Далайд гарцгүй орнуудын хурал манай улсад болно

Монгол Улсын Засгийн газар Худалдааг хөнгөвчлөх асуудлаарх олон улсын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах санал гаргасныг НҮБ дэмжжээ. Дэлхийн улс орнуудын хөгжлийн ялгааг тодорхойлогч нэг хүчин зүйл нь далайд гарцтай эсэх юм. Зөвхөн Монгол ч биш НҮБ-ын гишүүн зургаан улс тутмын нэг нь зах зээлээс алслагдсан, олон улсын худалдаанд оролцох боломж хязгаарлагдмал, далайд гарцгүй орон байдаг аж. Тэдний хувьд хамтарч асуудлаа шийдвэрлэхийг эрмэлзсээр иржээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улс уг асуудлаар санаачилга, манлайлал гарган ажиллаж буй. Энэ санаачилгын үр дүнд НҮБ-ын дэргэд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын /ДГХБО/ албан ёсны бүлэг байгуулагдаад байгаа билээ.
Харин дараагийн алхам болгож, Монголын Засгийн газар Худалдааг хөнгөвчлөх асуудлаарх олон улсын хурлыг Улаанбаатар хотноо ирэх оны хоёрдугаар улиралд зохион байгуулах саналтай байгаа. Энэ талаар Гадаад харилцааны сайд Л.Болд өнгөрсөн есдүгээр сард Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит cуулганд оролцох үеэрээ хоёр талын уулзалтаар танилцуулсан юм. Түүний хариуг НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн албанаас саяхан ирүүлжээ. Тэд Монголын Засгийн газрын саналыг дэмжиж буйгаа мэдэгдсэн байна. Тэгэхээр уг хурлын нарийн товыг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай болж буй юм.
Судалгаанаас харахад, далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд дэлхийн нийтийн худалдааны дөнгөж 1.1 хувийг эзэлдэг байна. Эдгээр орны эдийн засгийн өсөлт 2010 онд 6.7 хувь байсан бол 2011 онд 5.9 болж буурчээ. Мөн далайд гарцгүй 19 оронд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1000 ам.доллараас бага байгаа юм. Манай улсын хувьд Далайд гарцгүй орнуудад тулгарч байгаа энэхүү хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагыг олон улсын анхааралд хүргэх, байр сууриа хамтран тодорхойлох, түүнийгээ баталгаажуулах шаардлагатай гэж үзэж, санаачилгыг манлайлан ажиллаж буй билээ.