Дулаан, эрчим хүчний алдагдал хэр байх бол

Нийслэл хотод чихэлдэх олон барилгын “судсаар” гүйх цахилгаан, дулаан хомсодсоор. Улаанбаатарчууд ч эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг хүлээгээд удаж байна. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрээр Уул уурхайн яамнаас “салан тусгаарласан” Эрчим хүчний яам бүтэн нэг жилийн хугацаанд юу хийсэн бэ. Эл асуултад хариулахаар өнөөдөр Эрчим хүчний яамны төлөөллүүд мэдээлэл хийлээ.
Өвөл айсуй. Гэтэл нийслэлчүүд өвлийн цагт эрчим хүчээр яалт ч үгүй дутдаг гэх. Энэ дутагдлыг хаах үүднээс манай улс 170 мВт цахилгаан эрчим хүч ОХУ-аас авдаг байсан бол өнөө жил 210 мВт болгож нэмж байгаа гэнэ. Мөн “ДЦС-III”-ийн хүчин чадлыг 50 мВт-аар нэмэгдүүлж, энэ ондоо багтаад ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “Ер нь бид эрчим хүчний өсөн нэмэгдэгж байгаа хэрэглээг хангахын тулд аргалсаар ирлээ. Гэхдээ цаашдаа аргалдаг байдал удаан үргэлжлэхгүй” гэв.
Тав дахь эх үүсвэрийн сураг
Олон жил яригдсан “ТЭЦ-V”-ын тендерийг өнгөрсөн сарын 26-ны өдөр эцэслэсэн. Мөн тендерийг төр хувийн хэвшлийн хүрээнд гүйцэтгэхээр болсон мэдээлэл бий. Энэ талаар Эрчим хүчний мэргэжилтнүүдээс тодруулахад “Төслийy гүйцэтгэгчээр “Жи ди эф суэз”, “Сожитц” корпораци, “Поско энержи”, “Ньюком” группээс бүрдсэн консерциум шалгарсан. Концессийн гэрээний дагуу уг консерциум 25 жил ашигласны дараа Монгол Улсын Засгийн газарт “ТЭЦ-V”-ыг хүлээлгэн өгөхөөр байгаа” гэв. Энэ нь улсад 680 тэрбум төгрөгийн хэмнэлт авч ирэх юм байна. Бүтээн байгуулалтын ажлын тухайд газар дээр нь нарийвчлан судалгаа хийсний дараа энэ сардаа багтаан шавыг нь тавьж, 3.5 жилийн дараа ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа гэнэ.
Дараа жил даарахгүй
Ирэх жил “ТЭЦ IV”-ийн өргөтгөл, Амгалан дулааны станц ашиглалтад орсноор нийслэлийн иргэд дулаан, цахилгаанаар гачигдахгүй гэх сайхан мэдээ хурлын үеэр дуулдлаа. Д.Дэлгэрцогт дарга “ДЦС-IV” ХК-ийн суурилагдсан хүчин чадлыг цахилгаанаар 100 мВт, дулаанаар 180 Гкал-аар нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн дулааны шугамын өргөтгөлийн ажлууд сайн явж байгаа. Энэ жил Амгалангийн дулааны станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Тиймээс энэ өвлийн ачааллыг хааж чадвал дараа жилээс эдгээр цахилгаан дулааны эх үүсвэр ашиглалтад орох тул эрчим хүчний өнөөгийн байдал арай дээрдэх байх” гэсэн юм. “ДЦС-IV”-ийн хүчин чадлыг нэмснээр “ТЭЦ-V” ашиглалтад орох хүртэлх цахилгааны хэрэглээг найдвартай хангах аж. Харин Амгалан дулааны станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл нийт 170 гаруй хүн ажлын байртай болж 50 гаруй мянган өрхийг дулаанаар хангах юм байна.