Дэлхийн банкийг хүний эрхийн талаар шүүмжлэв

Дэлхийн банкийг хүний эрхэд хор хөнөөлтэй төслүүд санхүүжүүлж байгаа талаар “Human Rights Watch” олон улсын хүний эрхийн байгууллага шүүмжлэв. Тус банкнаас санхүүжүүлж буй төслүүд нь хүний эрхэд халдсан эсэхийг баталгаажуулахад хангалттай хяналт шалгалт дутагдаж байгаа гэж үзэж байгаа аж. Тус байгууллагаас гаргасан тайланд тосгоны оршин суугчидтай зүй бусаар харьцаж, албадлагаар нүүлгэн суурьшуулсан талаар бичжээ.

Дэлхийн банкны холбогдох хүмүүс “Бид санхүүжүүлдэг төслүүдийнхээ хүрээнд ядуурлыг бууруулах, бүс нутгийн хүн амыг хамгаалах”-ын тулд ажилладаг гэжээ. Хүний эрхийн байгууллагын тайланд Вьетнам улсад хүмүүстэй хүнлэг бусаар харьцдаг хар тамхичдыг саатуулах төвүүдэд хэрэгжиж буй төслүүдийг Дэлхийн банк санхүүжүүлсэн талаар мөн дурдсан байна.

Тус байгууллагын олон улсын санхүүгийн хүрээлэнгийн ахлах өмгөөлөгч Жессика Эванс “Хүний эрхийн талаарх урьдчилсан үнэлгээ нь хөгжлийн сангуудын хэрэгцээ шаардлагаар нь Засгийн газруудыг олон түмэнд зарлаж, ичгүүртэй байдалд оруулах зорилгогүй. Энэ нь Дэлхийн банкнаас хүний эрхийн тал дээр олгодог зээл болон бусад дэмжлэгийн нөлөөлөл рүү харж, улмаар хүний эрхтэй холбоотой эрсдлээс хэрхэн зайлсхийх, түүнийг хэрхэн бууруулах талаар ойлгож мэдэх үйл явц юм” гэжээ.

Мөн уг тайланд Этиоп улсын Гамбелла бүс нутагт Дэлхийн банкны боловсрол, эрүүл мэнд болон бусад үйлчилгээг сайжруулах төслийн хэрэгжилтийн явцад тус улсын Засгийн газар төсөлд хамрагдсан тосгоны оршин суугчдыг албадлагаар нүүлгэсэн талаар бичсэн байна.

Хүний эрхийн байгууллагаас Дэлхийн банкийг хүний эрхийг нэн тэргүүнд тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ өргөтгөх талаар санал болгосон бөгөөд тус банкны зүгээс санхүүжүүлж буй төслүүддээ хяналт шалгалт хийж эхэлсэн талаар мэдэгджээ.