Давстай цай уухаа больё

“Тархины харвалтгүй хамтдаа элэг бүтэн амьдарцгаая” сэдэвт хурал өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд болж ДЭМБ, ЭМЯ, Монголын харвалтын нийгэмлэг болон Улсын клиникийн I-р эмнэлгийн эмч нар уг өвчний шинж тэмдэг, хувь хүн, нийгэмд үзүүлэх хор уршиг, статистик тоон үзүүлэлт болон бусад тулгамдсан асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

Тархины харвалт нь АНУ, ОХУ-д ихэсч байгаа төдийгүй манай оронд улам залуужиж, 19-25 насныхныг хамарч, дэлхийд дээгүүр байр эзэлснийг албаныхан дурьдлаа. Мөн дэлхийн нийт хүн амын зургаан хүн тутмын нэг нь тус харвалтад өртдөг гэсэн ДЭМБ-ын судалгаа байдаг аж. Эмч нар тархины харвалтын эсрэг ДЭМБ-ын хамтарсан төслийг хэрэгжүүлэх, олон улсын эмнэл зүйн арга, стандартыг хэрэгжүүлэхэд хүн хүч болон хөрөнгө санхүүгийн бэрхшээлтэй тулгарч буйг онцлоод Засгийн газар, бизнес эрхлэгчид, албан байгууллагууд болон хувь хүмүүсээс сайн дураараа туслалцаа үзүүлэхийг уриалсан юм.

Саяхан Монголын Засгийн газар болон АНУ-ын Засгийн газартай хамтран П.Н Шастиний нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгт хоёр дахь тархины харвалтын тасгийг нээсэн байна. Манай оронд тархины харвалт залуужиж буй гол шалтгаан нь бидний хоол хүнсний хэрэглээнээс ихээхэн шалтгаалдаг аж. Учир нь монгол хүмүүс өөх тос, давс ихтэй хүнд хоол, хүнс, спиртийн төрлийн бүтээгдэхүүн, тамхи ихээр хэрэглэдэг. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-аас монгол хүн өдөрт 16 грамм давс хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан бөгөөд энэ нь стандарт хэмжээ болох таван граммаас даруй гурав дахин их болохыг анхааруулжээ.

Давс хэт их хэрэглэснээр цусны даралт үүсч, улмаар тархины судасны хананд бөглөрч харвалт болдог төдийгүй, давстай цай уудаг хүмүүс их байдгийг онцолж байлаа. Одоогоор манайд II болон III-р зэргийн 100 орчим тархины харвалттай хүн байдаг бөгөөд жилд ийм оноштой 500 орчим хүнд түргэн тусламж үзүүлдэг байна. Түүнчлэн тэдгээр хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь алдагдаж, гэр бүл болон асран халамжлагчид нь сэтгэлийн болон хөрөнгө мөнгөний бэрхшээл их тулгардаг ажээ. Тус хурлын үеэр ДЭМБ-ын Төлөөлөгчийн газрын Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Салик Рам Говинд “Ийм өвчтэй хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх, сэргээн засварлах эмчилгээ хийхэд өртөг өндөр байдаг. Бид халдварт бус өвчний судалгаа хийхэд эрсдэлт хүчин зүйл нь архи, тамхинаас үүдэлтэй болохыг тогтоосон. Монголчуудын 30 гаруй хувь нь цусны даралттай байгаа нь түгшүүртэй байна. Ам мурийх, хэл яриа саажих, гар хөл сулрах, бөөлжиж тархи толгой өвдөх, ухаан алдах шинж тэмдэг илэрвэл гурван цагийн дотор яаралтай тусламж авахгүй бол эцсийн зогсоолд хүргэдэг” гэв.