Давааны цаадах даваа

Нэгэн цагт хөрөнгө мөнгөний булш хэмээн нүд үзүүрлэгдэж, гундуухан гэлдэрч явсан Монголын хөрөнгийн бирж хөлд бас хэлд орсон нь саяхан. Өдийг хүртэл хөрөнгийн биржийг сайн, муу хов жив салахгүй дагасан ч манай улсын хөрөнгийн зах зээлийн хөдөлгүүр ямартай ч ассан. Зарим улсыгн туршлагаас харахад арав гаруй жил бэлтгэж дэд бүтэц, хууль дүрмээ боловсруулан аажим аажмаар хөрөнгийн зах зээлээ хөгжүүлсэн байдаг. Харин манай улсын эдийн засгийн өсөлт бусад оронтой харьцуулахад гэрлийн хурд үзүүлэх болсон нь хөрөнгийн зах зээл бусдын жишгийг дагаж шинэчлэлээ үсэг үсгээр нь өрөх цаггүйджээ. Тиймээс дэлхийн улс орнуудын “Know How” гэж нэг сайхан будаа идэх арга байдаг даа. Цаг алдалгүйгээр хөгжлөө хөшүүрэгдэхийн тулд манай хөрөнгийн бирж бэлтгэл ажлаа нэг, нэгээр нь биш нэгэн зэрэг олны хүчээр шийдэхийг хичээсэн, хийж ч байгаа.

Энэ оны эхний есөн сард Монголын хөрөнгийн биржийн нийт арилжаа өнгөрсөн оны жилийн эцсийн үзүүлэлттэй харьцуулахад 1.3 дахин, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 дахин өсөж, 142 тэрбум төгрөгт хүрчээ. Оны эхний хагаст өдрийн дундаж арилжааны хэмжээ 463 сая төгрөг байсан бол шинэ систем ашиглалтад орсноор өдрийн дундаж арилжаа 1.4 тэрбум төгрөгт хүрч өссөн үзүүлэлттэй байна. Энэ сарын байдлаар зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд 786 тэрбум төгрөгт хүрчээ. Шинэчлэлээс өмнө хөрөнгийн биржийн арилжаанд 80-аад брокер дилерийн компани тогтмол оролцдог байсан. Харин шинэ системийг арилжаанд нэвтрүүлснээс хойш нэмэлт дүрэм журамтай нийцэх гэж багагүй цаг авсан брокер дилерийн компанийн тоо өнөөдөр 48 болжээ. Гэдээ энэ тоо цаашид нэмэгдэнэ. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг брокер дилерийн компанийн тоо Тавантолгойн иргэдэд тараах хувьцаа, МХБ-ийн шинэчлэл гэх мэт сонирхол татсан асуудлаас үүдэн өнөөдөр 100 болтлоо өсөөд байгаа аж.

Манай хөрөнгийн бирж, Лондоны хөрөнгийн биржтэй хамтран Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд эрс шинэчлэл хийхээр санаа шулуудан 14 тэрбум төгрөгийн өртөг бүхий Мастер гэрээг 2010 онд үзэглэсэн билээ. Үүнээс хойш нэг жил зургаан сар өнгөрчээ. Хөрөнгийн биржийн шинэчлэл ямар үр дүн авчирч буйг асуух хүн олон байна. Учир нь Лондоны хөрөнгийн биржийн менежментийг Монголд нэвтрүүлэхтэй холбоотой Millennium IT систем гэдгийг монголчууд сайн тогтоосон. Олон улсын жишигт нийцсэн системийг сүр дуулиантай эхлүүлсэн шиг үр дүнг нь олон нийт мөн мэдэхийг хүсэж байна. Харамсалтай нь арилжаанд оролцогч брокер дилерийн компанийн тоо нэмэгдлээ гэхээс өөр мэдээлэл олны чихийг чимсэнгүй.

Монголын хөрөнгийн захын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх зорилттой дээрх гэрээний гүйцэтгэл үр дүнгийн талаар холбогдох албаны мэдээллийг сонирхлоо. Гэрээний хүрээнд таван зорилт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Технологийн шинэчлэлийг үндсэнд нь хийчихжээ. Дүрэм, журам зохицуулалтаа тодорхой хэмжээнд цэгцэлсэн байна. Ажил эхлэхээс дуусах хүртэл системийн найдвартай байдалд хяналт тавьж ирсэн гадаадын туршлагатай мэргэжилтнүүд ч чадах мэдэхээ монгол мэргэжилтнүүдтэй харамгүй хуваалцсан гэж үнэлж байна. Эдгээр мэдээллээс үзэхэд зах зээлийн хөгжлийн бөх бат суурь нэгэнтээ тавигдсан гэж хэлж болох нь ээ. Тэгвэл одоо юу дутуу юм бол. МХБ-ийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ү.Тэмүүжин “МХБ-ийн зүгээс гишүүн компаниудын эрсдэл даах чадвар, ёс зүйг дээшлүүлэхийн зэрэгцээ мэдээллийн ил тод нээлттэй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаж байгаа” гэв. Мөн Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулж, зах зээлийн хөрвөх чадвар, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, бүртгэлтэй болон шинээр орж ирж буй компаниудаа чанаржуулах гэх мэт алхмыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Хугацаа нь хараахан дуусгавар болчихоогүй байгаа Мастер гэрээний хүрээнд Лондоны хөрөнгийн биржтэй хамтран цаашид ахисан түвшний сургалт зохион байгуулах ажил бий гэнэ. Гэрээний хугацаа дууслаа гээд хөрөнгийн биржийн хөгжил, шинэчлэлийн хөдөлгөөн зогсчихгүйг холбогдох хүмүүс онцолж байлаа.

Өнгөрсөн сарын эцсээр олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгаагаараа тэргүүлэгч Их Британийн “FTSE групп” Монголын хөрөнгийн зах зээлийг “Хөгжиж буй” /Frontier Market/ зах зээлийн зэрэглэлд оруулахаар “Ажиглалтын” жагсаалтад оруулсан гэдгээ мэдэгдсэн. Орнуудын хөрөнгийн зах зээлийг маш нарийн шалгууруудаар “Хөгжиж буй”-гаас “Өндөр хөгжсөн” хүртэл үндсэн дөрвөн зэрэглэлээр ангилдаг “FTSE групп” зэрэглэлээ жилд нэг удаа тогтоодог бөгөөд Монголын зах зээлийг ирэх нэг жилд ажихаар боллоо. Тус группын Засаглал, бодлого хариуцсан захирал Крис Вүүдс Монгол улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгө оруулагчдад нээлттэй болгох, дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх ажил богино хугацаанд өндөр амжилт гаргаж буйг мэдэгдэлдээ онцолжээ. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, гадаадын хөрөнгө оруулагчдын хайрыг татах чухал алхам бол тус зэрэглэлд багтах. Тиймээс ирэх жилийн хөрөнгийн зах зээлийн өнгө төрхөөс их зүйл хамаарах нь.

Үргэлжлэлийг сэтгүүлийн №20 (030) дугаараас уншина уу.