Дэлхийн залуу манлайлагч

Сэтгүүлч D.Bekhbayar

"Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг хорих хугацааг дахин 14 хоногоор сунгажээ.Тэрбээр Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд, С.Баярцогтыг ЗГХЭГ-ын дарга байхад “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан юм. Түүнийг Оюутолгойн гэрээнд Дубай хотноо гарын үсэг зурсан хэргээр хорьчихоод байгаа билээ. Учир нь тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг АНЭУ-д айлчлах үеэр талууд гүний уурхайн төслийн санхүүжилтийг эцэслэх, техник эдийн засгийн үндэслэлийг дахин хянах, батлуулах, шаардлагатай бүх зөвшөөрлийг авахад төвлөрч ажиллах төдийгүй гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн явуулах нөхцөлийг бүрдүүлэх ажлуудыг тусгасан “Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд” Дубай хотноо 2015 оны 05 дугаар сарын 19-нд гарын үсэг зурсан нь гэнэтийн үйл явдал болсон юм.

Олон улсын санхүүгийн томоохон төв Дубай хотоос дэлхий дахинаа түгсэн энэхүү мэдээллийг тухайн үед монголчууд хоёр талтайгаар хүлээн авсан. Хувийн хэвшлийнхэн, гадаадын хөрөнгө оруулагчид, ард иргэд Оюутолгойн гүний уурхайн зогссон ажил урагшилж, эдийн засаг сэргэх нь хэмээн баярлан хүлээн авсан бол зарим улстөрч яагаад Улаанбаатарт зураагүй юм бол, яагаад гэнэт Дубайд гэж, төлөвлөгөө биш гэрээ байна гэх мэтээр хардах сэрдэж эхэлсэн дээ.

Б.Бямбасайхан “Ерөнхий сайдын айлчлалын үеэр Рио Тинтогийнхонтой дараагийн хэлэлцээрийг амжилттай хийж чадсан тул тэр дор нь баталгаажуулж, төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Бид явахдаа гарын үсэг зурахаар төлөвлөөгүй байсан. Хэлэлцээрийн үеэр томоохон асуудалд санал нэгдэж чадсан учраас монголчуудын хэлдгээр ямааны мах халуун дээр нь гээд баталгаажуулахыг хүссэн. Энэ бол олон улсын бизнесд байдаг зүйл, бас стандарт” хэмээн хариулсан байдаг. Чухамдаа улстөрчдийн энэ хардлага явсаар өнөөдрийг хүрч, холбогдох хүмүүсийг хорьж байцааж байгаа нь энэ билээ. “Эрдэнэс Монгол” компани нь ЗГХЭГ-ын даргын харьяанд байдаг Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс Оюутолгой, Багануур, Шивээ- Овоо зэрэг томоохон үйлдвэр компанийг нэгтгэдэг толгой компани юм.

Оюутолгойн хэргээр хоёр ч Ерөнхий сайдаа хорьчихсон байгаа энэ асуудлыг зөвхөн монголчууд төдийгүй дэлхий дахинаа анхааран харж байгаа билээ. Харин Б.Бямбасайхан захирал нэг ярилцлагадаа “Бид ямар нийгэмд амьдарч байгаад ямар нийгэмд ирсэн билээ дээ. Guilty until proven innocent буюу гэм буруугүй нь батлагдаагүй ч гэм буруутай гэдэг зарчмаар амьдарч ирсэн. Эрх зүйн орчин, нийгэм нь тийм байсан. Одоо бол эсрэгээрээ innocent until proven guilty буюу буруутай нь нотлогдоогүй л бол гэм буруугүй гэдэг зарчим үйлчилж байна. Энэ хоёрын хооронд маш том зөрүү бий” хэмээн ярьсан нь бий.

Түүнийг баривчилсны дараа сошиал ертөнцөөр Б.Бямбасайханыг хорьсноор гадаадад өндөр боловсрол эзэмшин ажиллаж буй залуус эх орондоо ирэхгүй боллоо гэсэн утгатай мэссэж их тарсан. Нийтлэлч Баабар ч ийм утгатай нийтлэл бичсэн.

Бямбасайханы хувьд гадаад дотоодод өндөр боловсрол эзэмшиж, олон улсын томоохон байгууллагууд, улс орнуудад ажиллаж байсан Монголын шилдэг боловсон хүчин юм. Тэрбээр 1998 онд анхлан АНУ-ыг зориод 2010 онд Монголдоо ирсэн билээ.

Нийслэлийн 54 дүгээр сургууль, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн нэгэн. Их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан тухайн үеийн Гэгээрлийн яаманд хэлмэрч, орчуулгын ажил хийчихнэ. Англи хэлтэй учраас барууны ном зохиол уншиж, олон талын эх сурвалжийг ашиглаад судалгаа болон дипломын ажлаа мэдээлэл сайтай, чанартай биччихдэг шилдэг оюутан байж.

1990-ээд он. Хэлтэй хүн бүр ч ховор байсан цаг. Их сургуулийн гуравдугаар курсэд байхдаа л АНУ-д магистрт тэтгэлгэтэй сурах эрх авчихсан байв. 1997 онд Залуу лидер клубээс төрийн сангийн тэтгэлгээр гадаадад сурах шилдэг таван оюутныг шалгаруулсны нэг нь Б.Бямбасайхан байв. Түүний хувьд бакалврын зэргээ аваагүй, их сургуулиа төгсөөгүй байхдаа магистрт сурах эрхээ олоод авчихсандаа сэтгэл их хангалуун явсан гэдэг.

 .

Б.Бямбасайхан 1998 онд Жорж Вашингтоны их сургуульд сурахаар Америк орныг зорьжээ. Магистрийн судалгааны ажлаа олон улсын эдийн засаг, олон улсын байгууллага болон олон улсын эрх зүйн чиглэлийн сэдвээр хамгаалсан. Мөн бизнесийн удирдлагын чиглэлийн олон хичээлийг үзэж судалсан нь түүнд маш их хэрэг болсон юм. АНУ-ын Төрийн Департамент, Гадаад харилцааны яам, Дэлхийн банк зэрэг томоохон байгууллагын мэргэжилтнүүдийн орж суралцдаг хөтөлбөрт хамрагдсан нь олон том боломжийг бий болгосон юм. Оройгоор хичээллэдэг тул өдрийн цагаар ажил хийчихнэ. USAID-ын төслүүдийн үндсэн гүйцэтгэгчээр гэрээгээр төслүүд хэрэгжүүлдэг байгууллагад ажиллана. Хөгжиж буй орнуудад түлхүү үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллагад зургаан жил тогвортой ажилласнаар ихийг сурч мэдэж, багагүй туршлага хуримтлуулав. Тус байгууллага нь байгаль орчны хамтын ажиллагааны, цэвэр эрчим хүчний хамгийн сайн загвар Америкт байсан тул Азийн хөгжиж буй орнууд руу энэхүү загварыг нэвтрүүлэх, Дели, Манила гэх мэт агаарын бохирдол ихтэй хотуудын агаар орчныг цэвэрлэх төслүүдийн технологи, бодлого, менежментийн шийдлийг гаргаж ажиллахад бодлогоо чиглүүлнэ. Мөн Энэтхэг, Вьетнам, Тайланд, Филиппинээс мэргэжилтнүүд авчирч сургах төслүүд хэрэгжүүлдэг байжээ.

Дараа нь тэрбээр АХБ-ны төв оффист ажиллаж эхэллээ. АХБ жил бүр дэлхий даяар таван хүнийг шалгаруулан авч, ирээдүйн удирдлагаа бэлтгэдэг уламжлалтай. Жилдээ 5000 гаруй хүн өргөдөл өгдөг энэ том хөтөлбөрт тэрбээр шалгарч чадсан юм. Ингээд АХБ-ны төв байрладаг Манила хотод 6,5 жил ажиллажээ.

Цахилгаан станц, дамжуулах сүлжээ, түгээх сүлжээ, үр ашигтай эрчим хүчний төслүүдийг боловсруулж, ТЭЗҮ-г нь хийж санхүүжүүлэн хэрэгжүүлэхээс гадна эрчим хүчний зохицуулалтыг хийнэ. АХБ-ны “Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн Эрчим хүчний хөтөлбөрийг хариуцан ажиллаж байсан юм. Тиймээс эрчим хүчний зах зээлийн талаар нэлээд тодорхой ойлголттой болж чадсан бөгөөд Б.Бямбасайхан нь олон улсын хэмжээний хэд хэдэн төслийн багийг удирдсан туршлагатай. Тухайлбал, 2010 онд Төв Азийн анхны 900 МВ цахилгаан станцын 1,3 тэрбум ам.долларын санхүүжилтийг босгосон билээ. Мөн Төв Азийн орнуудтай хамтран ажиллахдаа Монголын эрчим хүчний зохицуулах газартай ойр ажиллаж байв. Олон улсын мэргэжилтнүүдийг эх орондоо авчрах, томоохон хурал семинарыг аль болох Монголдоо зохион байгуулахыг боддог байсан тухайгаа тэр дурссан байдаг.

2010 он. Эх орондоо ирлээ.12 жилийн туршид гадаадад сурч боловсорч, олон улс оронд, олон улсын байгууллагуудад ажиллаж, маш их мэдлэг, туршлага хуримтлуулсан байлаа. Тэрбээр Узбекстан, Какахстан зэрэг оронд салхин станцын төсөл хэрэгжүүлж, салхины ид шидийг, ач тусыг биеэр мэдэрсэн учраас эх орны, Монголын үнэртэй салхийг эдийн засгийн эргэлтэд оруулах том мөрөөдөл, зорилго өвөртлөн ирсэн юм. “Ньюком” компанийн Салхитын цахилгаан станц төслийг хариуцан ажиллах санал нь эх орондоо ирж салхины ид шидийг харуулах, мөрөөдлөө биелүүлэх сайхан мөчийг түүнд өгсөн юм.

Түүний хувьд Салхитын станцын төсөл бол Монгол дахь анхны том төсөл байсан бөгөөд төслийн концепцийг боловсруулж, ТЭЗҮ-г хийж, Монголын анхны салхин цахилгаан 50 МВ-ын станцын 120 сая ам.долларын санхүүжилтийг олон улсын хөрөнгө оруулагчдаас босгож, богино хугацаанд эрчтэй ажиллаж ашиглалтад оруулав. “Ньюком” нь өөрөө байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжиж, нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлэхийн төлөө явсан компани бол төслийг хариуцагч нь олон улсад туршлага, мэдлэг хуримтлуулсан нэгэн байсан учраас энэ төсөл амжилттай хэрэгжиж, станц ашиглалтад орж, өнөөдөр эрчим хүчний үйлдвэрлэлд ач тусаа өгөөд явж байна.

Бямбасайхан захирал “Ньюком”-ын "Клин Энержи” охин компанийн захиралаас “Ньюком” группийн гүйцэтгэх захиралаар дэвшин ажилласан юм.Ямартаа ч Монголдоо ирээд салхин станц барих зорилгоо биелүүлсэн. Түүний бас нэг мөрөөдөл нь эх орноо эрчим хүчний диваажин болгох. “Монгол Улс эрчим хүчний шавхагдашгүй нөөцөөр баялаг тул дотоодын хэрэгцээгээ хангаад эрчим хүч экспортлох тэр дундаа Азийн дутагдаж буй эрэлт хэрэгцээг хангах замаар диваажинг бүтээн боломжтой” гэж тэр ярьдаг. Тиймдээ ч эрчим хүчээр Азийн орнуудыг холбох зорилго бүхий Азийн супер сүлжээ төслийг санаачлан эхлүүлэн Япон, Өмнөд Солонгос, Монголын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй.




Б.Бямбасайхан өөрийн “Нова Терра” компанийг ХААН банкны захирал агсан Петтер Морроу болон бусад нөхөдтэйгээ хамтран үүсгэн байгуулсан. Латинаар шинэ газар нэртэй тус компанийн гол зорилго гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хооронд гүүр болох төдийгүй эрчим хүчний салбарт олон улсын стандартад нийцэхүйц зөвлөх үйлчилгээ үзүүлэх, төслүүд хэрэгжүүлэхэд чиглэж байна. Тэрбээр компанийнхаа үйл ажиллагааны тухай “Бид монгол стандартыг олон улсын түвшинд хүргэж байж манай улс дэлхий дээр өрсөлдөх чадвартай болно. Үүний тулд тэр гүүрийг монгол хүн, монгол компани барина шүү дээ” хэмээн ярьсан юм.

Харин “Эрдэнэс Монгол”-ын захиралаар 2015-2016 онд ажиллахдаа багагүй шинэчлэл өөрчлөлт хийсэн. Төрийн мэдлийн компаниудын үйл ажиллагааг шинэ шатанд буюу дэлхийн стандартын түвшинд хүргэх анхны алхмууд буюу бүтцийн, системийн, зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан.Тайлан тооцоо, санхүүгийн системийг шинэчлэн олон улсын нэртэй компаниудаар аудит хийлгэж, зөвлөгөө авч ажилласан. Үүний үр дүнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг олон улсын стандартын хэмжээнд хэрэгжүүлэх нөхцөл боломж болоод санхүүжилт татах, дэлхийд гарах бүх бэлтгэлийг шат дараалан хийсэн гэж хэлж болно.

Бямбасайхан захирлын хувьд өөрөө олон улсын томоохон байгууллагуудад төслүүд хэрэгжүүлж байсан тул “Эрдэнэс Монгол” болон бусад охин компанийн үйл ажиллагааг дэлхийн стандартын түвшинд ойртуулах, боломж нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч байсан юм. Мэдээж хамгийн том хийсэн ажил нь Рио Тинто группийн удирдлагатай хэл амаа ололцож, Оюутолгойн гүний уурхайн гацаад зогссон байсан ажлыг урагшлуулж, төсөл төлөвлөгөөг баталсан явдал.

Оюутолгойн гүний уурхайн зургаан тэрбум ам.долларын бүтээн байгуулалтыг эхлүүлж, 4,4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн гэрээг олон улсын нэр хүнд бүхий 20 банктай байгуулсныг тухайн үед бизнесийнхэн “Том гавьяа” гэж үнэлж байсан бол өнөөдөр улстөрчид энэхүү гавьяаг нь харлуулах хардлага газар авч, улмаар түүнийг баривчлан хориход хүргэв.

Тэрбээр хоригдохоосоо өмнө хувийн компанидаа эрчим хүчний томоохон төслүүд дээр ажиллаж байсан юм. Тухайлбал, Өмнөговь аймагт салхин станц барих төсөл бол түүний нөгөө л мөрөөдлөө биелүүлэх хүслийн нэг юм.




Эдгээр ажлын хажуугаар үүрэгт олон албатай. Хамгийн томоос нь дурдвал Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга. 250 гаруй ихэнхдээ гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудын гишүүнчлэлттэй бизнесүүдийн эрх ашгийг хамгаалах, төрд тэдний дуу хоолойг хүргэх, төр, хувийн хэвшлийн хооронд бизнес зөв зарчмаар гүүр болон харилцан ойлголцож ажиллах зорилготой энэ байгууллагыг удирдан чиглүүлдэг. Түүнийг цагдан хорьсны дараа МБЗ-өөс мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд “МБЗ-ийн Гүйцэтгэх хороо Б.Бямбасайханы ёс зүйт шударга занд бүрэн итгэж байгаа бөгөөд 2012 оноос хойш өнөөг хүртэл МБЗ-ийг удирдан ажиллаж байгаад талархалтай байдаг. Б.Бямбасайхан нь Монголын нийгэмд чухал хувь нэмэр оруулж байгаа манлайлагч төдийгүй хоёр намын удирдсан Засгийн газруудад нэр төртэйгөөр зөвлөхөөр ажиллаж байсан” гэж дурджээ.

Б.Бямбасайхан 2012 оноос Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Монгол Улс дахь Өргөмжит консулаар томилогдон ажиллаж байна. Мөн Ногоон барилгын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга, Монголын байт харвааны холбооны дэд ерөнхийлөгч, МУИС болон Монголын урлагийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, АНУ дахь Зориг сангийн Удирдах зөвлөлийн гишүүн.

Тэрбээр айлын том хүү. Дороо нэг дүүтэй. Аав нь жолооч бол ээж нь дипломатч хүн. Засгийн газрын автобаазын жолооч аавын хүүдээ захидаг гол сургаал нь “Хүн мэдлэгтэй байж гэмээн нийгэмд амжилттай явна” гэдэг байсан тухай дурссан байдаг. Харин тэрбээр өөрөө 3-16 насны дөрвөн хүүхдийн аав.

Б.Бямбасайхан дэлхийн стандартын тухай байнга ярьдаг. Монголчууд дэлхийн стандартыг нэвтрүүлж, ойлгож, түүнд хүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, төсөл хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж байж гэмээн дэлхийтэй өрсөлдөнө гэнэ. Манай сэтгүүлийн тусгай зөвшөөрлийн хүрээнд гаргадаг The Economist сэтгүүлийн “Дэлхий 2016” дугаарт ч стандартын тухай нийтлэл бичсэн. Мөн түүнчлэн монголчууд бид ойлголтын зөрүү ихтэй байгаа учраас зарим ажил урагш явахгүй байна гэж ярина. Ойлголтын зөрүүг арилгаж байж бие биенээ дэмжиж ажиллана гэж үздэг хүн. Тэр өөрөө дэлхийн стандартын боловсрол эзэмшиж, тэрхүү стандартаар дэлхийд ажиллаж байсан хүн. Тиймдээ ч өөрийн ажил болон бусад сэдвээр хэвлэл мэдээлэлд нээлттэй хандаж, үзэл бодлоо илэрхийлсэн ярилцлага мэдээлэл өгдөг нэгэн. Тиймдээ ч тэр дэлхийн стандартыг төрийн болон хувийн хэвшлийн компаниудад нэвтрүүлэхийг хичээж ажиллаж ирсэн бизнесмэн. Учир нь тэр өөрөө дэлхийн стандартын хүн юм.

Түүнийг 2014 онд Дэлхийн эдийн засгийн чуулганаас “Дэлхийн залуу манлайлагч”-аар тодруулсан билээ. Олон үзүүлэлтээр шалгаруулдаг энэхүү дэлхийн стандартад ч тэр тэнцэж чадсан юм. Тэрбээр Монголын төдийгүй дэлхийн залуусыг манлайлагч юм.

Олон улс оронд, олон улсын байгууллагуудад эх орны нэрийг гарган дэлхийн залуусыг удирдан манлайлан ажиллаж байсан нэгэн. Харин одоо Монголдоо гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн түрүүнд уулздаг, зөвөлгөө авдаг, ярилцдаг хүний нэг болсон байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө Монголын нэр нүүр болж, хөрөнгө оруулалтыг татахын төлөө, томоохон төсөл хөтөлбөрийг хөдөлгөж, хөгжлийг урагшлуулахын төлөө явдаг бизнесмэн болсон билээ. Монгол Улсын уул уурхай болон эрчим хүчний салбарын дэлхийд гарах том төслүүд бий. Тэдгээр төслийг хэрэгжүүлэхэд Бямбасайхан шиг залуусын эзэмшсэн мэдлэг боловсрол, туршлага маш чухал юм. Харин бид ийм залуусаа хардан сэрдэж, барьж хорьж дэлхийд, гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө муухай харагдах боллоо. Дүгнэлт хийх цаг иржээ.

Бид бүгд духан дээрээ Монгол гэдэг тамгатай. Тиймээс бид улам сайн ажиллаж хөдөлмөрлөх ёстой. Үүнээс цааш явах ёстой. Өөрсдөө сайн ажиллаж байж хүрээгээ тэлж, үнэ цэнээ бий болгох хэрэгтэй” хэмээн Дэлхийн залуу манлайлагч Б.Бямбасайхан залууст уриалсан билээ.