Дэд бүтэц хөгжлийн түлхүүр

Энэтхэг улс 2012 оны төсөвтөө хурдны замууд, нисэх буудал зэрэг дэд бүтцийг тодорхойлогч чухал байгууламжуудыг шинэчлэн барихаар тусгажээ. Энэ оны эхний гурван сарын байдлаар тус улсын эдийн засгийн өсөлтийн хурд 2003 оноос хойшхитой харьцуулахад удааширсан тухай BBC мэдээлсэн юм.

Азийн гурав дахь том эдийн засаг болох Энэтхэг улсын хувьд худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон нь тус улсын өсөлтийг сааруулж буй хүчин зүйлс болсон аж. Түүгээр зогсохгүй мөнгөн ханшийн уналт, инфляци зэрэг нь Энэтхэгийн эдийн засгийн хөшүүрэг болох дотоодын бүтээгдэхүүний эрэлтийг бууруулж байна. “Цэлмэг тэнгэр дор нарлаж явсан Энэтхэгийн эдийн засаг одооноос аадар борооноос зугтах хэрэгтэй болж байна” хэмээн тус улсын Ерөнхий сайд Манмохан Сингх Засгийн газрын гишүүдтэйгээ хийсэн уулзалтынхаа үеэр онцолжээ. Тэрбээр “Ийм нөхцөлд бид хөрөнгө оруулалтыг сайжруулах, хувийн болон хувьсгалын бизнесийн хандлагыг дахин тодорхойлох шаардлагатай” гэв. Ерөнхий сайд Сингхийн үзэж буйгаар доорх санаачилгууд хөрөнгө оруулалт татах аж. Үүнд:

• 9.500 километр замыг шинээр барих гэрээ боловсруулах
• Нави Мумбай, Гоа, Каннур зэрэг хотод нисэх онгоцны буудал барих
• Улсын нисэх буудлуудыг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах
• Агаарын тээврийн төвүүдийг бий болгох, улмаар Энэтхэгийг дамжин өнгөрөх гол товчоо болгох
• Андра Прадеш болон Баруун Бенгальд шинээр хоёр усан боомтыг ашиглалтад оруулах

Ерөнхий сайдын дэвшүүлсэн дэд бүтцийг хөгжүүлэх санааг хэрэгжүүлэхэд багадаа нэг тэрбум ам.долларын хөрөнгө шаардах аж. Энэ их хөрөнгийг тус улсын Засгийн газар дангаараа бүрдүүлэх боломжгүй. Иймд төр, хувийн хэвшлийн түншлэлийг чухалчлах нь зүйтэй. Ноён Сингхийн хэлснээр дэд бүтцийг хөгжүүлэх нь амжилтад хүрэх гол түлхүүр бөгөөд эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтийг сайжруулах чухал алхам юм байна.