Доминик Стросс-Каныг хэн орлох вэ?

Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн тоонд орж байсан, Олон улсын валютын сангийн тэргүүн, 62 настай Доминик Стросс-Кан Нью-Йорк хотын зочид буудлын үйлчлэгч эмэгтэйг хүчиндэхийг завдсан хэрэгт холбогдсоныхоо дараа өөрийн хүсэлтээр огцорсон билээ.Тэрбээр энэ тухайгаа ОУВС-гийн Гүйцэтгэх удирдлагад албан ёсны захидлаар мэдэгдэхдээ: “Хүндэтгэн, зүтгэл гаргаж ажиллаж байсан хамт олноо би хамгаалмаар байна. Тэднийхээ нэр хүндэд сэв суулгасан нь харамсалтай. Би бүхий л хүч чадал, цаг зав, эрч хүчээ өөрийн гэмгүй гэдгээ нотлоход зарцуулахыг хүсэж байна” гэжээ. Түүнчлэн өөрийг нь буруутгаж байгаа зүйл ор үндэсгүй гүтгэлэг гэдгийг цохон тэмдэглэхээ мартсангүй.

Франц улсын Ерөнхийлөгч Николя Саркозигийн хамгийн том өрсөлдөгч хэмээн өнөөг хүртэл тооцогдож байсан Социалист намын Стросс-Кан буруутай гэдэг нь нотлогдох юм бол 25 жил шоронд суух ял эдэлж болзошгүй ажээ. Ямартай ч ОУВС-гийн шинэ захирал томилогдох хүртэл Стросс-Каны орлогч Жон Липски түүний албан үүргийг гүйцэтгэж буй.

Америкийн шүүгч Мелисса Жексон Стросс-Каныг нэг сая ам.долларын барьцаатайгаар батлан даалтад гаргахаас татгалзсан. “Julius Baer & Co” банкны Хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Венкатраман Ананд Нагесваран “Стросс-Кан нь чухал хүн учир хэдийгээр огцорсон ч ОУВС-д том сүүдэр туссаар байх болно” гэж мэдэгдсэн байна. “Стросс-Кан Европын улс төр, эдийн засгийн байдлыг маш сайн ойлгодог хүн. Европын санхүүгийн байдал хүнд байгаа өнөө үед түүнийг орлож чадах хүн олдоход хэцүү л болов уу. ОУВС-д түүн шиг хүн байгаа гэж би бодохгүй байна” хэмээн Канадын Төвбанкны удирдагч асан Дэвид Дож ярьжээ. Харин ОУВС тэргүүнээ энэ оны зургадугаар сарын 30-ны дотор сонгоно гэдгээ албан ёсоор мэдээлээд байгаа юм.

Ямартай ч Стросс-Каныг хэн орлох вэ гэсэн шуугиан хэдийнэ эхэлсэн. Хөгжиж буй орнууд өөрийн хүнээ гаргаж ирэх хүсэлтэй байгаа бол европчууд уламжлалаа хадгалж үлдэх зорилго өвөртөлж буй. Дэлхийн банк, ОУВС-г АНУ, Европын орнуудаас гарсан хүн л удирдаж ирдэг бичигдээгүй хууль үйлчилдэг гэхэд хилсдэхгүй биз ээ.

Сингапур улсын Сангийн сайд Тарман Шанмугаратнам, Өмнөд Африкийн Сангийн сайд асан Тревор Мануэл болон Турк улс ОУВС-гаас тусламж авч байх үед тус улсын Сангийн сайд байсан Кемал Дэрвис нар хөгжиж буй орнуудаас нэр дэвших магадлалтайг “Financial Times” мэдээлсэн байна.

Харин ХБНГУ-ын канцлер Ангела Меркель ОУВС-ийн тэргүүнийг Европоос сонгосон нь дээр гэж үзэж байгаа аж. Францын Сангийн сайд Кристин Лагардыг бол Шведийн Сангийн сайд Андерс Борг тэргүүтэй нөлөө бүхий хүмүүс дэмжиж буйгаа илэрхийлсээр байна. Үүний хажуугаар ХБНГУ-ын Төвбанкны захирал асан Аксель Вебер, Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун нарын нэр ч цухалзаж буй.

ОУВС-гийн 187 гишүүн орны аль нь ч тавдугаар сарын 23-наас зургадугаар сарын 10-ны хооронд өөрийн нэр дэвшигчээ санал болгох бололцоотой бөгөөд хураангүй жагсаалтад гурван хүн шигшигдэж үлдэхийг уг байгууллага албан ёсоор мэдээлжээ.