Дотоодын бүтээгдэхүүнээ аваарай

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бараа, бүтээгдэхүүнээ зарж борлуулах лангуу, дэлгүүр байдаггүй, байсан ч түрээс нэхдэг учраас хүндрэлтэй байдгийг үйлдвэрлэгчид хэлдэг. Тэгвэл Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс ирэх оны турш улирал бүр гурван хоног Улаанбаатар бизнес хөгжлийн төвд бараа, бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй сурталчлах боломжийг энэ сараас олгож буй аж. Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл “Ирэх баасан гариг хүртэл хувцас, модон эдлэл, хүнсний бүтээгдэхүүний жижиг, дунд бизнес эрхэлдэг иргэд бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж, бөөний үнээр нийслэлчүүдээ үйчлэх болно” гэв.

“Хөдөлмөрч хүнд боломж нээлттэй” сэдэвт тус үзэсгэлэнг 40 орчим иргэн, үйлдвэрлэгч оролцож буй ажээ. Тухайлбал, үндэсний торгон дээл, ноолууран хувцас, ор, шүүгээ, хаалга зэрэг модон эдлэл, гоёл чимэглэлийн зүйлс, амтат бялуу зэргийг тавьжээ. Та ирэх баасан гаригаас өмнө амжиж Улаанбаатар бизнес хөгжлийн төвийг зорьж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг сонирхоорой.

Энэ үеэр үйлдвэрлэл эрхлэгчидтэй тулгамдаж буй асуудлынх нь талаар цөөн хором ярилцсанаа хүргэе.

Д.Баасансүрэн /СХД-ийн бизнес эрхлэгч/

Манай модон эдлэлийн үйлдвэр арав гаруй жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхэлсэн. Өвөө маань удам дамжсан мужаан хүн байсан. Тиймээс би нөхөртэйгээ хамт өвөөгийнхөө ажлыг үргэлжлүүлж байгаа. Сүүлийн үед иргэд мод хүний уушгийг цэвэршүүлдэг болохоор гаднаас оруулж ирсэн тавилгыг хэрэглэхээсээ илүүтэй модон тавилгыг сонгох болсон. Манайх цэвэр нарсан шатаалгын банзаар тавилгаа үйлдвэрлэдэг. Иймээс бат бэх, эдэлгээ удаантай. Зах дээр зарагдаж буй ихэнх тавилгыг нойтон модоор хийдэг болохоор эдэлгээ муу, хоёр гурван жил болоод цуурч эхэлдэг. Унтлагын өрөөний ком, ариун цэврийн булан, хаалгыг захиалгаар хийж өгдөг. Ихэнх хэрэглэгч Төв болон Баянхонгор аймгийн иргэд байдаг. Захиалга их ирсэн тохиолдолд материалын хүрэлцээ муугаас хүлээгдэх тохиолдол бий. Тиймээс эргэлтийн хөрөнгөө илүү нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Мөн мэргэжлийн сайн мужаан хайхад тэр бүр олдоггүй. Манайх тодорхой хэмжээний хэрэглэгчтэй болчихсон. Үүн дээрээ нэмж хотод тавилгаа заръя гэхэд борлуулах суваг байхгүй нь хүндрэлтэй байгаа. Томоохон дэлгүүрт тавьж заруулъя гэхэд түрээс хэтэрхий өндөр байдаг. Тухайлбал нэг ор зарахаар тавихад ойролцоогоор сарын 700 мянган төгрөг төлөх хэрэгтэй болдог. Тиймээс хэрэв үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжье гэвэл түрээс бага, байрлал сайтай томоохон дэлгүүр эсвэл нэгдсэн захыг нээж өгөх хэрэгтэй байна. Тэгвэл бидэнд зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бүрдэх юм.

С.Отгон /“Тунамал торго” салоны дарга/

Манай салон торгон загварын дээл, хүрэм, хантаазыг бүх загвараар хийдэг. Дээл захиалгаар хийж үйлчилдэг. Торго үнэтэй бүтээгдэхүүн учраас эргэлт удаан, хөрөнгө мөнгө их шаарддаг. Тиймээс найдвартай, хүү багатай зээлийн эх үүсвэр хэрэгтэй байна. Жишээлбэл, би хоёр сая төгрөгөөр торго авлаа гэхэд хоёрхон өнгийг л авна. Тиймээс ядаж 20 сая төгрөгөөр 10 өнгийн торго авч, эргэлтээ хийх чадалтай болохыг зорьж байгаа.