Дахин төлөвлөлтөд анхаарах зүйл олон байна

Иргэд гэр хорооллын оронд тохилог, амины орон сууцанд амьдрахыг илүүд үзэх болсон. НИТХ-аас 2008 онд таван байршил сонгож дахин төлөвлөлтөд хамруулж, орон сууцжуулахаар ажиллаж буй. Тэгвэл үүн дээр нэмж СХД, ЧД, БЗД, СБД-т долоон байршлыг дахин төлөвлөлтөд хамруулахаар боллоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхэд нийслэлээс 40 тэрбум төгрөг зарцуулж, зургаан жилийн хугацаатай 42 мянган айлыг орон сууцжуулахаар төлөвлөж буй юм. Гэхдээ дахин төлөвлөлтийг хийхэд анхаарах ёстой олон зүйл байгааг иргэд, нийслэлийн иргэдийн төлөөлөгчид хэлж буй юм. Тухайлбал, ажлын үе шатаа илүү тодорхой болгох, хөрөнгө оруулагч компаниуд болон иргэдийн хоорондох харилцааг хуулийн дагуу тодорхой болгох, иргэдийг түр нүүлгэн шилжүүлэх байрыг бэлтгэх зэрэг ажил олон бий аж. Энэ ажлыг “Гэр хорооллын хөгжлийн газар”, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” Улсын үйлдвэрийн газар хамтран хариуцах юм байна. НИТХ-ын дарга Д.Баттулга Нийслэлийн хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбатад гэр хорооллыг дахин төлөвлөх болон барилгын компаниудыг сонгон шалгаруулах журам боловсруулахыг үүрэг болгосон ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байна. ИТХ-ын тэргүүлэгч Г.Энхцэнгэл “Дахин төлөвлөлт хийхдээ асуудлыг олон талаас нь харж, иргэд, хөрөнгө оруулагч компаниуд, төр, хувийн хэвшлийг оролцоог хангаж, бодитой ажил болгох нь чухал” гэдгийг онцолсон.

Төлөвлөлтөд орсон гэр хорооллын ихэнх нь төвийн цэвэр усны шугаманд холбогдож буйгаараа давуу талтай аж. Харин дулааны асуудлыг дэд цахилгаан станц барьж шийдэх юм байна. Иргэдэд мэдээлэл дутмаг байгааг хэлж байсан. Тухайлбал, иргэд дахин төлөвлөлийг хэрхэн хийх, яаж оролцох, газраа төлөвлөлтөд хамруулсаныхаа дараа түр оршин суух байр байгаа эсэх, мөн барилгын компаниудтай хэрхэн хамтарч ажиллах талаар мэдээлэл дутуу байгаа аж. Түүнчлэн хүү бага, хугацаа урттай зээлд хамрагдах боломж байгаа эсэх нь иргэдэд чухал байгаа юм. Тэгвэл дахин төлөвлөлтөд хамрагдаж буй БЗД-ийн зарим иргэнээс нь төлөвлөлтөд хамрагдахад тулгамдаж буй асуудлыг нь сонирхлоо.

Иргэдэд мэдээлэл өгөх ухуулагчийг хороо бүрт бий болгох хэрэгтэй

Ц. Амартүвшин /БЗД-ийн VIII хорооны иргэн /

-Манай дүүргийн иргэд нэгдэж өнгөрсөн оноос эхэлж “Гэр хороолол тохилог орон сууц” санаачилга гаргасан. Энэ хүрээнд хорооны иргэдтэй уулзахад охилог орон сууцтай болох саналыг бүгд дэмжиж байсан. Эхний ээлжинд дахин төлөвлөлтөд хамрагдсан хороодод гудамж, гудамжаар нь хариуцах хүнийг гаргах хэрэгтэй. Төрөөс шугам сүлжээгээ татаж өглөө гэхэд иргэд орон сууц барих компаниудтай ямар нөхцлөөр байшингаа бариулах, цаашлаад зээлд хэрхэн хамрагдахыг тодорхой болгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол иргэд өндөр хүүтэй зээлд хамрагдаж, өрөнд орох вий гэсэн айдастай байгаа юм.

Иргэдийн газрыг үнэлж, баталгаа гаргаж өгөх шаардлагатай

Л.Болд /БЗД-ийн VIII хорооны иргэн /

-Гэр хорооллын иргэдийн гол өмч бол газар. Газрыг төрөөс үнэлж, баталгаа гаргаж өгөх хэрэгтэй. Тухайлбал, газрын хэмжээ, байршлаас хамаарч ялгавартай хандах нь зүйтэй. Тэгэхгүй бол иргэд байшингийнхаа зээлийг төлж чадахгүй байдалд хүрвэл газрыг нь барилгын компаниуд барьцаалахыг үгүйсгэх аргагүй. Мөн иргэд өөрсдөө барилгын компаниа судалж, олно гэдэг хэцүү. Бидэнд энэ чиглэлийн мэдээлэл дутмагийг далимдуулж чанар муутай байшин барьж өгч ч болох юм. Тиймээс төрийн зүгээс иргэн, барилгын компани хоёрыг холбож, эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, банкны зээлийн асуудлыг уян хатан, иргэдэд дарамт болохооргүй байдлаар шийдэх шаардлагатай байна. Гэр хорооллын иргэд дундаж эсвэл дунджаас доогуур орлоготой байдаг. Өндөр хүүтэй, хугацаа богинотой зээлийг хэн ч төлж чадахгүй. Тиймээс иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд төрийн оролцоо чухал байна.