Дэлхийн жишигт нийцсэн Аялал жуулчлалын хуультай болно

Манай орны онгон дагшин байгаль, тэнцвэрт байдал нь гадаадын жуулчдыг татдаг. Тэр хэрээр манай улс аялал жуулчлалын салбараас тодорхой хэмжээний орлого төвлөрүүлэх боломжтой. Гэсэн ч дэлхийн жишигт нийцсэн энэ чиглэлийн хууль эрхзүйн орчин байхгүйгээс ахиц дэвшил төдийлэн гарахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалыг мэргэжлийн төвшинд хөгжүүлэх бааз суурь бий ч зам харгуйгаас эхлүүлээд аялагчдын орчин нөхцөлийг бүрдүүлж чадаагүй. Энэ нь жуулчдыг үргээх гол шалтгаан болоод буй. Тэгвэл энэ салбарыг хариуцсан яам нь олон улсын шаардлагад нийцсэн эрхзүйн орчинтой болохоор хуулийн төсөл боловсруулжээ. Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлээс тодруулахад “Манай яам Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг боловсруулж дуусаад Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Иргэний танхимаар нээлттэй хэлэлцүүллээ. Оны дараа хуулийн төслөө энэ чиглэлийн дэлхийн экспертүүдийг авчирч анализ хийлгүүлж, зөвлөмж авна. Үүний дараа Засгийн газарт өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн” гэв.

Дашрамд, ирэх хоёрдугаар сар гэхэд Аялал жуулчлалын салбарын цоо шинэхэн хууль УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж, батлагдах аж.