Дэлхийн “бохир” аварга болчихлоо … Одоо яахав?

Харамсалтай нь энэ тухай дахиад л ярих хэрэгтэй болж байна. Сингапурын “Страйт таймс” сонинд дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын тухай нийтлэл гарчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд үндэслэн гаргасан графикт Монгол Улс маань дэлхийн үнэмлэхүй “бохир” аварга болчихсон байгааг Та харж байгаа биз.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар УИХ-ын тогтоол гарч, хөрөнгө мөнгө төлөвлөж, Үндэсний комисс байгуулагдан ажиллаж байгаа ч ажил туйлын урагшгүй явж байна. Сарын өмнө УИХ дээр агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг сон­соход 2011 онд төлөвлөгдсөн ажил ердөө тавхан хувийн биелэлттэй явж байлаа.
Шуудхан хэлэхэд, жил бүр л бүх түвшинд яригддаг энэ асуудал өнөөг хүртэл олон яам, байгууллагын дунд орхигдсон байдалтай, олон жижиг дарга нарын мөнгө идэж үрэх бас нэгэн компант ажил байхаас нэг их хэтрэхгүй байна. Бид энэ байдлаар “ажиллаад” асуудлыг шийдэж огт чадахгүй бололтой.

Тэгээд яахав?

Ямар нэгэн томоохон асуудлыг шийдэж эхлэх хамгийн эхний алхам бол түүний төлөө персонал хариуцлага хүлээх лидерийг тодорхой болгох явдал байдаг.
Улаанбаатар хотын нэг сая иргэний эрүүл мэнд, амь настай холбоотой, нийгэм, эдийн засаг, технологийн энэ том цогц асуудлыг системтэйгээр зангидан шийдэж чадах, түүний төлөө персонал хариуцлага хүлээх ёстой хүн бол Монгол улсын Ерөнхий сайд гэж би боддог. Түүнд л энэ асуудлыг шийдэж чадах эрх мэдэл, хөрөнгө санхүү, хүн хүчний бололцоо бий.
Мэдээж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг нэг жилийн дотор шийдчих бодит бололцоо Монголд байхгүй. Гэхдээ асуудлыг системтэй шийдэж эхлэх, агаарын бохирдлыг жил тутам ядахдаа таван хувиар багасгах замаар ахиц гаргаж явах бололцоо Засгийн газарт бүрэн бий. Үүний тулд Монгол Улсын Ерөнхий сайд хотын нэг сая иргэнийхээ өмнө маш тодорхой үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг жилд таван хувиар бууруулж чадаагүй Ерөнхий сайд огцорч байх ёстой.
Агаарын бохирдлыг жил тутам дээрх хэмжээгээр бууруулж, асуудлыг 20 жилдээ багтаан шийднэ гэх нь биелүүлэхийн аргагүй том зорилт огт биш байх.
Саймон Фразерийн их сур­гууль, Монголын эрдэмтдийн судалгаагаар, Улаанбаатар хотын иргэдийн нас баралтын 10 хувь нь агаарын бохирдолтой холбоотой байна. Энэ бол аймшигтай тоо. Үүнийг өөрөөр томьёолон хэлбэл, иргэн таны насыг 10 хүртэл хувь богиносгох экологийн доройтлын аюултай нөхцөл Монголын нийс­лэлд бүрджээ гэсэн үг.

Та үүнийг зүгээр л яриад өнгөрнө гэж үү?

Иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын хамгийн наад захын шаардлагыг хангах талаар тодорхой үүрэг хүлээн ажиллаж чадахгүй Засгийн газрыг бид байлгаж байх ямар ч хэрэггүй. Чадах хүмүүс үргэлж олддог. Одоо бүгдээрээ утааны тухай биш, харин хариуцлагын тухай ярих цаг болжээ. Тоолуураа залгаж тооцоогоо цагт нь нэхэж явах хэрэгтэй болж байна даа.