Долдугаар хороолол “домог” болохгүй

Хот төлөвлөлттэй холбоотой домог болох шахсан долдугаар хороолол энэ удаа ажил хэрэг болох нь ээ. Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Орон сууцны долдугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах "Pro One" төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
“Орон сууцны VII хороолол” гэх албан ёсны нэршил бүхий уг бүтээн байгуулалт нь Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу нийт 210.0 га талбайг хамарсан байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн дахин төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Даланжаргал “VII хороолын хувьд эртнээс дахин төлөвлөх талаар яригддаг байсан. Нийслэл өөрийн хөрөнгөөр газар чөлөөлж, зарим нэг барилга байшинг ч барьж үзсэн. Тэгээд олигтой үр дүнд хүрээгүй. Харин сүүлд тус хорооллыг 22 хэсэгт хуваасан. Одоогоор “Master developer”, “Заг”, “Асар өргөө”, “Бэрэн” гэсэн компаниуд шалгараад төсөл хэрэгжүүлээд явж байна. Энэ хавраас барилгын ажил ерөнхийдөө жигдрэх байх. Бидний төлөвлөснөөр энэ намар гэхэд нүдэнд харагдахуйц үр дүн VII хорооллын хэсэгт гарахаар байгаа” гэв.
Ер нь бол тус хороолол нийгмийн болон, инженерийн дэд бүтэц сайн. Хотын төвтэй хамгийн ойрхон учраас ирээдүйн “Compact city” загвар хороолол болох аж.
Долдугаар хороолол хотын төвтэй ойр учраас бизнесийн шинэ төв цэг, орон сууцжуулалтын тэргүүлэх хэсэг. Үүнийг дагаад бизнес эрхлэгчдийн шаардлагад нийцсэн орчин үеийн барилга байгууламж шаардагдах нь ойлгомжтой. Энэ талаар "Pro One" төслийн санаачлагч "Мастер групп"-ийн ерөнхий захирал Ц.Дашцэрэн “Ойрын таван жилдээ долдугаар хороолол нийслэлийн шинэ санхүүгийн төв болохоор байгаа. Тиймээс бизнесүүдийн ажиллах таатай орчныг хангасан шинэ бизнес төвийг мөн бий болгох хэрэгтэй. Энэ шаардлагын дагуу бид "Бизнесийн шинэ төв цэг"-ийн анхны оффисын барилгын ажлыг эхлүүлж байгаа нь энэ. Манай компанийн хувьд зургаан оффисийн зориулалттай, хоёр үйлчилгээний төв барих зөвшөөрөл авсан байгаа” гэв.
Уг хорооллыг дахин төлөвлөснөөр хот төлөвлөлт нэгдсэн зохион байгуулалттай болох, газрыг зүй зохистой ашиглах, агаар, хөрсний бохирдол багасгах гээд нийгэмд эерэг нөлөө үзүүлэхээр байгаа аж.