Далайд гарцгүй орнуудын төв Улаанбаатар хотноо нээгдэх нь

Манай улсад анх удаа “Ази, Номхон далайн далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын өндөр түвшний бодлогын уулзалт” болж өндөрлөлөө. Далайд гарцгүй ганцхан том асуудалтай орнуудын төлөөлөгчид хэрхэн хамтран ажиллах, бүх л улс орны нийтинй өмч усан цэнхэр далайд хэрхэн яаж гарцтай болох талаар уулзалдаж зөвлөлддөг уламжлалтай. НҮБ-аас байршлын хувьд эх газарт ордог ч далай бол бүх л улс орны өмч, хамтран харилцан ашигтай ашиглах утга бүхий шийдвэр гаргасан байдаг. Энэ л утгаар тус орнуудын албаны хүмүүс уулзаж, үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, өөрийн орны бүтээгдэхүүнийг далайд гаргах замаар зах зээлээс хэрхэн ашиг хүртэх, дамжин өнгөрөх тээврийн асуудалд хэрхэн хандах талаар ярьж, санал бодлоо хуваалцдаг юм. Тус орнуудын хувьд гарцгүй учраас бусдын санал болгосон үнийг хүлээн зөвшөөрөхөд хүрэх жишээ цөөнгүй. Манай улс ч ялгаагүй зах зээлээс хэд дахин доогуур үнээр нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр, ноос ноолуур, түүхий эдээ экспортолдог билээ. Хоёрдугаарт, энэхүү уулзалтыг зохион байгуулах нь тухайн улсын нэр хүнд болоод эдийн засгийн талаасаа өндөр ач холбогдолтой хэмээн төлөөлөгчид дүгнэсэн юм. Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын нийслэлд хийх болсон гол шалтгаан нь манай орны байршил. Тиймээс ч Азийн төвд байрлалтай, хоёр их гүрний дунд орших давуу болон сул тал нь далайд гарцгүй орнуудын хөгжлийн төв болгох санааг бусад оронд төрүүлсэн биз. Дээрх уулзалтаас гарсан Улаанбаатарын тунхаглалд далайд гарцгүй 10 орон нэгдлээ. Тунхаг бичгийг далайд гарцгүй бүхий л улс даган мөрдөх юм.

НҮБ-ын “Мянганы төслийн илтгэл”-д тэмдэглэснээр далайд гарцгүй орнуудын эдийн засгийн жилийн өсөлт далайн эргийн орнуудынхаас даруй 0.7 хувиар доогуур үзүүлэлттэй гарчээ. Манай улсын импортын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд гарах зардал 6.4 хувьтай байна. Харин дамжин өнгөрөгч орнуудын дундаж нь 6.3 хувь. Чех, Словак, Польш зэрэг Европын далайд гарцгүй оронтой харьцуулахад даруй хоёр дахин өндөр байгаа юм. Монгол Улс дэлхийн 100 гаруй улс оронтой худалдаа хийж байна. Нийт худалдааны эргэлтийн 40-өөд хувийг БНХАУ, 20 гаруй хувийг ОХУ, 15 орчим хувийг Европын Холбооны улсуудтай хийж байгаа билээ. Сүүлийн жилүүдэд Япон, Солонгос улстай хийх худалдаа нэлээд жин дарах болжээ.

Далайд гарцгүй орны зовлон ба гарц

Манай хилээр дамжин гарч буй бараа бүтээгдэхүүн БНХАУ, ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч зах зээлд хүрдэг. Хойд хөршийн зургаан боомт, Хятадын нэг боомтын гарцтай. Үүнээс гуравдагч улстай харилцах хамгийн дөт нь 1700-3800 км-ын зайтай Хятадын Тяньжин, Оросын Владивосток хотууд. Одоогоор Таван толгойн нүүрсийг Владивостокоор гаргахаар төлөвлөөд буй. Эхний нүүрсний цуваа ч аль хэдийнэ тус боомтыг зорьсон. Зүүн хойд Азийн цор ганц далайд гарцгүй орон нь Монгол Улс. Хоёр хөрш орны нутаг дэвсгэрээр өөр улсын бараа бүтээгдэхүүн дамжин тээвэрлэхэд нийт тээврийн зардлын гуравны хоёрыг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Манайх Хятад, Солонгос, ОХУ-тай транзит тээврийн гэрээ байгуулаад байна. Далайн хуулийн тухай НҮБ-ийн конвенцид “Далайд гарцгүй орнууд бусад улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх татвар төлөхгүйгээр далайд гарах эрхтэй” хэмээн тэмдэглэжээ. Өдгөө дэлхийд 43 далайд гарцгүй улс бий. Чех, Лаос, Молдав, Армен, Чад, Замби, Монгол гээд 43 улсын нэр үргэлжилнэ. 30 улс гэж заримдаа тэмдэглэсэн байдаг. Эдгээр улсын дунд хөгжлөөрөө ядуу буурайгаас гадна бүс нутагтаа тэргүүлэх ч улс орон бий.

Монгол Алматын хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

Дээрх уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ хамтран зохион байгуулсан юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Ноэлин Хэйзер уг уулзалтад оролцож, НҮБ-ын байр суурийг хүргэсэн. Тус уулзалтаар “2003 онд Алмат хотноо болсон далайд гарцгүй болон транзит орнуудын сайд нарын хурлаас гаргасан хөтөлбөрийн биелэлт”-ийг авч хэлэлцсэн. Энэхүү хөтөлбөрт транзит тээврийн бодлогыг сайжруулах, зам, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын гадаад худалдааг дэмжих, санхүү болон техникийн тусламж үзүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарах таван асуудлыг чиглэлээ болгосон. Ази, Номхон далайн бүс нутагт ямар өөрчлөлт гарсан, учирч буй саад бэрхшээлийг хэрхэн даван туулах, хамтран ажиллах талаар ч зөвлөлдсөн байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зөвлөлдөх уулзалтад оролцож үг хэлэхдээ “Далайд гарцгүй орнуудын тээвэр, дамжин өнгөрөх өндөр өртгийг зохицуулах үүднээс бодлогыг томъёолох, электрон худалдаа бий болгох, хоёр тал болон бүсийн гэрээ хэлэлцээр хийх, дамжин өнгөрөх тааламжтай, хөнгөлөлттэй нөхцөл бий болгох нь зүйтэй” хэмээн онцлохын зэрэгцээ Алматын хөтөлбөрийг үргэлжлүүлэх, Олон улсын далайд гарцгүй орнуудын судалгааны төвийн ажлыг жигдрүүлэхэд анхаарахаа ч мэдэгдсэн билээ. Далайд гарцгүй орнуудын хуурай боомтыг далайд гарцтай орнуудын усан боомттой зам, төмөр замаар холбох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа хатагтай Ноэлин Хэйзер хэлж байлаа.

Хөгжлийн төв хөгжих л үлдлээ

НҮБ-аас манай Улаанбаатар хотыг “Далайд гарцгүй орнуудын хөгжлийн төв” хэмээн албан ёсоор олон улсад удахгүй зарлах нь. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийслэлд НҮБ-ын далайд гарцгүй орнуудын олон улсын байгууллагыг байгуулахаар болжээ. Олон Улсын байгууллага байгуулах гэрээг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд гардуулсан байна. Одоо гэрээнд гарын үсэг зурах л үлджээ. Стратегийн томоохон орд газрууд нь дэлхийн зах зээлийг зорьж буй энэ үед тээврийн асуудал хамгийн ээдрээтэй хэвээр. Хэдий Хятадын хүчирхэг зах зээлтэй хил залгаа оршиж байгаа боловч Япон, Солонгос гээд Монголд олон улсын чөлөөт зах зээл алсад байна. ОХУ-аар дамжин Европын зах зээлд гарч болох ч цаг хугацаа, тээврийн зардал гэх мэтчилэн хөрөнгө мөнгө, нөхцөл тавигдах нь мэдээж. Өнгөрөгч өдрүүдэд “Далайд гарцгүй орнуудын хөгжлийн төв”-д 10 орны 100 гаруй төлөөлөгчид ирж, дээрх асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулж байлаа. Юутай ч хоёр өдрийн турш Улаанбаатарт чуулсан далайд гарцгүй орны төлөөлөгчид эдийн засгийн өөр нэгэн гарц олоод буцсан. Энэ гарц нь Улаанбаатар хот. Тиймээс хөгжлийн төв хөгжих л үлдлээ.