ДОХ-той төрсөн хүүхдийг эдгээж чадлаа

АНУ-д ХДХВ-ийн халдвар тээн төрсөн хоёр настай охиныг эмчилж чаджээ. Охиныг төрснөөс хойш 30 цагийн дараагаас эмчилгээ хийж эхэлсэн аж. Эмнэлгийн зүгээс уг өвчнийг туссан бүх хүнд хийдэг энгийн эмчилгээг хийсэн байна. Судлаачид цаг алдалгүй эмчилгээ хийсний дүнд охин эдгэрлээ хэмээж байгаа.

Миссиппи мужид төрсөн уг азтай охинд эмчилгээ хийснээс хойших нэг жилийн хугацаанд халдварын шинж тэмдэг илрээгүй гэнэ.
Одоогоор ДОХ-ын халдвар тээж буй бусад хүүхдэд энэ төрлийн эмчилгээ адилхан үр дүн өгөх эсэхт туршилт хийн, баталгаажуулах хэрэгтэй байгаа аж. Гэвч дээрх эмчилгээний үр дүн уг өвчинд шаналан буй олон хүүхдийг эмчлэх гарц нээгдэж байж болохыг үгүйсгэхгүй хэмээн судлаачид хэлж байна.

Хэрэв охины эрүүл мэндийн байдал цаашид одоогийнх шигээ тогтвортой байвал дэлхийн хэмжээнд ДОХ-ыг эмчилсэн хоёр дахь тохиолдол болох юм байна. Балтиморын Жон Хопкинс Их Сургуулийн нян судлаач Дебора Персауд “Энэ бол ДОХ-ын халдвартай төрсөн хүүхдүүдийг нярайн үед нь эмчлэх бололцоо байгааг харуулж буй нотолгоо” гэж хэлжээ.

2007 онд Тимоти Рэй Браун хэмээх ДОХ-ын халдвар тээж байсан иргэнийг эмчилснээр тэрбээр дэлхийн хамгийн анхны ДОХ-оос ангижирсан хүн болсон билээ.