Донорын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаа яасан бэ

Засгийн эрхэм түшээд, гишүүдээ. Дээрх асуултыг та бүхэнд тавьмаар байна. Сонгуулийн мөрийн хөтөлбөр, элдэв амлалт, Н.Энхбаяр, Ц.Нямдоржийн тухай хэрүүл доноргүйн улмаас үхлээ хүлээн тарчилж буй ард иргэдээс, амьсгалж чадан тийчлэх бяцхан хүүхдийн амьнаас чухал асуудал юм гэж үү. Хэн нэгний хариуцлагагүй үгийн зөв бурууг шүүхийн тулд бараг 76-уулаа цуглаж, үүр цайтал “хэрэлддэг” атлаа иргэдийн амь, нас, эрүүл мэндтэй холбоотой олон чухал асуудлыг анхаарлынхаа гадна үлдээсээр ирлээ.

Монгол Улсад албан бус тоогоор 6000 гаруй иргэн элэг, зүрх, бөөрний донорын эрэлд хатаж, донор олдсон ч Донорын тухай хуулийн “Цус болон эд, эрхтний донорыг зөвхөн цусан төрлийн хамаатнаас нь авах” тухай ганцхан өгүүлбэрт баригдан өдөр хоногийг аргацааж байна. Энэхүү шинэчилсэн найруулгаар дээрх ганц өгүүлбэр буюу бусад шаардлагатай эрх зүйн заалтуудыг нэмж байгааг хууль санаачлагчид онцолж байсан. Уг нь бол Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын эхнээсээ хоёрдугаарт шийдвэрлэнэ хэмээн мэдээлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл таг чиг. Иймээс зарим УИХ-ын гишүүнээс

-Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа талаар та мэдэж байгаа юу?
-Энэ хуулийн төсөл батлагдахыг олон зуун хүн хүлээж байна. Яагаад хэлэлцэхгүй байна вэ. Энэ тал дээр таны бодол гэсэн асуултад хариулт авлаа.

УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд асан С.Ламбаа “Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг маргааш хэлэлцэх байх. Ер нь бол батлагдана гэж бодож байна” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Оюун “Мэдэхгүй байна. Би тэр Байнгын хорооны гишүүн биш шүү дээ. Нийгмийн салбар хариуцсан гишүүдээс асуу” гэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Донорын тухай хуулийн төсөл гэж сонсоогүй юм байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Зөвхөн Донорын тухай хууль ч гэлтгүй бүх зүйл эрх зүйн зохицуулалттай байх ёстой. Миний хувьд Донорын тухай хуулийг сонирхоогүй” гэсэн хариулт өглөө. Харин нийгэм, боловсрол, эрүүл мэндийн байнгын хорооны гишүүд гар утсаа авсангүй.