Дулааны шугам өргөтгөн шинэчлэх ажил 70-80 хувьтай хэрэгжиж байна

Sarangerel
2024-09-12 17:44:07
Ангилал:

Сүүлийн жилүүдэд хотын дулаан хангамжийг шинэчлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийгдээгүй учраас шугам сүлжээ нь хуучирч муудсан. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн эзэмшилд байдаг нийт ф200-1200 мм-ийн голчтой, 370 км орчим урттай дамжуулах хоолойнуудын 30 хувь нь насжилтын хугацаа дууссан, дулааны алдагдал ихтэй, чанар нь муудсан учраас солих, шинэчлэх шаардлагатай гэдэг судалгаа бий. Тэгвэл Эрчим хүчний яамны “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн захиалгаар Дэлхийн банкны 41 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр дулааны магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх төсөл хэрэгжиж буй. 

Төслийн хүрээнд 2024 онд одоо байгаа насжилтын хугацаа дууссан хуучин хоёр дулааны магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх, шинээр гурван дулааны магистраль шугам гэр хорооллын бүсэд суурилуулах, нэг насос станц өргөтгөн шинэчлэх ажил хийгдэж  байгаа юм. Сонгуультай холбоотойгоор төслийн ажил товлосон хугацаанаасаа нэлээд хожимдсон ч барилга угсралтын ажлыг энэ сарын 15-ны өдрөөс өмнө дуусгахаар шахаж ажиллаж байгаа бөгөөд дулааны 2а, 9г магистраль шугамын барилга угсралтын ажлын явц 70-80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж. 

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах 2а магистраль шугам нь 1960 онд ашиглалтад орсон насжилтын хугацаа дууссан яаралтай өргөтгөн шинэчлэх шаардлагтай шугамын нэг. Дулааны 2а магистралиас хангагдаж байгаа хэрэгчдийн даралтын зөрүү 3-5 метр, нэгж уртад алдагдах даралтын алдагдал 115Па/м байсан бөгөөд шугам өргөтгөсний дараа хэрэглэгчдийн даралтын зөрүү 8-15 метр болж, нэгж уртад алдагдах даралтын алдагдал нормт хэмжээнд буюу 60-80Па/м болж буурчээ. 

Ийнхүү 2а магистраль шугам байрлах Чингисийн өргөн чөлөөний Төв номын сангийн хойд талын авто зам, Энхтайваны өргөн чөлөөний Зоригийн гудамжтай огтлолцож байгаа авто замын хэсэг, Олимпын гудамжны Гадаад харилцааны яамны баруун талын авто зам, МУБИС-ийн баруун талын дөрвөн том авто замын сэтэлгээ сүвлэгээний ажлыг бүрэн хийж шугамыг нэвтрэх сувагт оруулах ажлыг хийж дуусгажээ. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Нөхөрлөл” гудамжинд буюу Гачуурт компанийн баруун талын авто зам доогуур явж байгаа дулааны шугамыг нэвтрэх сувагт оруулсан нь цаашид дулааны шугамын гэмтэл гарсан үед авто зам эвдэх, хаах асуудал үүсэхээргүй болсон байна. 

Харин Дулааны 9г магисраль шугамын хувьд “ДЦС-2” ТӨХК-ийг дулаанжуулалтын тоноглолын хүчин чадал нэмэгдүүлснээр “ДЦС-4” ТӨХК-ийн 9а магистралийн сүлжээнээс хангагддаг 10-н буудал, Толгойт, ТЦБ орчмын 25Гкал/ц хэрэглэгчдийг тус сүлжээнээс хангах боломж бүрдэх  ажээ. 

Дулааны шугам шинэчлэх ажилтай холбогдуулан холбогдох мэргэжилтнүүдээс зарим зүйлийг тодрууллаа. 

Б.Азжаргал:  Иргэд олон нийт маш хүлээцтэй хандаж байгаад талархаж байна

“Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Байгаль орчин, нийгмийн ажилтан

-Дулааны шугам өргөтгөн шинэчлэх ажлын явц ямар байна вэ. Товлосон хугацаандаа төлөвлөсөн ажлаа хийж амжих уу? 

-Ажлын явц 70-80 хувьтай үргэлжилж байгаа. 2024 онд Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийн хүрээнд хуучин магистраль шугамыг солих, шинээр гэр хороолол руу шинэ шугам өргөтгөн суурилуулах ажил хийгдэж байна. Зохиогчийн болон ашиглагчийн, захиалагчийн хяналт гээд гурван байгууллагаас өдөр тутам ээлжилж  хяналт хийж байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас тавдугаар сарын 15-нд эхлэх ёстой байсан ажлыг маань долдугаар сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гарсантай холбоотойгоор ажил нэлээд хоцрогдолтой эхэлсэн. Барилга угсралтын ажил долдугаар сарын 15-нд эхэлсэн. 2а магистраль шугамын хувьд хотын төвд байршилтай дөрвөн том авто замын доогуур нэвтрэх шугам суурилуулах ажил хийгдсэн. Үүнтэй холбоотой Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж, Багшийн дээдийн авто замын уулзваруудын автозамыг сэтэлж  маш богино хугацаанд нөхөн сэргээх ажлыг амжилттай гүйцэтгэж ирсэн. Гэхдээ яг хоцрогдолтой эхэлсэн хугацаагаараа тооцоод есдүгээр сарын 15 гэхэд аж ахуйн нэгж, айл өрхийн дулааныг өгөх ёстой учраас шахуу ажиллаж байна. 9г магистраль шугам Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлаж байгаа. Харьцангуй хотын захад байрлалтай гэдэг утгаараа хөл хөдөлгөөн бага боловч хэд  хэдэн бэрхшээл байна. Трассын дагуу байрласан шугам сүлжээнүүдтэй холбоотойгоор хоног хугацаа алдах асуудал байна. Гэсэн ч хугацаандаа дулаанаа өгөхөөр ажиллаж байна. 9г магистраль шугамын ажлыг “Энерго сервис монтаж” ХХК гүйцэтгэж байгаа. 

-Дулааны шугамыг өргөтгөн шинэчлэхийн тулд бусад инженерийн шугам сүлжээнүүдийг хамтад нь сольж, өргөтгөн шинэчлэх гээд маш өргөн хүрээний нүсэр ажил болж байгаа юм байна. Энэ нь бас ажлыг удаашруулах шалтгаан болж байх шиг байна. Тийм үү? 

-Мэдээлэл холбооны сүлжээ кабель шугамууд, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний шугам сүлжээ, Ус сувгийн удирдах газрын цэвэр усны шугамыг өргөтгөн шинэчлэх ажлууд давхар хийгдэж байгаа учраас ажил удаашрах асуудал байгаа. 9г магистраль шугам дээр гэхэд 25 ширхэг гражийг буулгаж, зайлуулах ажил хийгдсэн. 2а магистраль шугам дээр 2-3 аж ахуйн нэгжийн өргөтгөл болон шат нь өртсөн байгаа. Тиймээс мөн нөхөн сэргээлтийн ажил хийгдээд явж байна. Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын нөхөн сэргээлтийн ажлыг хариуцаад хийж байна. Явган хүний замын тохижилт нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэгч компаниуд нь өөрсдөө хариуцаад хийж байна. Ирэх аравдугаар сарын 15 гэхэд тохижилт нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн дуусгасан байхаар зориод ажиллаж байна. 

-Барилга угсралтын ажлын үеэр хэрэглээний халуун ус хязгаарлах, авто замын хөдөлгөөний чиглэл өөрчлөх, авто болон явган зам хаах зэрэгт иргэд, аж ахуйн нэгж ихээхэн бухимддаг. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ? 

-Хэрэглээний халуун ус хязгаарлах, орц, гарц түр хаагдах, ногоон байгууламжийг нүүлгэн шилжүүлэх зэрэг байгаль орчин, нийгэмд түр зуурын сөрөг нөлөөллүүдийн талаар трассын дагуу байрлах аж ахуйн нэгж, байгууллага болон  иргэдэд нэг бүрчлэн мэдээлэл хүргэсэн.  Хороогоор дамжуулан төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх ач холбогдол Дэлхийн банкны стандарт шаардлагуудыг таниулах сургалт зохион байгуулсны хүчинд иргэд олон нийт маш хүлээцтэй хандаж байгаад талархаж байна.


Т.Пүрэвдорж: Дулааны шугам өргөтгөж, шинэчилснээр 20-25 жил айлтгүй

“Энерго сервис монтаж” ХХК-ийн ерөнхий инженер, гүйцэтгэх захирал 

-9г магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг танай компани гүйцэтгэж байгаа юм байна. Ажил хэдэн хувьтай явж байна вэ? 

-Ажил 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Хуучин 400 мм-ын голчтой шугамыг 500 мм-ын голчтой болгоод үл нэвтрэх сувагт угсарч байгаа. Хуучин шууд булсан байсан, насжилтын хувьд 30 орчим жил болсон шаардлага хангахгүй байгаа шугамыг энэ жил Дэлхийн банкны санхүүжилтээр тендерт нь оролцож гүйцэтгэгчээр шалгараад ажлаа хийгээд дуусах шат руугаа явж байна.  Нийт 32 инженер техникийн албан хаагчидтай, 13 машин механикмтай ажиллаж байна. 

-Хэдэн метр газар дулааны шугам  сольж  байгаа вэ? 

-Нийтдээ 1100 метр газарт шугам сольж байна. Хажуугаар нь хэрэглээний халуун хүйтэн усны шугам угсарч байгаа. 

-Шугам хэр чанартай хийгдэж байгаа вэ. Жилийн жилд халуун ус тасарч, шугамын засвар үйлчилгээ хийдэг тал дээр иргэд бухимдалтай байдаг тал бий. Одоо ингэж хийснээр хэдэн жилийн баталгаа өгөх  вэ? 

-Сүүлийн үед дулааны шугам сүлжээн дээр ашиглагдаж байгаа хамгийн сайн гэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж байгаа. Зун болгон халуун ус тасарч, хэрэглээний усгүй болдог. Тиймээс ард иргэд таатай хүлээж авахгүй  нь тодорхой. Энэ ажил хийгдсэнээр 20-25 жил айлтгүй гэсэн үг. Дулааны эрчим хүч түгээлт талаасаа найдвартай болж байгаа юм. 

Э.Ганхуяг:  Ажил  70 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна

“Энерготэх сервис” ХХК-ийн ерөнхий инженер 

-Танай компани ямар ажил гүйцэтгэж  байгаа вэ? 

-Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Дулааны цахилгаан станц-2”-ын баруун урд үл хөдлөх тулгуураас Москва хороолол чиглэлд узель -18 хүртэлх угсрагдсан 2ф800мм-ийн голчтой дулааны 4.2 хос.км магистраль шинээр тавигдаж байгаа шугамын ажлыг гүйцээх барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр  ажиллаж байна. Ажил  70 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. 

Өмнө нь хийж байгаад дутуу орхисон ажлыг гүйцээж хийж байна гэсэн үг. Одоогоор 1 км орчим дутуу хэсгийг нь гүйцээгээд усан шахалт хийгээд шугам залгахад бэлэн болгосон. Шугам хоолой орж ирэхгүй хүлээгдээд гааль дээр гацчихаад байгаа. Ороод ирвэл ажил дуусах гээд байна. 

-Хэзээ дуусна гэж төлөвлөж байгаа вэ? 

-Ирэх аравдугаар сарын 10-нд гэрээгээр ажил дуусах ёстой. Үндсэн гол материал болох шугам хоолой маань хил дээр гацчихсан байна. Тэр ирчихвэл цаашаа ажил хурдан явчих гээд байна. Боломжтой хэсгээ байсан материалаараа хийгээд усан шахалтаа хийгээд шугамаа дулаанд залгахад бэлэн болгосон.