Дулааны IV цахилгаан станцыг өргөтгөнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, 100 МВт-ын турбингенератор шинээр суурилуулахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр боллоо. Төвийн бүсийн эрчим хүчний системийн цахилгааны хэрэглээ 2005-2011 онд 5-7 хувиар өсөж, 2012-2013 оны өвөл оргил ачааллын үед дулааны цахилгаан станцуудын нийт чадлаас давах төлөвтэй байгааг холбогдох мэргэжилтнүүд гаргасан байна. Эрчим хүчний хэрэглээ ингэж тогтмол өссөнөөр 2014-2015 онд ОХУ-аас импортын эрчим хүч авсан ч төвийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах нөхцөл үүсэхээр байгаа юм. Тиймээс IV цахилгаан станцыг цахилгаанаар 100 МВт-аар, дулаанаар 188 Гкал/ц-аар өргөтгөх нь V станцын үйл ажиллагааг эхлэхийг хүлээснээс богино хугацаанд, харьцангуй бага зардлаар цахилгаан, дулааны өсөж байгаа хэрэглээг тасалдуулахгүй хангана гэж тооцоолсон байна. Тэгээд ч V ДЦС барих газрыг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд Баянзүрхийн товчооны зүүн талд, Хонхорын зүүн талд гэсэн хувилбарын аль нэгийг сонгохоор судалгаа хийж байгаа аж.

Энэ төсөл нь 18 сарын дотор хэрэгжих боломжтой бөгөөд 70 орчим сая ам.долларын өртөгтэй бөгөөд өртгөө 7.8 жилд нөхөх тооцоо гарчээ. Энэхүү өргөтгөлийг 2014 оны зургадугаар сард багтаан дуусгахыг холбогдох яамдын сайд нарт үүрэг болгосон байна.