжихийн зэрэгцээ эрсдэлд суурилсан зохицуулалт, хэрэглэгчийн хамгааллын тогтолцоог уялдуулан хөгжүүлэх замаар салбарын итгэлцэл, тогтвортой байдлыг хангахад цаашид анхаарч ажиллана.

Mongolian Economy