Даатгалын салбарын шинэ боломжууд

Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр дотоод, гадаадад мэргэжил эзэмшсэн, бие даасан шинжээч нар “ Purplebook.mn” гэсэн вэб сайт ажиллуулж эхэлжээ. Тэдний энэхүү үйл ажиллагаа нь бизнесмэн, менежер, эдийн засагч, түшмэлүүдэд зөв шийдвэр гаргах, эх орныхоо хөгжил, үйл ажиллагаагаа зөв удирдан залахад шаардлагатай мэдээллийг тогтмол хүргэх зорилготой аж.

“Mongolian Economy” сэтгүүл тэдний үйл ажиллагааг дэмжиж, зорилго нэгтэй хамтарч ажиллахаар боллоо. Тиймээс тус сайтад нийтлэл бичдэг шинжээч нарын бүтээлээс “Шинжээч бичиж байна” булангаараа хүргэж байна.

Анх улсын ганцхан компанитай үүсч байсан даатгалын салбар өдгөө олон тоглогчтой томоохон салбаруудын нэг болж хөгжиж байгаа. Тухайлбал, даатгалын компанийн тоо 17-д хүрсэн, хураамжийн орлого энэ оны эхний улиралд л гэхэд 8.9 тэрбум төгрөг, салбарын компаниудын цэвэр ашиг хоёр тэрбум төгрөг болсон байна.

Зах зээлийн хувьд авч үзвэл Монголын даатгалын зах зээл нүд орой дээр гаргам 77 хувийн өсөлттэй байгаа нь Европ, Америкийн хөгжингүй зах зээлийг бодвол одоогоор залуу, өсөлтийн шатандаа явж байгаатай холбоотой болов уу. Санхүүгийн зохицуулах хорооны мэдээний дагуу, Монголд нийт 600,000 хувь хүн даатгуулсан гэх боловч, Монгол Улсын нийт татвар төлдөг иргэдийн тоо 500,000 хүрэхтэй үгүйтэй байхад энэ тоо их хэмжээгээр давхацсан, даатгалын компаниуд өөрсдийн харилцагчдыг зөв тоолж чаддаггүйг харуулж байна.

Даатгалын үйлчилгээ хүрэлц­дэггүй, хүртээмж муутай байгааг ДНБ-д эзлэх даатгалын хураамжийн орлогын хувиас харж болохоор байна. 2010 оны байдлаар энэ үзүүлэлт 0.4 хувьд ч хүрэхгүй байгаа нь олон улсын дундаж жишиг болох 5-8 хувьтай харьцуулахад чамлалттай юм. Доор харуулсан S-муруй дээр дэлхийн улс орнуудыг ДНБ-д даатгалын салбарын эзлэх хувиар нь жагсаасан байгаа. Монгол Улсын даатгалын салбарын орлого ДНБ-ий ердөө 0.38 хувьтай тэнцүү буюу нэлээд хойгуур жагссан байгааг анзаарч байгаа байх. Энэ үзүүлэлтээрээ S-муруй дээр Underdeveloped market буюу буурай хөгжилтэй хэсэгт багтаж байна. Дэлхий дахин Монголыг маань хөгжиж буй (emerging market) зах зээл гэж үздэг ба гадаадын мэргэжилтнүүд Монголын даатгалын салбарыг маш сул хөгжилтэй гэж дүгнэдэг. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд даатгалын компаниуд өөрсдөө тэлж ажиллахаас гадна ажиллах тодорхой, цогц эрх зүйн орчныг нь төрөөс ойрын хугацаанд бүрдүүлж өгөх шаардлагатай.

Одоо даатгалын салбарын өсөлт, хөгжилд нөлөөлөх боломжуудын талаар авч үзье. Юуны өмнө одоо байгаа бүтээгдэхүүний хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлж болно, нөгөөтэйгүүр шинэ даатгалын бүтээгдэхүүн нэвтрүүлж зах зээлийн багтаамжийг нь тэлэх боломжтой. Тухайлбал, 2010 оны байдлаар нийт 75 мянган жолооч хариуцлагын даатгал хийлгэсэн нь жолооны үнэмлэхтэй хүмүүсийн дөнгөж 10 хувь нь байгаа юм. Хэрэв Жолоочийн заавал хариуцлагын даатгалын хуулийг цаг алдалгүй баталсан тохиолдолд энэ нь зах зээлийн хөгжилд чухал алхам болох юм.

Бизнес, нийгмийн харилцаа хөг­жиж, эдийн засгийн өсөлт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед шинэ төрлийн даатгалын бүтээгдэхүүн эрэлт ч өсөх хандлагатай байгаа юм. Үүнд үүргийн, хариуцлагын, улс төрийн эрсдэл, тэтгэврийн гэх мэт олон төрлийн даатгалыг нэрлэж болох байна.Даатгалын зах зээл асар их нөөц боломж агуулж байгаа ч түүнийг хэрэгжүүлэхийн тулд Монголын даатгалын компаниуд санхүүгийн чадавх сайтай, итгэл найдвартай байх ёстой. Гадаад орнуудад бол томоохон даатгалын компаниудын дийлэнх нь ХК хэлбэртэй байдаг байхад Монголын тухайд биржид бүртгэлтэй даатгалын компани одоогоор алга байна. Тиймээс даатгалын компаниуд одооноос нэгдэн нийлэх, удирдлага менежментээ сайжруулах, санхүүгийн чадавхиа нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах ёстой болов уу.