Дахиад сайн уу салхи аа

Салхиар баян Монгол Улсад хоёр дахь салхин цахилгаан станцыг барьж байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр болсон юм. Төв аймгийн Салхит ууланд сүндэрлэсэн салхин парктай монголчууд танилцаад удаагүй байтал говь нутагт баригдах өөр нэг салхин парктай танилцахаар боллоо.
Дорноговь аймгийн Сайншандад баригдах “Сайншанд салхин парк” нэртэй уг төслийн хувьцааны дийлэнхийг Германы “Ферростаал индустриал прожекст” компани эзэмшихээр болсон байна. Тус бүтээн байгуулалтад нийт 120 сая ам.долларын хөрөнгө оруулалт орох бөгөөд шинэ салхин станцыг 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Эрчим хүчний сайд М.Сономпил “Монголчууд 2020 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилго тавиад байгаа. Энэ зорилгын хүрээнд хоёр дахь салхин паркийн ажил ийнхүү эхэлж байна. Тус төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ болон бусад зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагууд төсөл хэрэгжүүлэгчид олгосон. Мөн төслийг хэрэгжүүлэхэд Ферростаал компани голлох үүрэгтэй оролцож, Сайншанд Салхин Парк ХХК болон гадаадын хөрөнгө оруулагч, дотоодын компаниуд зэрэг оролцогч талуудын хамтын ажиллагаанд гүүр болон ажиллахаар байгаа” гэв.
Сайншандын “Салхит” гэх газар босох уг цахилгаан станц ашиглалтад орсноор жилдээ 190 сая кВт/ц цахилгааныг төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх аж. Мөн жилдээ 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээтэй тэнцэх цэвэр эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс бий болох 200 гаруй тоннтой тэнцэх нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулна. Түүчлэн хоёр сая шоо метр орчим цэвэр усны зарцуулалт, 50 мянга гаруй тонн нүүрс хэмнэх гэнэ.
Байгаль орчин ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга “Ногоон эдийн засаг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага болоод байгаа энэ үед сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтын ажлууд ар араасаа ундарч байгаа нь нэг талаар манай эдийн засаг, байгаль орчинд ээлтэй. Нөгөө талаар олон улсаас энэ салбарт хөрөнгө оруулалт татах таатай боломжийг нэмэгдүүлэх юм. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад байгаль орчны асуудлыг чухлаар авч үзэж байгаа. Түүний нэг илрэл нь энэ мэт сэргээгдэх эрчим хүч болон ногоон эдийн засагтай холбоотой бүтээн байгуулалтыг дэмжиж буй хэрэг” гэв.
Энэхүү цахилгаан станц нь хүчин чадлаараа Монгол Улсын эрчим хүчний системд ажиллаж буй ДЦС4, ДЦС3 , Дарханы ДЦС-ын дараа орох томоохон эх үүсвэр юм. Түүнчлэн, жилд нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан нь 2012 онд ОХУ –аас импортлосон цахилгааны 50 орчим хувьтай тэнцэхээр байгааг төслийн багийнхан танилцуулсан. Харин уг салхин паркийн жилд үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ нь өнгөрсөн онд төвийн эрчим хүчний системийн нийт хэрэглээний 3.5 хувьтай тэнцэх аж.