Даатгал төлөгч Та хөнгөлөлт эдлээрэй

Улсын хэмжээнд эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудтай Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/-ын Эрүүл мэндийн даатгалын газар гэрээ байгууллаа. Нийгмийн даатгалын сангаас энэ жил эмнэлэг, эмийн сан, рашаан сувилал зэрэг газарт иргэдэд хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх боломжийг олгох зорилгоор 136 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Энэ үеэр НДЕГ-ын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Р.Наранчимэгээс тодрууллаа.

Р.Наранчимэг: Та жилд 1.1 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй

-Эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэд эмийн сангаар үйлчлүүлэхдээ ямар хөнгөлөлт эдлэх боломжтой вэ?

- Эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар долоон төрлийн үйлчилгээг авч,1.1 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй. Үүний нэг нь эмийн сангаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх. Иргэд зайлшгүй шаардлагатай 380 нэр төрлийн эмээр 50-80 хувийн буюу 120-180 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлж, 87 эмийн сангаас худалдан авалт хийж болно. Үнийн хөнгөлөлттэй эмэнд даралт бууруулах, зарим тохиолдолд уналт, таталт, багтраа, амьсгалын замын өвчнөөс сэргийлэх болон бүх төрлийн амин дэм багтаж байгаа. Хөнгөлөлт эдлэхдээ өрхийн эсвэл сумын эмчийн бичсэн жорыг эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт авчирч хямралтай эмээ боломжтой юм.

- Рашаан, сувилалаар үйлчлүүлэхэд ямар боломж байгаа вэ?

-Байгалийн нөөцийг түшиглэж үйл ажиллагаа явуулдаг /шавар, халуун, хүйтэн, усан эмчилгээ гэх мэт/ рашаан сувилалд үйлчлүүлж буй нэг даатгуулагчид жилд 74.000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Хэрэв та тухайн сувилалд 10 хоног хэвтэж 200 мянган төгрөгийн зардал гарлаа гэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 74 мянган төгрөгийг нь дааж, та үлдсэн мөнгийг нь төлөх юм. Улсын хэмжээнд Эрүүл мэндийн сангаас санхүүждэг 31 рашаан сувилал байгаагаас 17 нь хөдөө орон нутагт, 13 нь нийслэлд бий. Тухайлбал, бидний сайн мэдэх Хужирт, Аварга тосон, Шаргалжуут, Аржанчивлан, Оргил клиник сувилал зэрэг орно.

- Хувийн болон улсын эмнэлгээс үйлчилгээ авахдаа ямар хөнгөлөлт эдэлж болох вэ?

-Хувийн болон улсын эмнэлэгт хэвтэн үйлчлүүлэхдээ оношийн бүлгээс хамаарч 240-650 орчим мянган төгрөгийн зардлаа даатгуулах боломжтой. Харин II шатлалын эмнэлэг буюу клиникийн эмнэлгүүдэд үйлчлүүлэхдээ хувь хүн дээрх зардлын 10-15 хувийг өөрсдөө төлдөг. Эмнэлгээс долоон төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой. Тухайлбал, Оношилгоо, шинжилгээ хийлгэхдээ 36000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Мөн амбулаторийн буюу клиникийн эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгээс үйлчилгээ авах, уламжлалт, нөхөн сэргээх, хөнгөвчлөх үйлчилгээг хөнгөлөлтэй авах эрхтэй.

-Бид жилд хэчнээн төгрөгийн эрүүл мэндийн даатгал төлдөг вэ?

- Манай эрүүл мэндийн даатгалын хөрөнгийн 80 хувийг татвар төлөгч иргэд бүрдүүлж, төрөөс 20 хувийг нь даадаг. Тиймээс иргэн бүр даатгалаа цаг хугацаанд нь төлөх нь чухал. Аж ахуйн нэгж, албан байгууллагын ажилтан сарын хөдөлмөрийн хөлснийхөө дөрвөн хувийг төлдөг. Үүний тал буюу хоёр хувийг нь байгууллагаас үлдсэнийг нь өөрөө төлдөг. Харин малчин, тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн, ял эдэлж буй хүмүүс сард 670 төгрөг, жилд 8040 төгрөг төлдөг. Улсын төсвөөс 18 хүртэлх насны хүүхдэд, өндөр настан, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, хүүхдээ хоёр нас хүртэл өсгөж буй эцэг, эхийн даатгалын төлбөрийг даадаг.

Эрүүл мэндийн даатгалаас төлөх эрүүл мэндийн
тусламж, үйлчилгээний үнийн тариф

Эх сурвалж: НДЕГ