Дотоодын нийт аз жаргал

Бутан улс нь дэлхийн хамгийн өндөр уулын зүүн төгсгөлд оршдог жижигхэн орон.
1960 он хүртэл засмал замгүй, 1970-аад онд аялал жуулчлал огт хөгжөөгүй, шинэ мянган хүртэл телевизгүй байсны зэрэгцээ харилцаа холбооны сүлжээ орж ирсэн дэлхий дээрх хамгийн сүүлийн орон гэдгээрээ онцлог сонин.

Хэн бүхний харааг булаах үзэсгэлэн гоо өндөрлөг газар энд бий. Хүрээлэн буй орчин нь хайранд өлгийдүүлж халамжаар бүүвэйлүүлдэг гэмээр сайхан. Учир нь, Бутан улс байгаль хамгааллын асуудлаа аз жаргалын дөрвөн тулгуурт баганын нэгт тооцдог. Дотоодын нийт бүтээгдэхүүнээс илүү “Дотоодын нийт аз жаргалыг” эрхэмлэн авч үздэг нь энэ орны иргэдийн санаа бодол ухамсар юм. Өөрчлөлт шинэчлэлийн салхинд туугдан, урагш алхсаар яваа Бутан улс байгалийн нөөцөө хэрхэн хариуцлагатай ашиглах вэ гэдэг асуудалд хамаг анхаарлаа хандуулж байна. Ус бол энэ орны хамгийн арвин нөөц баялгуудын нэг.

Тус улсын гол мөрөн байгалиасаа их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх өвөрмөц хэв маягаар тогтжээ. Үүнийг цэвэр эрчим хүч ч гэж нэрлэдэг. Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хөгжилд нэрээ гаргасан энэ орны уснаас гаргаж авдаг эрчим хүч тус улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний амин сүнс, үндсэн эх сурвалж нь юм. Гэсэн хэдий ч өөрсдийн боломжит хүчин чадлынхаа дөнгөж тавхан хувийг одоогийн байдлаар ашиглаж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. “2020 он гэхэд бид дахин 15 усан цахилгаан станцтай болох зорилт тавин ажиллаж буй. Үүний гурвынх нь бүтээн байгуулалтын ажил хэдийнэ эхэлчихсэн бөгөөд барилга угсралтын явц маш сайн байгаа” гэж Чуха хотын “Druk Green Power” корпорацийн гүйцэтгэх инженер Тензин хэлжээ.

Бутаны хамгийн анхны усан цахилгаан станц Чуха хотод байрладаг. Усны далан дээр Буддын шашны олон бурхадын дүрийг тэр дундаа усны бурхадыг үзэсгэлэнтэйгээр урласан байдаг нь сүр жавхлан сүсэг бишрэлийг хамтад нь илтгэх ажээ. Станцын энд тэнд ямар л хоосон хана, сул зай байна түүн дээр Буддагийн амьдрал өнгө өнгийн будгаар үзэмж төгс дүрслэгдсэн байдаг. Жирийн үед нэг л уйтгартай, хүйтэн хөндий өнгө аясыг илтгэдэг цахилгаан станцын хана зургаар амилж, халуун дулаан, сэтгэл татам мэдрэмжийг төрүүлдэг нь гайхмаар.

Бутанд усны эрчим хүч том бизнес болжээ. Ер нь бол хамгийн сайн хөгжсөн нь гэж хэлж болно.Энэхүү жижигхэн орны үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчийг Энэтхэг улс худалдан авдаг. Газар нутгийнхаа хэмжээгээр Швейцар улстай дүйцэхүйц энэ орон Калифорни мужаас ч цөөхөн хүн амтай. Дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 60 хувь сэргээгдэх хүчнээс бүрддэг байна. “Манай улсад эрхэлж болох хамгийн тохиромжтой бизнесийн чиглэл усны эрчим хүч юм” хэмээн Бутаны Ерөнхий сайд Жигмэ Тинли СNN мэдээллийн агентлагт хэлжээ.

Экологийн хувьд Бутан улс нь Хималайн нуруунд оршдогийн хувьд ихээхэн эмзэг бүс нутаг юм. “Үнэнийг хэлэхэд бид байгальд ээлтэй, экологийн системд маш бага бүр огт хохирол үзүүлэхгүй гэдэг үүднээс л голын урсгалын тогтолцоог ашиглан эрчим хүчээ гаргаж авах сонголтыг хийсэн билээ” гэж Ерөнхий сайд нь онцлон тэмдэглэжээ. Гэхдээ хүн бүр дээрх шийдвэрийг дэмждэггүй. Тухайлбал, Засгийн газрын зөвлөх Д.Дорж “Хэтэрхий олон далан барьснаар усны амьтдад хор хөнөөл учирч болзошгүй” хэмээн ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байх жишээтэй. Зорилго нь зөв боловч энэ бүх зүйл маш хурдан өрнөж байна. Бүхий л гол мөрөндөө далан барихын оронд зарим нэгийг нь ч болтугай нь унаган байгалиар нь үлдээхсэн гэж тэрбээр боддог. Гэсэн ч агаар бохирдуулдаггүй эрчим хүчний эх үүсвэр олон талын ач холбогдолтой гэдгийг бас сайн мэдэж байгаа.

Тус улсын 80 хувь нь цахилгаан эрчим хүчинд холбогдсон бөгөөд 2013 он гэхэд улс даяараа цахилгаантай болох зорилгыг тавин ажиллаж байна. Энэхүү шаардлагатай эрчим хүчийг 100 хувь уснаас гаргаж авах гэнэ. Цэвэр эрчим хүч Бутаны олон тооны иргэдийн амьдралыг өөрчилсөн. Анх 2000 онд цахилгаан гэгч зүйлийг мэдэж, мэдэрч эхэлсэн фермер Занмо “Цахилгаан байгаагүй тэр он цагт бидний амьдралын бүхий л зүйл галаас хамаардаг байсан учир ихээхэн төвөг учирдаг байлаа” хэмээн дурсан ярьж байна.

Цахилгаан эрчим хүч нь бутанчуудын хувьд амьдралын баяр баяслыг бадраасан нь илт. Будаагаа хураасны дараагаар гэр бүлээрээ өдөр шөнөгүй олон цагаар будаа цайруулах ажил хийдэг байсан бол өнөөдөр товчлуур дараад л автоматаар нүд ирэмхийн зуурт чанартай цайруулаад өгчихдөг болжээ. Занмо эрчим хүч хэрхэн бий болдгийг мэдэхгүй боловч цахилгаантай байгаадаа маш их талархаж явдаг нэгэн. Үнэндээ түүн шиг олон хүн тэдний ажил төрөл, ар гэрийн амин сүнс болсон цахилгаан голын усаар бүтээгдэж, тэдний амьдралыг гэрэлтүүлдэг гэдгийг огт төсөөлдөггүй. Занмод усны урсгал таны гэртээ хэрэглэдэг тогийг гаргаж авахад тусалдаг гэж хэлэхэд, түүний нүд маш том болж, хэсэг хугацааны дараа ийн хэлсэн билээ. “Ус цахилгаан гаргадаг гэж бид ёстой зүүдэлсэн ч үгүй явлаа. Үнэхээр итгэмээргүй юм” гэж гайхжээ.