Энэ өвөл улсаараа л дулаан, цахилгааны дутагдалд орж, гал алдах дээрээ тулаад байна. Хэргийн учир нь сүүлийн жилүүдэд Монгол Улс том хүчин чадлын шинэ эх үүсвэр нэгийг ч бариагүй. Дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орж цахилгаан, дулаан түгээж эхэлснээс хойш манай улс хүчин чадлын хувьд эл станцаас илүү гарах нэг ч эх үүсвэр барьсангүй. Тиймээс жилээс жилд суурилагдсан хүчин чадлын нөөц бололцоог дээд цэгт нь тултал нь ашиглаж өвлийг арайхийн давсаар ирлээ.
21 аймаг ч эхнээсээ дулаан, цахилгааны дутагдалд орж эхлэв. Эдийн засгийн үзүүлэлт, төсөвт бүрдүүлдэг орлого, хүн амын суурьшлаараа хол илүү Өмнөговь аймгийн Даланзадгад хот энэ өвлийг өнтэй давж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Даланзадгадын дулааны цахилгаан станц 2000 оны аравдугаар сарын 26-нд ашиглалтад орж, Даланзадгад сумыг дулаанаар хангаж, төвийн эрчим хүчний нэгдсэн системд 2018 оны аравдугаар сарын 6-нд зэрэгцээ ажиллагаанд залгагдаж цахилгаан нийлүүлдэг болсон. Ашиглалтад орсон цагаасаа хэл ам дагуулж, эвдрэл гэмтэл гардаг байсан ч өнөөдрийг хүртэл Даланзадгад сумын айл өрх, албан байгууллагыг гал алдуулалгүй хангасаар иржээ. Гэвч өнөөдөр эл станц ачааллаа дийлэхгүй болоод байна.
Тус станц жилд 30.672 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 20.607.8 кВт-ийг түгээх төлөвлөгөөтэй. Мөн 85 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, 83.5 мянган Гкал түгээх ёстой. Гэтэл 2022 онд 10.504.8 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 5.150.6 кВт-ийг түгээсэн бол дулааны эрчим хүчний хувьд 75 мянган Гкал үйлдвэрлэж, 73 мян Гкал-ыг түгээжээ. Өнгөрсөн онд хүчин чадлынхаа 92-95 хувиар ачааллаж, өвлийг арайхийн давсан бол энэ өвөл ч нөхцөл байдал дээрдэхгүй нь. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөний дагуу дулаан, цахилгаан үйлдвэрлэж чадахгүй болжээ. Энэ нь тоног төхөөрөмж хэт хуучирсан, гэмтэл ихтэй, дулаанаар хангах айл өрх, албан байгууллагын тоо жилээс жилд өсөн нэмэгдсэнтэй шууд холбоотой.
Тус станцыг ашиглалтад орох үед Даланзадгад сумын айл, өрхийн тоо 3800 орчим байсан бол 2022 оны байдлаар 9600 гаруй болж гурав дахин өссөн. Цаашид ч шилжин суурьшигчдын тоо тасралтгүй өсөж, цахилгаан, дулааны хэрэглээ нэмэгдэх нь тодорхой. Даланзадгадын дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 3-4 Гкал-аар нэмэгдэж байна гэсэн тооцоолол бий. Асуудал улам томорч төвийн эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлдэг цахилгаанаа төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэх боломжгүй болсон гэдгийг тус станцын гүйцэтгэх захирал Д.Эрдэнэтөгс учирлалаа. Шинэ эх үүсвэр барих хүртэл станцаа усан болон уурын зуухаар өргөтгөх шаардлагатай бөгөөд хэрэв усан халаалтын 29 МВт-ын зуухаар өргөтгөж чадвал ойрын 3-4 жилдээ дулааны ачааллыг дааж чадна гэдгийг тэрбээр хэлсэн юм.
Аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс шинээр 50 МВт-ын цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг станц барихаар төлөвлөж ТЭЗҮ-ийг нь хэдийнэ боловсруулан Эрчим хүчний яаманд хүргүүлсэн. Газрын асуудлыг шийдэж хамгаалалтад авчихсан хүлээж байна. Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр эл станцын асуудлыг хэлэлцэж тодорхой шийдвэр гаргах учиртай ч өнөөдрийг хүртэл зөвлөлийн хурлаар ороогүй, хүлээгдэж байна.
Өмнөговь аймаг өнгөрсөн сарын 28, 29-ны өдрүүдэд “INVEST GOBI-2023” хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулсан. Чуулганы үеэр холбогдох яамны мэргэжилтэн, шинжээчдийг аймгийн удирдлага, станцын мэргэжилтнүүд урьж тулгамдсан нөхцөл байдлаа танилцуулж, 50 МВт-ын шинэ станц барих төслийг яаралтай дэмжиж өгөхийг тусгайлан хүссэн юм. “Эрчим хүчний ирээдүй” хэлэлцүүлэгт панелистаар оролцсон ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын нэгдсэн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Ё.Энхтуяа “Даланзадгадын шинээр барих төлөвлөсөн 50МВт-ын станц цахилгаан дулаан хослон үйлдвэрлэх нь тийм ч үр ашигтай биш” гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр “Эл станцын хөрөнгө оруулалт нь 130 сая ам.доллар. Шууд утгаараа 10 цахилгаан станц барих хэмжээний мөнгөөр босохоор байгаа учраас эдийн засгийн үр өгөөж талаас дахин судлах нь зүйтэй” гэсэн юм.
Харин Даланзадгадын дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Д.Эрдэнэтөгс эсрэг байр суурьтай байна. Тэрбээр “Дан дулааны станц барилаа гэхэд цахилгаан болон нүүрсээ худалдаж авах шаардлага үүснэ. Дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг станц барьвал аймгийн цахилгааны хэрэглээг хангахаас гадна улсын хэмжээнд дутагдалтай байгаа цахилгаан эрчим хүчийг нөхөхөд хувь нэмрээ оруулна. Дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэж байж станц ашигтай ажилладаг” гэж тайлбарлав.
Хүнээр яривал өндөр насны тэтгэвэртээ гарах хугацаа нь аль хэдийн болсон Даланзадгадын дулааны цахилгаан станцыг өргөтгөж, шинэчлэх асуудлыг даруй шийдэхгүй бол даланзадгадчууд өвөл нь хөлдөж, зун нь лааны гэрэлд сүүмэлзэн амьдрах дээрээ тулаад байна.
Өмнийн говийг төдийгүй уул уурхайн стратегийн орд газруудыг эрчим хүчээр хангах “Тавантолгой станцын төсөл” гэж бий. Энэ төслийг Монгол Улсын үе үеийн Засгийн газар ярьж эхлээд, барихаар төлөвлөөд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд тус станцыг цаасан дээр л барьж ирсэн гэдгийг бүгд мэднэ. Хэрэв Тавантолгойн станцыг цаасан дээр бус бодитоор барьчихсан бол Өмнөговь аймгийн төв өнөөдөр дулаан, цахилгааны асуудалтай нүүр тулахгүй байлаа. Монгол Улсын эрчим хүчний салбар ч эх үүсвэрийн дутагдалд орохгүй байх боломжтой байсан. Уг төсөл амжилттай хэрэгжвэл Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийн тоо нэмэгдэж, Хятадаас авдаг импортын эрчим хүч 98 хувиар буурч, цаашлаад экспортлох боломжтой. Гэвч Тавантолгойн цахилгаан станцын тендер өнөөдрийг хүртэл янз бүрийн шалтгааны улмаас бүтэлгүйтсээр л. Тендер зарлаж, сонгон шалгаруулалтаа ч хийж чадахгүй байна.
Өмнөговь аймгийн цахилгаан, дулааны асуудлыг тартагт нь тулгалгүй шийдэж болох байсан. Гэтэл бас л ярьсаар, цаасан дээр ажилласаар асуудлыг улам хурцатгаад байна. Өвөл хаяанд ирж, даланзадгадчууд гал алдах дээрээ туллаа. Эл эрсдэлийг төр, засаг, Эрчим хүчний яамны удирдлагууд ойлгож, нэн даруй шийдэхийг нь даланзадгадчууд хүлээсээр.