Дэлхийд алдартай ногоон хот

“Ногоон” нэрээрээ дэлхийд алдаршсан энэ л хотод би таван жилийн туршид сурч, ажиллаж амьдарсан билээ. Гүн ногоон өнгөөр хучигдсан цэвэр агаарын жинхэнэ эх уурхай болсон Герман улсын Брайсгау дахь Фрайбург хот бусдаас нэг л онцгой. 850 жилийн түүхтэй, улсынхаа хамгийн дулаан, нарлагт тооцогддог, мөн оюутны хот хэмээн нэрлэдэг Фрайбургт оюутан насаа өнгөрүүлжээ. Гайхалтай, сонирхолтой, дурсамжаар дүүрэн он жилүүд минь энэ л хоттой салшгүй холбоотой билээ. Ногоон тодотголтой хотын хөгжил цэцэглэлт, ард иргэдийн амьдрал ахуй, сэтгэлгээ, боловсрол мэдлэгийг нь хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг сөн. Ялангуяа сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын төрийн удирдлагуудын ярих болсон ногоон хөгжлөөр тэргүүлэгч Фрайбург хотын хөгжилд манай Улаанбаатар маань хэзээ хүрэх бол гэсэн бодол байсхийгээд төрдөг байснаа нуух юун. Харин өнөөдөр сэтгэлд дотно тэр л хотынхоо тухай сэтгүүлийнхээ уншигчидтай хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Гэхдээ тэр өндөр гоё байшин, барилга, гудамж талбай гэхээсээ илүүтэй яагаад ногоон нэрээр алдартай болсон түүхээс эн тэргүүнд сонирхуулж байна.

Фрайбург “ногоон” болсон нь

Одоогоос гучаад жилийн өмнө буюу 1975-1977 оны хооронд тус хотын болон тойрон орших бүс нутгийн иргэд Германы түүхэнд анх удаа Вийль (Wyhl) дүүрэгт цөмийн цахилгаан станц барихыг хүчтэй эсэргүүцэл өрнүүлсний үр дүнд амжилт олж чаджээ. Орон нутгийн эрчим хүчний бодлогыг шинэчлэх шаардлага тэр үеэс цоо шинээр төрсөн гэж хэлж болох юм. Чернобылийн атомын цахилгаан станцад томоохон осол гарсны дараахан 1986 оны зун хотын зөвлөлөөс “Дотоодын эрчим хүчний хангамжийн концепц”-ийг боловсруулсан байна. Энэхүү концепцид тусгасан гурван гол зорилгыг германчууд өнөөг хүртэл чандлан биелүүлсээр иржээ.

Нэгдүгээрт, Эрчим хүч хэмнэх. Хоёрдугаарт, Сэргээгдэх эрчим хүч, юуны өмнө нарны энергийг ашиглах. Гуравдугаарт, Дулаан цахилгааныг хослуулсан эрчим хүчийг үр ашигтайгаар гаргаж авах явдал юм. Фрайбург хотын засаг, захиргаа нь байгаль орчноо хамгаалах асуудлыг “дээрээс” зарлиг болгосон тушаалын дагуу бус, харин “доороос” буюу ард иргэдийнхээ дуу хоолой, санал хүсэлтийг хүлээж авсны үндсэн дээр бодлогоо боловсруулж хэрэгжүүлдгийг дээрх жишээ тодоор харуулсан юм.

Швейцарь, Франц улсын хилийн дээстэй залгаа шахам орших үзэсгэлэнт Фрайбург нь чухам юугаараа олны анхаарлыг ингэтэл их татаж, гадаадын төдийгүй дотоодын жуулчдын цувааг жилийн дөрвөн улирлийн турш дагуулдаг болсон бэ? Зөөлөн дулаан уур амьсгалтай, нов ногоон орчинтой энэхүү хотын гуравны нэг орчим буюу 6.424 гектар газар нутаг нь ой мод, 700-гаад гектар нь усан үзмийн талбайгаас бүрдсэн аж. Мөн 500 гектар газрыг ногоон байгууламж, цэнгэлдэх хүрээлэнд зориулж гаргасан нь агаарыг “ногоон уушги” мэт шүүн цэвэрлэж, иргэд ч гэрийнхээ хаалгаа нээхэд л сэтгэл сэргээсэн “ногоон” байгаль угтдаг байна.

Нарлаг Фрайбург ба сэргээгдэх эрчим хүч

Европын ихэнх оронд хур элбэгтэйг бид мэднэ. Герман улсад ч мөн адил. Фрайбург хотод харин жилд 1.800 гаруй цаг нартай байдаг гэсэн тооцооллын дагуу улсынхаа хамгийн нарлаг хотоор шалгарсан билээ. Түүнчлэн анагаах ухаан, биотехнологи, ногоон эдийн засаг болон бусад шинжлэх ухааны салбарын судалгаа шинжилгээ, туршилтыг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн байна. Нийт ажил эрхлэгчдийн гурван хувь буюу 10.000 хүн байгаль орчны чиглэлийн 1.500 байгууллагад ажилладаг байна.

Фрайбургийн ийнхүү дэлхийд алдартай ногоон хот болоход нөлөөлсөн нэг чухал зүйл бол сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил маргаангүй мөн. Сэргээгдэх эрчим хүчний судалгааны ажлыг нэр хүнд бүхий төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд гүйцэтгэж байна. Жишээлбэл, Фраунхоф Институтын Нарны энергийн тогтолцооны төв, Сэргээгдэх эрчим хүчний төв, “Solarfabrik Freiburg” аж ахуйн нэгж гэх мэт олон байгууллагыг дурдаж болно.

Эдгээр нь нарны эрчим хүчийг судлахын зэрэгцээгээр хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг ч дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлдэг байна. Дээр дурдсан байгаль орчны чиглэлийн нийт ажиллагсдын 1.000 гаруй нь 80-аад нарны эрчим хүчний үйлдвэрт ажилдаг байна. Нар, салхины эрчим хүчний эрэлт хэрэгцээ энэхүү ногоон хотод дээд зэргийн дэвшилттэй хөгжиж буйг сургууль, сүм хийд, айл өрхийн орон сууц, хотын захиргааны байр, тэр ч байтугай хөл бөмбөгийн талбайн асрын дээвэр дээр хүртэл суурилуулсан нарны эрчим хүч хуримтлуулагч, Шварцвальд ойд байрлуулсан том салхин хөдөлгүүрийг харсан хэн бүхэнд ойлгомжтой аж.

Дэлхийд анхдагч “Нарны байшин”-г анх 1988 онд Фрайбург хотноо барьсан бөгөөд ямар ч цахилгаан, хийн яндангүй тус байшингийн гадаргууг бүрсэн материалаар нь дамжуулж эрчим хүч, дулаанаар хангагдах тогтолцоотой хийжээ. Удаах өвөрмөц төслийг уран барилгач Рольф Дийш “Heliotrop” нэртэй, нарны байрлалын дагуу эргэлддэг байгаль орчинд ээлтэй технологийн дагуу дугуй хэлбэртэй байшинг 1994 онд туршилтын журмаар бариулсан байна. Мөн 5.000 оршин суугчтай, хотын загвар дүүрэг болох Вобон (Vauban) сэргээгдэх эрчим хүчийг үр өгөөжтэй ашиглахын сацуу 1.000 хүн тутамд 85 суудлын машин хэрэглэж байгаа билээ. Драйзам гол дээрх жижиг усан цахилгаан станц нь 160-аад өрхийн эрчим хүчний хэрэгцээг хангах жишээтэй. Анх 1954 онд үүсгэн байгуулагдсан Олон улсын нарны эрчим хүчний нийгэмлэг хүртэл ТУЗ-ийн гишүүдийнхээ саналын дагуу 1995 онд Австралийн Мельборн хот дахь төвөө нарлаг Фрайбург уруу нүүлгэн шилжүүлсэн нь хотын олон улсын тавцанд эзлэх байр суурийг зүй ёсоор илтгэж байна.

Хог хаягдлыг дахин боловсруулах нь

Фрайбург хотын иргэд хогоо цаас, шил, биологийн гаралтай хаягдал, баглаа боодол болон үлдэгдэл хог хаягдал гэж таван хэсэг болгож хаядаг. Өөрөөр хэлбэл, бүх төрлийн хогоо нэг газар овоолчихдог манай улс шиг биш, харин эдгээр хог тус бүрт зориулж тусгай уут сав гаргадаг. Шар шуудай гэж нэрлэгддэг, хотын захиргаанаас үнэгүй тараадаг зузаан шар уутанд лаазалсан бүтээгдэхүүний лааз, бүх төрлийн гялгар уутны хог хаягдлыг хийж тогтсон хуваарьтай өдрөө байрныхаа гадаа гаргаж тавьдаг. Шилийг шил гэсэн бичигтэй төмөр чингэлэгт, цаасыг мөн адил цаасны хаягдлын чингэлэгт тус бүр хийнэ. Шилний чингэлэг дотроо 3-4 тасалгаатай бөгөөд шилээ цагаан, бор, ногоон өнгөөр нь хүртэл ялгаж хийх зориулалттай гээч. Биологийн гаралтай үлдэгдлийг Kompost гэдэг. Үүнд жимс ногоо, навч, мөчир, цай кофений үлдэгдлийг нэг дор цуглуулж сайн чанарын хөрсний бордоо болгодог байна. Харин үлдэгдэл (Restmuell)нэртэй хогийг дахин боловсруулахгүйгээр шатааж, эрчим хүчийг нь нийтийн хэрэгцээнд ашигладаг. Хог шатаах байгууламж нь нэг жилд 15МВт-ын цахилгаан үйлдвэрлэх чадалтай бөгөөд, энэ нь 25.000 айл өрхийн хэрэгцээг хангах хэмжээний эрчим хүч юм. Хог хаягдлаас сэргийлэх ухуулан таниулах арга хэмжээний ач тусаар Фрайбург хотын иргэд сүүлийн 15 жилийн дотор нэг хүн тутмын жилд хаядаг 190 кг хогийн хэмжээг 109 кг болгож бууруулж чадсан байна. Мөн хогны дахин боловсруулах хувь хэмжээ 25-60 хувь болж өссөн нь ногоон хотын иргэдийн байгаль орчноо хайрлах сэтгэл санаачилгатай шууд холбоотой юм. Өөрөөр хэлбэл, тус хотын төр, засаг захиргааны зүгээс гарч буй ихэнх бодлого шийдвэрт ногоон хөгжлийн үзэл баримтлал байнга буухын зэрэгцээ хотын бүх оршин суугч ногоон сэтгэлгээтэй, алхам бүртээ ногоон хөгжлийг шүтэж, үр хүүхдүүддээ ч тайлбарлан сургаж хүмүүжүүлдэг нь эцсийн эцэст өөрсдөө цэвэр цэнгэг сайхан агаарт, цээж дүүрэн амьсгалж, ногоон орчинд сэтгэл тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг нь энэ хотын бусдаас ялгарах онцлог юм.

Бүр аль болох л гялгар уут хэрэглэхгүй дэлгүүр хоршоонд байнга даавуун уутаа цүнхлэн авч явдаг, хаяж байгаа хогоо дахин боловсруулах төрлөөр нь нямбай гэгч ангилж байгаа Фрайбург хотын иргэдийг харсан шинэхэн оюутан би өөрийн эрхгүй алмайрч байсан удаатай. Анхандаа хог хаягдлаа ингэж ангилахын ач тусыг сайн ойлгоогүй байсан миний бие нэг л мэдэхэд уусан цайныхаа дүрдэг ааг, хуруу зай, хуванцар, цаас болон картон, тэр ч байтугай шуудангийн зөөлөвчтэй дугтуйг хүртэл цаас болон гялгар уут гэж хоёр хэсэг салгаж хаядаг болсон байсан. Харин манай иргэд хэзээ ийм сэтгэлгээнд суралцах бол? Байгаль орчны хамгаалалт гэж ам хуурайгүй яригдах болсон өнөө үед өдөр тутам тохиох энгийн зүйлээс л бид байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж эхэлбэл иргэн бидний жинтэй хувь нэмэр мөн бус уу. Тэгвэл бидний нэг нүдээр хардаггүй амьдралын эрхээр хог түүж, цуглуулсан шил хуван саваа “Түүхий эд авах” чингэлэгт тушааж хэдэн бор төгрөг олж, хорвоогийн хоногийг аргацаадаг хог түүгчид маань харин ч байгаль дэлхийдээ томоохон хувь нэмэр оруулж явааг хэлмээр байна. Бид хаягдал шил, бүх төрлийн гялгар уут гэх мэтийн түүхий эдээ өөрсдөө аваачиж тушаадаггүй юм гэхэд хогоо ил задгай хаядаггүй болж ногоон сэтгэлгээнд суралцах юмсан даа.

Хотын нийтийн тээврийн хэрэгсэл

Фрайбург хот болон хавь ойрын дүүргийн зорчигчид Региокартэ (Regiokarte) нэртэй бүс дотроо хөнгөлөлттэй үнээр зорчих билетийг сараар нь худалдаж авдаг. Билет эзэмшигч нь заагдсан бүс дотроо галт тэрэг, автобус, трамвай гээд дуртай унаагаа сонгож үйлчлүүлнэ. Сурагч, оюутан, ажил эрхлэгч гэсэн ангиллаас шалтгаалж билетний үнэ ялгавартай байна. Мөн эдгээр тээврийн хэрэсэл дотор кондуктор гэж байдаггүй боловч, энгийн иргэний хувцастай хянан шалгагчид үе үе орж ирэн ганц нэг “туулайчилж” байгаа зорчигчдыг илрүүлэн торгодог. Тав гаруй жил Фрайбургт амьдарсан миний нүдэн дээр 3, 4-хөн удаа л торгуулийн хуудас авсан иргэдтэй таарч байв. Ногоон хотын иргэд нь дугуйгаар их аялдаг бөгөөд, галт тэрэгний нэг хэсэгт тэдэнд зориулсан урт талбай хүртэл гаргаж өгсөн байдаг. Хамгаалалтын малгай өмссөн хүүхдийн дугуйтай өхөөрдөм хөөрхөн багачууд ээж аавыгаа даган ногоон хотын иргэнийхээ үүргийг дугуй унаж биелүүлж эхэлдэг гэж хэлж болно. Түгжрэл гэдэг аюултай гамшигт нэрвэгдсэн нийслэлчүүд дугуйн замтай болчихвол хэчнээн сайхан бэ? Эрүүл мэндэд ч байгаль орчинд ч эергээр нөлөөлөх дугуйн спортыг өргөнөөр хөгжүүлж болохгүй гэж үү. Гурван сая хүрэхгүй хүн амтай, Герман улсаас дөрөв дахин том газар нутагтай Монгол оронд дугуйн зам барих талбай олдох нь л лавтай.

Ногоон хотын хэтийн төлөв

Уур амьсгалын өөрчлөлт асар хурдацтай явагдаж буй орчин цагт, Фрайбург хотын зүгээс 2030 он хүртэлх хугацаанд нүүрстөрөгчийн давхар ислийг 40 хувиар бууруулах томоохон зорилтыг өмнөө тавьсан байна. Фрайбург хотын байгаль орчинд оруулж буй хувь нэмрийг ХБНГУ-ын төр засгаас өндрөөр үнэлж, “Байгаль орчны нийслэл”-ээр 1992 онд, “Уур амьсгалд ээлтэй улсын нийслэл”-ээр 2010 онд тус тус шалгаруулсан байна. Түүнээс гадна утаа-болон озоны байдлийг урьдчилж сануулга өгдөг тогтолцоо, газар тариаланд пестицид ашиглахыг хорьсон хориг, тогтвортой хөгжлөөрөө дэлхийд танигдсан хот юм.
Сонирхуулж хэлэхэд, ногоон хотын захирагчаар Ногоон намаас нэр дэвшсэн Дийтер Саломон 2002 оноос хойш ажиллаж байна. Найман жил тутам хотын захирагчаа сонгодог Фрайбург хотын иргэд 2010 оны дөрөвдүгээр сард болсон сонгуулиар Дийтер Саломоныг дахин хотын захирагчаар сонгожээ. Ер нь ногоон хот гэдэг нэр бол зөвхөн маркетинг сурталчилгааны төдий бус, харин эрчим хүч, байгаль хамгаалал, зам тээврийн төлөвлөлт, хотын хөгжил, цэвэр бохир усны асуудлыг цогцоор нь шийдэх концепц болон стратегийг агуулсан төр, иргэдийн оролцоотойгоор хэрэгждэг ойлголт мөн.