Далайд биш дэлхийд гарцтай

“Аж үйлдвэрийн IV хувьсгал” хэмээх ойлголт эдийн засгийн амьдралд бэхжиснээр олон орны төр болон хувийн хэвшлийн байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлсээр байна. Энэхүү шинэ үе рүү монголчууд хэрхэн шилжих тухай гарцыг эрэлхийлсэн “Дижитал Монгол” хэлэлцүүлэг хоёр дахь жилдээ боллоо. Цахим хэрэглээг амьдралын олон чиглэлд зөв, оновчтой ашиглавал орлого нэмэгдэж, зарлага багасаж, хэрэглээ боловсронгуй болно гэж Нээлттэй мэдлэг боловсрол сангийн ТУЗ-ийн дарга Д.Энхбат хэлж байлаа. Үүнийг "Хур" төрийн мэдээлэл солилцооны систем бий болсноос харж болох юм. Энэ нь мэдээллийг төр, хувийн байгууллагууд дунд шуурхай, аюулгүй, найдвартай солилцох боломжтой, үйлчилгээний уламжлалт шийдлийг бүрэн халсан шинэ систем юм.

Дижитал шилжилтэд мэдэх, ойлгох, үнэ цэнэ болон дижитал үйлчилгээг хэрэглэж сурах гэсэн дөрвөн үндсэн ойлголт байдгийг уг хэлэлцүүлэгт оролцсон илтгэгч болон 200 гаруй төлөөлөгч хэлэлцэж санал нэгдлээ. Монголчууд цахим эринд шилжихдээ хамгийн чухал анзаарах ёстой зүйл бол “Тухайн хэрэглэгчдэд үнэ цэнийг ойлгуулах явдал” гэж Дэлхийн банкны зөвлөх Себастиан Фүү хэллээ. Тэрбээр зөвхөн Монгол гэлтгүй бусад улс орнуудын хувьд дижитал шилжилтийн хамгийн чухал, хэцүүд тооцогддог түлхүүр ойлголт нь үнэ цэнэ гэж үзэж байна. Үнэ цэнийг нь нэгэнт ойлгосон бол ард түмний хэрэглээ хүссэн хүсээгүй цахимжаад эхэлдэг аж.

Дижитал шилжилтийг мэдэх болон ойлгох нь түүний хүртээмжтэй холбоотой. Хүртээмж нь нэг талаасаа энэ үйлчилгээг өгч чадаж байна уу, нөгөө талаас авч, шингээж чадаж байна уу гэдгийг тодорхойлно. Монголд төрийн үйлчилгээний 616 байгууллага бий. Үүний 87 хувь нь үйлчилгээгээ дижитал хэлбэрт шилжүүлэх боломжтой гэж “Үндэсний Дата Төв” УТҮГ-ын дарга Б.Батжаргал хэлсэн. Гэвч өнөөгийн байдал нь төрийн байгууллага нь бусад төрийн байгууллагаас лавлагаа, мэдээлэл авч ирэхийг иргэдээс шаарддаг, төрийн болон хувийн байгууллагаас үйлчилгээ авахад цаг хугацаа, зардал мөнгө их зарцуулдаг, цахим хэлбэрээр үйлчилгээ авах боломж хомс, төрийн үйлчилгээний төлбөр хураамж төлөхөд хүндрэлтэй, төрийн үйлчилгээний талаар иргэнд мэдээлэл, санамж, анхааруулга ирдэггүй гэх зэрэг асуудлууд байсаар байна.

Өнгөрсөн 2017 онд авто машины татварыг цахимаар төлдөг болсон. Гэвч 400 мянга гаруй авто машин эзэмшигчээс зургаахан хувь нь л цахимаар төлжээ. Үүнд хэрэглэгч болон төрийн оролцоо нөлөөлнө. Үндэсний медиа хэрэглээний суурь судалгаанд 15-65 насны хүмүүсийн 80 хувь нь олон нийтийн сүлжээ хэрэглэдэг, 14-21 хүртэлх насны залуус ажлын өдрийн зургаан цагийг буюу амьдралынхаа 50 хувийг олон нийтийн сүлжээнд өнгөрөөдөг ажээ. Ингээд бодоход иргэд дижитал шилжилтийг хүсч байгаа нь харагдана. Тэгвэл авто машины татварыг цахимаар төлөх нь яагаад хангалтгүй байсныг Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг тайлбарлахдаа “Хэрэглэгчид төлбөрийн системийг сайн ойлгоогүй бөгөөд төр үүн дээр анхаараагүй” гэж хэллээ.

Дижитал шилжилтийн суурь нь дата /өгөгдөл/ дэд бүтэц. Дэд бүтэц гэхээр шилэн кабель ярьдаг байсан нь өдгөө өөрчлөгдсөн. Дэлхийн хэмжээнд дата маш их болж байна. Бид одоо терабайт (1000 ГВ) гэдэг хэмжээг мэддэг бол 2020 он гэхэд хүн төрөлхтөн зеттабайтаар (1021 байт) хэмжигдэх мэдээлэл цуглуулна гэж судлаачид үзэж байна. Нэг талаас ийм их хэмжээний мэдээлэлд анализ хийх үйлчилгээ хөгжих ч нөгөө талаас хувь хүний мэдээллийг хадгалах, хамгаалал сэдэв хурцаар тавигдана.

Өөрөөр хэлбэл тухайн хүнийг мэдээгүй байхад хувийн мэдээллийг нь цахим орчинд цуглуулаад түүний эсрэг ашиглахгүй байх нөхцлийг хангах ёстой гэсэн үг. Дэлхийн 88 орон хувь хүний мэдээллийг хамгаалах хууль эрх зүйн зохицуулалттай. Манай улс 1995 онд “Хувь хүний нууцын тухай хууль” баталсан. Гэхдээ цахим орчинд хувь хүний мэдээлэл нь үнэт зүйл болсон өнөө үед хамгаалах хэрэгтэй. Үүнийг Зөрчлийн тухай хуулинд тусгахаар хуулийн төсөл боловсруулж байгааг ХХМТГ-ын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл хэлж байна.

Монгол улсын олон нийтийн сүлжээний идэвхитэй хэрэглэгчдийн тоо 2,3 саяд хүрсэн. Гэсэн ч дижитал шилжилтийг 100 хувь нэвтрүүлэхэд тэдний цахим мэдлэгийг дээшлүүлэх болон холбогдох технологийн зохицуулалтыг хийх хэрэгтэй.