ДОШ

“Хүртээмжтэй даатгал” олон улсын форум болж байна. Уг арга хэмжээг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ болон Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй аж. Хоёр өдрийн турш үргэлжлэх тус форумаар хүртээмжтэй даатгал, бичил даатгал, даатгалын салбарын боломж зэрэг олон асуудлаар талаар талууд ярилцах юм байна.
Эдийн засгийн 44 хувийг үйлчилгээний салбар эзэлдэг бол ердөө тавхан хувийг санхүүгийн салбар бүрдүүлдэг аж. Харин санхүүгийн салбарын 96 хувийг банк нэг хувийг нь даатгалын салбар эзэлж байгааг Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга Б. Нямаа тавьсан илтгэлдээ дурдсан юм. Эндээс манай улсын даатгалын салбар ямар жижиг болох нь харагдана. Уг нь даатгалын салбар аливаа улс орны санхүүгийн хамгийн хүчирхэг зэвсэг байдаг. Гэтэл манайд нэг л унхиагүй.
Даатгуулагчгүй даатгалын салбар урагшаа ахихгүй байгааг СЗХ-ны Даатгалын газрын дарга С. Ганболд сануулсан. Учир нь манай улсын даатгалын компаниуд ихэнхдээ байгууллагын даатгалыг хөгжүүлсэн байдаг аж. Даатгалын компаниудын гаргаж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь хувь хүн тэр дундаа бага дунд орлоготой иргэдэд чиглэсэн байдаггүй гэнэ.
Олон улсын жишгээс харахад зорилтот бүлгийн иргэдийн санхүүгийн хэрэгцээг хангах, даатгалд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх үүднээс бичил даатгалыг зах зээлд нэвтрүүлж, хөгжлийн явцад боловсронгүй болгож ирсэн нь даатгалын зах зээлд томоохон амжилтыг авчирсан байна. Хүн амын дунд дийлэнх хэсгийг эзэлдэг бага дунд, орлоготой иргэд даатгалд хамрагдах боломжтой олон улсад “хүртээмжтэй даатгал” хэмээн томъёолдог аж. Тиймээс Монголд хүртээмжтэй даатгалыг бий болгох нь даатгалын салбарыг хөгжүүлэх нэг арга юм байна. Мөн ийм төрлийн даатгалыг бий болгсоноор иргэдийн даатгалын тухай ойлголтыг сайжруулж болдог ажээ.
Монголд банкны салбар хөгжөөд 90 жилийг ардаа үдэхдээ ДНБ 119 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн байна. Гэтэл даатгалын салбар 80 жилийн түүхтэй мөртлөө ДНБ-ий ердөө нэг хувьтай дүйж байгаа нь эмгэнэлтэй. “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Болд “Банкны салбарт өнөөдөр нийт 13 банк ажиллаж байна. Гэтэл ДНБ нэг хувийг эзэлж буй даатгалын жижигхэн зах зээлд 17 тоглогч байгаа нь энэ салбарын хөгжлийг хойш чангааж байгаа нэг томоохон хүчин зүйл. Энэ нь маш бага хөрөнгийг олон даатгалын компани хувааж байгаа гэсэн үг. Мөн даатгалын салбарт мэргэжилтэй боловсон хүчний дутагдал нүүрлээд байгаа. Байдал ийм байхад төрөөс Үндэсний даатгалын корпораци гэгчийг байгуулж ямар үйл ажиллагаа явуулах нь одоогоор тодорхойгүй байна. Хэрвээ арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулаад эхэлбэл даатгалын салбарыг унагаж магадгүй” гэсэн юм. Түүнчлэн даатгалын салбарыг хөгжихөд чөдөр болж байгаа нэг зүйл бол “ДОШ” буюу даатгалын орлогын шимтгэл гэдэг зүйл байдаг гэнэ. Даатгалын компаниуд шударга өрсөлдөөний замаар биш хэн нэгэн эрх мэдэлтэнд “ДОШ” өгөх замаар даатгуулагч олж авдаг нь даатгалын салбар зөв замаараа хөгжихөд саад болоод байгааг М.Болд сануулсан.
Даатгалын салбарыг хөгжихөд чөдөр болж байгаа хүчин зүйл үүгээр дуусахгүй. Адаглаад СЗХ даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах нэрээр албан журмын даатгалд зохисгүй оролцдог. Хянан шалгагч нар нь өөрийн үзэмжээр даатгалын хохирлыг үнэлдэг гээд дурдаад байвал асуудал мундахгүй. Түүнчлэн даатгалын компаниуд өнөөдөр хоёр төрлийн тайлантай байдаг гэнэ. Нэг нь олон улсын бүртгэлийн зарчмаар байдаг бол нөгөө нь СЗХ-ны загварын дагуу гаргадаг тайлан байдаг аж. Энэ мэт олон асуудлыг нэг тийш болгохгүй бол даатгалын салбар хөгжихгүй гэдгийг “Хүртээмжтэй даатгал” чуулганы эхний хэсгийн хуралдаанаар талууд ярилцсан юм.
Форумын үеэр Монголын даатгагчдын холбооноос даатгалын, даатгалын зуучлагч компаниудыг оролцуулсан үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэ нь даатгалын компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээ, даатгалын зах зээл дэх үйл ажиллагааны цар хүрээг олон нийтэд болон бизнесийн байгууллагуудад танилцуулах зорилготой аж. “Хүртээмжтэй даатгал” олон улсын форум үргэлжилж байна.