Долларын нэрийн өмнөөс...

Их Британийн “Standard Chartered” банкны удирдлагуудыг АНУ-ын хуулийг зөрчсөн хэмээн өнгөрсөн долоо хоногт шүүхэд дуудсан байна. Учир нь тус банкийг Ираний санхүүгийн байгууллагуудтай хууль бус хэлэлцээр хийсэн, улмаар АНУ-аас Иран улсад тавьсан хоригийг зөрчсөн гэж үзжээ. Тус банкийг 304 сая ам.доллараар торгож магадгүй тухай мэдээлэл гарч байгаа. Америк улсад харъяалалгүй байгууллагыг тус улсын хуулийг зөрчсөн гэж ямар учраас буруутгав. Үүнийг АНУ-ын мөнгөн тэмдэг буюу долларын гүйлгээтэй холбон тайлбарлах аж.

АНУ Иран улсад 2012 оны эхээр тодорхой хэдэн хориг тавьсан билээ. Дэлхийн санхүүгийн байгууллагуудыг Иран улсын Төв банктай ямар нэг санхүүгийн хэлэлцээр хийсэн тохиолдолд торгууль ногдуулах арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Исламын Бүгд найрамдах улс гэгдэх Иран улсын үндэсний баялаг газрын тосны худалдаанд ч мөн хориг тавьсан юм. Энэхүү хоригийг анзааралгүй ам.долларын гүйлгээ хийсэн ING банк өнгөрсөн онд 600 сая ам.долларын торгуульд унасан юм.

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэнтэй “дайн” зарлахгүйн тулд ING банкны удирдлагууд Иран улстай нийт 1.6 тэрбум ам.долларын хэлэлцээр хийсэн, түүнчлэн “хар жагсаалтад” багтах Куба улсын санхүүгийн хэд хэдэн байгууллагатай хамртан ажилласанаа зөвшөөрч, оноосон торгуулийг үг дуугүй барагдуулсан билээ.

Хамгийн том өрсөлдөгч Европ тивийн санхүүгийн байгууллагуудыг “хууль бус хөрөнгө оруулалт” гэх нэрээр буулгах АНУ-ын ажиллагаа үүгээр зогссонгүй. Энэ удаагийн сэжигтнээр Английн HSBC холдинг тодорч Америк улсын шүүхийн тавцанд “заларсан”. Тус байгууллагыг Америкийн газар нутгийн харъяа болох Мексикт хар тамхи худалдаалах үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар мөнгө угаасан хэрэгт буруутгасан юм. Түүнчлэн АНУ-ын шүүхийнхэн энэ удаад “Standard Chartered”-ээс гадна Германы хамгийн том банк болох Deutsche Bank-ийг Иран улстай хууль бус хэлэлцээр хийсэн хэрэгт буруутгаж байгаа аж. Германчууд хэргээ хүлээх нь тодорхой. Харин тэд хэдийг төлөх бол гэдэг л...

Мөн Америк, Их Британийн хамтарсан мөрдлөгийн дүнд Английн Barclays PLC санхүүгийн байгууллага зээллэгийн стандартаа хуурамчаар тогтоосон болох нь нотлогдон 453 сая ам.долларын торгуулийг АНУ-ийн Засгийн газарт төлсөн байдаг.

Америкийн Засгийн газрын Санхүүгийн хэлтсийн ажилтан Бенжамин Лавски “Standard Chartered банк Нью Йорк хотод байрлах салбараараа дамжуулан сүүлийн арваад жилийн хугацаанд Ираны Засгийн газартай нийт 250 тэрбум ам.долларын хууль бус худалдаа хийсэн байдаг. Ингэснээр манай улсын санхүүгийн системийг алан хядагч, зэвсэг, хар тамхины наймаачид цаашлаад авилга, хээл хахуулийн аюулд унагахыг оролдсон” хэмээн мэдэгдсэн байна.

Гэвч АНУ-тай ямар ч холбоогүй байгууллага яаж тус улсын хуулийг зөрчсөн хэрэгт унах билээ. Ийм төрлийн хууль, дүрмийг АНУ-ын Үндсэн хуульд ч тусгаагүй байдаг. Харин Америкчууд хүссэн нэгнээ дурын аргаар ялд унагах эрхтэй улс бололтой. Жишээлбэл, дэлхийн санхүүгийн төв болох Нью Йорк хотоор дамжсан ямар ч байгууллагын мөнгөн гуйвуулга АНУ-ын хуулийн дагуу явах учиртай нь бичигдээгүй хууль аж. Энэ тухай “Нью Йорк хотод байрлах олон улсын нэгэн санхүүгийн байгууллага иенийн гуйвуулга хийлээ гэж бодъё. Тэгвэл тухайн мөнгөн дүнг ам.долларт шилжүүлэн тооцож, гуйвуулгын зорилгоос хамааран АНУ-ын хуулийг зөрчсөн үгүйг тодорхойлох аж. Учир нь шилжүүлэг хийсэн байгууллага Америкийн газар нутагт оршиж байгаа юм” хэмээн Goodwin Procter хуулийн фирмийн гишүүн Давид Питофски хэлжээ.

Нью Йорк бол дэлхийн санхүүгийн төдийгүй ам.долларын арилжааны төв юм. Хэдийгээр дэлхийн мөнгөн гуйвуулгын ихэнх нь эл хотоор дамждаг ч санхүүгийн байгууллага бүр АНУ-ын мэдлийнх байдаггүй аж. Харин Нью Йорк хотын захиргаанаас 250 тэрбум ам.доллар угаасан хэрэгт буруутгагдаад буй Их Британийн Standard Chartered банк тус хотод салбараа байгуулаад ердөө 10 сар болж байгаа тухай BBC агентлаг мэдээлсэн байна. Standard Chartered банк нийт 4500 гаруй салбар байгууллагатай бөгөөд тус банкны нийт хөрөнгө 6.2 тэрбум ам.доллараар үнэлэгддэг ажээ.

АНУ мөнгөн тэмдэгтээ ашиглан хуулийн ноёрхол тогтоохыг оролддог нь нууц биш. Түүгээр ч зогсохгүй гадаадын томоохон байгууллагуудыг энэ мэтээр “гүтгэх” нь цөөнгүй. Тухайлбал, 2010 онд АНУ-ын Засгийн газар “Mercedes-Benz” -ийн эзэмшигч Германы Daimler компанийг ОХУ тэргүүтэй нийт 22 орны төрийн албан хаагчдад авилга өгсөн хэргээр буруутгажээ. Америкийн өндөр албан тушаалтнуудад хахууль өгөөгүй Daimler компани бусдын адил “хэрэг”-ээ хүлээн тогтоосон торгуулийг төлсөн байдаг.

Саяхан АНУ-ын патентын тухай хуульд өөрчлөлт оруулсан билээ. Хуулийн шинэчлэлд тусгасанаар АНУ-ын зохиогчийн эрхийн хуулийг зөрчсөн хэрэг бүрийг АНУ-ын Үндсэн хуулиар авч хэлэлцэх болжээ. Сонирхолтой нь хуулинд зохиогчийн эрх хаана, ямар улсад хэрхэн зөрчигдөж буйгаас үл хамааран эрх чөлөөний орны хуульд захирагдах гэнэ. Америкийн ДНБ-ий 30-аад хувийг оюуны өмчийн бүтээл бүрдүүлдэг бөгөөд жилд дөрвөн тэрбум ам.долларын ашиг улсын төсөвт оруулдаг байна. АНУ-ын ДНБ-ий ихээхэн хэсгийг бүрдүүлэгчид нь дэлхий нийтийн ололт, нээлтийн “цуглуулга” байдаг. Америкчууд тэр бүхнийг зохион бүтээгээгүй ч патентлаж чадсан овсгоотой улс.